Саудын Арабт эргэлт хийхийг завдсан хааны гэр бүлийн гурван гишүүнийг баривчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 08

Саудын Арабын эрх баригчид хааны гэр бүлийн гурван гишүүнийг баривчилжээ. Хааны дүү 77 настай Ахмед Абдел-Азиз аль Сауд, хааны үеэл дүү Мухаммед ибн Наиф болон түүний дүүг хаан болон угсаа залгамжлах хунтайжийг төрийн эрхээс унагах хуйвалдаан зохион байгуулсан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж байна. Тэднийг бүх насаар нь хорих эсвэл цаазын ял хүлээж байна гэж The Wall Street Journal хэвлэлд мэдээлжээ.

Ажиглагчид энэ хэргийг угсаа залгамжлах хунтайж Мухаммед ибн Салман аль Сауд хаан ширээг залгамжлах нь тодорхой болсон хэдий ч түүний эцэг, 84 настай хаан Салман ибн Абдел-Азиз аль Сауд нас нөгчих эсвэл хаан ширээнээс татгалзах тохиолдолд хаан ширээг залгамжлахыг баталгаажуулж, эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан хэмээн сэжиглэж байна.

Хааны дүү Ахмед Саудын Арабын эрх баригчдын гадаад бодлогыг ихээхэн шүүмжилдэг бөгөөд сүүлийн хэдэн жил Их Британид амьдарч хоёр гаруй жил байгаад 2018 оны сүүлээр угсаа залгамжлах хунтайж сэтгүүлч Жамал Хашоггийн үхэлд буруутгагдаж байх үед эх орондоо буцаж иржээ. Угсаа залгамжлах хунтайж авга ахдаа таагүй хандах шалтгаан байсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Ахмед нь хаан ширээг залгамжлах асуудлыг эрхэлсэн хааны гэр бүлийн зөвлөлд ордог бөгөөд угсаа залгамжлах хунтайж Мухаммедыг хаан ширээг залгамжлахад тохиромжгүй гэж үзэж, түүнд үнэнч байх тангараг өргөхөөс татгалзаж байжээ. Тиймээс түүнийг угсаа залгамжлах хунтайжийн өрсөлдөгч гэж ярьдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top