ЭМЯ: Цар тахал гэж зарласан ч хяналтдаа авах боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас ээлжит өнөөдрийн /2020.03.12/ мэдээллээ өгч байна.


ЭМЯ-ийн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар халдвар 117 оронд тархлаа. Сүүлийн өдрүүдэд Иран, Испани, Норвегид эрчтэй тархаж байна. ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусний халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж зарлалаа.

Ямар нэгэн өвчин дэлхий нийтийг өргөн хамарч тархахыг цар тахал гэж нэрлэдэг. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий нийтэд цар тахал дөрвөн удаа тохиолдсон. Хамгийн сүүлийн цар тахал нь А хүрээний томуу буюу гайхан томуу тархаж байсан. 1918 онд хамгийн олон хүнийг амийг авч одсон Испанийн томуу хэмээх цар тахал юм. Коронавирус өвчний тархалт цаашид нэлээн ноцтой байдал хүрч болзошгүй байгаа учраас цар тахал гэж үзсэн. Энэ цар тахал нь коронавирусээр үүсгэгдсэн анхны цар тахал юм.

Гэхдээ хяналтдаа авч болно гэдгийг ДЭМБ мэдэгдэж байна. Иргэд олон нийт сандрах хэрэггүй. Айдас түгшүүрт автаж болохгүй. Дэлхий нийт, олон улсын байгууллагууд хамтран эв нэгдэлтэй ажиллах нь чухал. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал учраас эрүүл мэндийн байгууллага толгойлон арга зүйгээр хангаж ажилладаг онцлогтой.

Халдвараас сэргийлэхийн тулд эрт илрүүлэх, оношлох, сэргийлэх, тархалтыг хянах гэсэн дөрвөн асуудалд анхаарах ёстой юм. Мөн хоёрдугаарт худал мэдээлэл тараахаас зайлсхийх ёстой” гэлээ.

Top