БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу, бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.
1. Тусгай нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд БНСУ-даа коронавируст халдварын шинжилгээнд заавал орсон байх шаардлагатай.
2. Иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 700000 төгрөг байна.
3. Сөүлээс эхний нислэгээр ирэх бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлана. Цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг Улаанбаатарт байгаа ар гэр нь урьдчилан бэлтгэж, нислэгээс өмнө дээрх байранд хүргэж өгсөн байна.
4. Нийт зорчигчийн ачааг нисэх буудлаас ар гэрийнхэн нь ирж авна. Тухайн зорчигч зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очно.
5. Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өвчний талаарх мэдээлэл, тухайн иргэний Монголд байгаа ар гэртэй холбоо барих мэдээллийг ЭСЯ–наас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор Улсын онцгой комиссын шуурхай штабт ирүүлнэ.
6. Тусгай нислэгээр нутаг буцах иргэд эрүүл мэндийн асуумжийг санаатайгаар худал бөглөх, халдварт өвчтэйгөө нуух, улмаар бусдад халдаасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” гэсэн үндэслэлээр 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттайг анхаарна уу.
7. Коронавирусын халдвар дэлхийн 100 гаруй улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарласан. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул Улсын онцгой комиссын шуурхай штабаас гаргасан шийдвэр, шаардлагуудыг Монгол Улсын иргэд хатуу мөрдөж биелүүлэх шаардлагатай.
Жич: Холбогдох мэдээллийг 18001105, 51-262022 тоот утаснаас лавлах боломжтой.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ