АНУ Афганистанаас цэргээ нэн даруй гаргана гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярьсан ярианыхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Афганистаны Засгийн газар энх тайвны үйл явцад тэргүүлэх байр суурь эзэлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өчигдөр /2020.03.01/ “Твиттер”-тээ “Өнөөдөр над руу Доналд Трамп залгаж, энх тайвны үйл явцад ахиц гаргасан өчигдрийн чухал үйл явдалд баяр хүргэсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Афганистаны Засгийн газрын тэргүүлэх үүрэгт болон хоёр улс энх тайвны үйл явцад дараагийн алхам хийх чадвартай гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн” хэмээн бичжээ.

Доналд Трамп мөн АНУ Афганистанаас цэргээ нэн даруй гаргаж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.

АНУ болон Афганистаны “Талибан” хөдөлгөөн өнгөрсөн сарын 29-нд Катарт энхийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өчигдөр /2020.03.01/ мэдэгдэхдээ “Энх тайван гэх нэрээр “Талибан”-ы 5000 хоригдлыг суллах боломжгүй. Энэ бол Афганистаны ард иргэдийн төлөөх хамгийн зөв шийдвэр” гэсэн билээ. АНУ хоригдлуудыг суллахыг дэмжиж байгаа ч шийдвэр гаргах эрх Афганистанд үлдсэн гэдгийг тэрбээр онцолсон.

АНУ болон Афганистаны “Талибан” хөдөлгөөний Катарын нийслэл Дохад гарын үсэг зурсан энхийн гэрээ нь олон жил үргэлжилсэн дайныг эцэс болгосон юм. Гэрээний дагуу алан хядагч бүлэглэлүүд АНУ-тай сөргөлдөхгүй. “Талибан” амлалтаа биелүүлбэл АНУ 14 сарын дотор Афганаас цэргээ татах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top