“Монголд халдвар тээж ирлээ” гээд сэтгэл нь тавгүй байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас ээлжит мэдээллээ өглөө. /2020.03.12/


Коронавирус өвчний халдварын шинжилгээ, Монгол Улсын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусний халдвартай нь тогтоогдсон франц иргэний ойрын хавьтал болох 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус өвчний халдвар илрээгүйг эхэлж мэдэгдье.  

 Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 11-нд мөн найман сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна.

Гуравдугаар сарын 11-нд "Багабаян" амралтад 31, “Бадрах Энержи” компанийн кэмпэд 64, Дархан-Уул аймагт  нэг, Дорноговь аймагт 35, Хэнтий аймагт хоёр, Орхон аймагт 11, Хөвсгөл аймагт хоёр, нийт 149 хүнийг ажиглалт, хяналтад аваад байна.

Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. Эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ, нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтворгүй, санаа зовсон байдалтай байгаа. “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Францад ч намайг Монголд халдвар тараалаа гэж ярьж байна" гэх зэргээр санаа нь зовж, өөрийгөө буруутгаж, сэтгэл нь тавгүй байна.

Эмчлэгч эмч нь зөвхөн хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй биш агаар дуслын замаар дамждаг халдвар тул тайван байх ёстой гэдгийг зөвлөж байгаа.

Хүний сэтгэл санаа тайван бус байх нь дархлаа бууруулдаг. Түүнд сэтгэл заслын болон бусад эмчилгээг хавсарч хийнэ.

Манай эмчилгээ, үйлчилгээ, эмчид итгэж байгаагаа хэлсэн. Эмчийн хандлагад эерэг хариу өгч байгаа нь сэтгэл санааг нь тогтворжуулж, эмчилгээнд эерэгээр нөлөөлнө.

Анх кемпэд тусгаарлахад үл тоож байсан бол одоо эмчтэйгээ ойлголцож, харилцаа хандлага нь өөрчлөгдсөн” гэлээ.

 

 

Top