Италид 60 жил хамт амьдарсан хос нэг өдөр КОВИД-19-өөр нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Италид өндөр настай гэр бүлийн хоёр шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нэг өдөр хоёр цагийн зайтай насан өөд болжээ.

Орон нутгийн Corriere Della Sera сонинд мэдээлснээр, Каррарагийнхан 60 жил хамт амьдарчээ. Нөхөр Лиужи Каррара нь 86 нас, гэргий Севера Белотти нь 82 насандаа аюулт цар тахлын улмаас өөд болсон байна.

Тэдний хүүгийн хэлснээр, өндөр настай хосууд найман өдрийн турш гэртээ өндөр халуунтай (39 хэм) өнгөрүүлсэн бөгөөд нөхрийг нь өнгөрсөн бямба гарагт, эхнэрийг нь өнгөрсөн ням гарагт эмнэлэгт хүргэсэн гэнэ.

“Сайн уу, аав, ээж ээ. Энэ вирус та хоёрыг минь нэг өдөр авч одлоо. Сонирхолтой нь тэр дээр та хоёр маргалдсан хэвээр байх болов уу? Тийм гэж бодож байна. Гэхдээ энэ маргаан тэврэлтээр дуусах болно” гэж тэдний хүү Лука Каррара өөрийн Facebook-тээ бичжээ.

Тэрбээр хэдийгээр вирус зөвхөн өндөр настай хүмүүст аюултай гэж хүн бүр ярьж байгаа ч хүмүүс бүгд гэртээ үлдэх нь чухал байна гэж онцолжээ.

Италид Европын бусад улс орныг бодвол цар тахлаас үүдэлтэй нөхцөл байдал хүнд байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн корнавирусээр 15 мянга  гаруй хүн халдварлаж, 1016 хүн нас баржээ.

Top