Коронавирусний халдварын голомт болох Хубэй мужийн Ухань хотод халдвар авсан хүмүүсийг тусгаарлах зорилгоор нээсэн түр зуурын 16 эмнэлгийн 14-ийг нь татан буулгажээ.
Түүнчлэн ажиллаж байсан 875 эмч, эмнэлгийн ажилчид коронавирусний халдваргүй болох нь тогтоогдсон байна.
Тэгвэл БНХАУ-ын дарга Си Жиньпин өнөөдөр /2020.03.10/ Ухань хотод үзлэг шалгалтаар очжээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр Си Жиньпин коронавирусний халдварын эсрэг авч буй арга хэмжээтэй танилцаж, эмч, цэргийн албан хаагч нар, нийгмийн ажилтнууд болон хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөнүүдтэй уулзсан байна.
Хятадад коронавирусний халдвараар 3136 хүн нас барсан билээ. Гэхдээ тус улсын коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн 70 гаруй хувь нь бүрэн эдгэрсэн талаар ДЭМБ-ын тэргүүн мэдэгдсэн юм. 80 мянга гаруй хүн өвчилсний 70 гаруй хувь нь буюу 58.6 мянган хүн эдгэрсэн байна. Хятадын мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт зургаадугаар сарыг хүртэл үргэлжилнэ гэсэн дүгнэлтэд хүрснээ зарласан билээ.