Эрүүл мэндийн яамны ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд ажиллаж COVID-19-ын халдварын сэргийлэлт, хяналтын бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Ажлын хэсэг эхлээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Авто замын Шалган нэвтрүүлэх боомт дахь Гааль-Мэргэжлийн хяналтын алба, Хилийн мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторит хяналт шалгалтын ажил хэрхэн явагдаж байгаатай биечлэн танилцаж хилээр орох, гарах хөдөлгөөнд ажиглалт явуулсан бол хилийн зоонд байгаа тусгаарлах хоёр байрны үйл явцыг хянаж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллажээ. Ажиглалтын байранд аймгийн ЭМГ, сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд 14 хоногийн хугацаатай томилогдон ажиллаж байгаа бол цагдаагийн бие бүрэлдэхүүн 24 цагаар хяналт тавихаас гадна шаардлагатай тохиолдолд хяналтын камераар бүх үйл ажиллагааг давхар хянаж байгаатай танилцлаа.
Харин хоёр дахь өдрийн үйл ажиллагаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хэсэг, мөн Халдвартын тасгийн тусгаарлалтын хэсэг дэх шар, ногоон, улаан бүсийн үйл явцад хяналт тавьж ажиллажээ. Үүний дараагаар аймгийн Эрүүл мэндийн газарт ДЭМБ-ын зөвлөн туслах баг аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдэд халдварын шинж тэмдгийг хэрхэн таних, мөн халдвар дамжих зам, эрэмбэлэн ангилах, тусгаарлах, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, халдваргүйжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулж, мэдлэг, мэдээллээр хангаж үйлчилсэн байна.
Мөн тус ажлын хэсэг хоёр өдөр Сэлэнгэ аймагт ажиллахдаа #аймгийн Засаг дарга бөгөөд Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил, #Улсын онцгой комиссын гишүүн, MХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Ю.Ариунболд нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож харилцан ярилцжээ.
Сэлэнгэ аймагт ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяа, ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвжав, ДЭМБ-ын Зөвлөн туслах баг /ХБНГУ-ын Бэлэн байдлын багийн ахлагч Флориан Хауке, Хендрик Кирхнер, Семсид Кие, Жамил Мушолт/, ДЭМБ-ын ЭМАШТҮ хариуцсан мэргэжилтэн Б.Алтанзагас, МХЕГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч н.Ууганчимэг, ХӨСҮТ-ийн Тандалтын албаны тархвар судлаач н.Гэрэлцэцэг, ХӨСҮТ-ийн Тандалтын албаны тархвар судлаач М.Цолмон, орчуулагч #н.Эрдэнэсайхан, ДЭМБ-ын жолооч Д.Батманлай, Д.Нарандаш нар багтсан байна.
ЖИЧ: Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг өндөр зохион байгуулалтын дор ажиллаж байна гэж үнэлэв. Тэд аймгийн төвд хоёр өдөр ажилласны дараа Жавхлант сумын ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, Дархан-Уул аймгийг зорьсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
ДЭМБ өөрснөө яагаад маск зүүдгүйн бэ? өөрснөө үлгэрлэх ёстой биш үү?