Эрүүл мэндийн яамнаас “Ковид - 19” халдварын нөхцөл байдал, түүнийс сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.03.20/ мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 17-нд Москва - Берлин - Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн халдвар авсан иргэдийн хавьтал болох иргэдийн 75 хүнээс нь шинжилгээ авсан. Халдвар илрээгүй. Үргэлжлүүлэн 156 иргэнээс шинжилгээ авч байна.
Мөн Истанбул хотоос ирсэн 24 хүнийг шинжилгээнд хамруулсан. Коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт гурван сэжигтэн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.
Гуравдугаар сарын 19-нд буюу өчигдөр Хэнтий аймагт нэг иргэнийг тусгаарласан. Сорьц Улаанбаатар хот руу ирж байгаа. Энэ хүн нь Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн. Автобусанд хамт ирсэн 24 иргэнийг ажиглалтад авсан” гэлээ.
Монгол Улсад коронавирус өвчнөөр халдварласан зургаан иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний нэг нь Франц улсын иргэн бол бусад нь Монгол Улсын иргэд юм.