“Нэг, хоёр дахь хавьтлын 400 гаруй хүнээс шинжилгээ авсан”

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас ээлжит /2020.03.13/ мэдээллээ өглөө.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Батлагдсан хавьтлын ойрын хавьтал болох “Оюутолгой” ХХК-д тусгаарлагдсан долоон хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлд гарсан хариу юм. Бид ойрын хавьтлын нийт 215 хүний шинжилгээний хариуг гаргалаа. Халдвар илрээгүй. Нийт 415 хүнийг ажиглалтад авч ажилласан. Цагдаа, хүчний байгууллагатай хамтарч, түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Гуравдугаар сарын 12-нд нэг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.

Өчигдөр Дархан-Уул аймагт 10 хүнийг ажиглалтад оруулсан. Мөн өчигдөр хоёр хүнийг тусгаарлаж, тандалт судалгаа хийж байна.

Өнөөдөр өглөө Дорноговь аймгаас 54 хүний сорьц ирсэн. Энэ нь ямар учиртай гэхээр батлагдсан тохиолдол маань шинж тэмдэг илэрснээс хойш халдвар дамжих магадлал өндөр учраас дээрх хүмүүсээс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Энэ дагуу шинжилгээний сорьц ирсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын болон хоёр дахь хавьтлын 400 гаруй хүнээс шинжилгээ авч, ажиглалт хийлээ” гэв.

Top