Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэгийн онгоц өнөөдөр /2020.03.16/ 08:55 цагт хөөрлөө.
Шинэ төрлийн корона вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.
Эхний ээлжид өчигдөр БНСУ-аас эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай эхний 244 иргэнийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр эх оронд нь авчирлаа.
Мөн өнөөдөр /2020.03.16/ 08:00 цагт Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Тус нислэгээр Монгол Улсын 231 иргэн эх орондоо ирлээ.
Түүнчлэн Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 06:30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10:00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11:40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна.
Москва-Берлин, Токио, Истанбул хотууд руу тус бүр нэг удаагийн нислэг гүйцэтгэх бөгөөд эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна.
Олон улсын нислэгүүдийг түр зогсоосонтой холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй болоод байгаа гадаадын иргэдийг тухайн улсын Дипломат төлөөлөгчдийн газруудын албан ёсны хүсэлтийн дагуу дээрх нислэгүүдээр нэн түрүүнд тээвэрлэх бөгөөд гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг мөн Улаанбаатараас тээвэрлэх юм гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
berlin.mosckva ,gin ongots enhbayariig avchrah gj yavsiimuu