БНХАУ-ын онцгой бүс Хонконгод нохойд хийсэн шинжилгээгээр "COVID-19" вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхий мал амьтны эрүүл мэндийн байгууллага(ДМАЭМБ)(OIE)-ын мэдээллийн санд бүртгэгджээ.
Вирусний халдвар илэрсэн нохойг 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр мал эмнэлэгт үзүүлсэн байна. Мал эмнэлгийн үзлэгээр тус нохойны хамар, ам, шулуун гэдэс, ялгадас зэргээс арчдас, дээж авч шинжилгээнд хамруулахад хамрын болон амны хөндийн дээжнээс оношлуураар "COVID-19" вирус илэрчээ. Нохойноос эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илрээгүй гэв.
Улмаар хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 02, 05-ны өдрүүдэд авсан нэмэлт шинжилгээгээр мөн "COVID-19" вирус илэрсэн байна. Одоогоор вирус илрүүлэх хугацааг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд мал эмнэлэг, хорио цээрийн хяналтад 14 хоног байрлуулах аж.