"Иргэд сонор сэрэмжтэй байснаар халдварыг хяналтдаа авч чадсан"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний тархалтын  нөхцөл байдлын талаар ээлжит өнөөдрийн /2020.03.22/ мэдээллийг өглөө. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ариутгал, халдваргүйжүүлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийв. 


Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах “Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сүүлийн өдрүүдэд гадаадаас тусгай үүргийн дөрвөн удаагийн онгоцоор ирсэн 983 хүнийг эцсийн халдваргүйжүүлэх ажлыг хийсэн. Гар утас, эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, гадаад паспорт, ачаа тээшийг нь ариутгаж ажиллав. Мөн тээвэрлэн ирсэн нисэх онгоц, тээвэрлэсэн автобус, тусгаарласан байруудад халдваргүйжүүлэх ажлыг хийж байна. Хамгийн сүүлд гэхэд шинээр өвчлөл нь тогтоогдсон иргэдийн байрлаж байсан байр, буудал, эдэлж хэрэглэж байсан зүйлийг халдваргүйжүүлэх ажил хийж ажиллалаа.

Орон нутагт мөн салбар төвүүд зогсоо зайгүй ажиллаж байгаа. Сэлэнгэ, Баян-Өлгий аймгуудад манай мэргэжилтнүүд өндөр ачаалалтай ариутгал, халдваргүүжүүлэх ажлыг хийж байна.

Энэ сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төв, ХӨСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтүүдэд сургалт хийлээ. Өнгөрсөн хугацаанд халдвартай тэмцэхэд ерөнхийлөгчөөсөө эхлээд иргэд маань сонор сэрэмжтэй байж халдварыг тархаахгүй барьж чадсан.

Дэлхий нийт эргээд Монголын жишгийг харж байна. Анх халдвар тархсан БНХАУ-тай шууд хиллэдэг ч халдвар тархаахгүй сайн ажиллаж байгаа нь жишиг болж байгаа. Энэ нь юутай холбоотойг гадныхан сонирхож, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хяналт шалгалтын үйл ажиллагаанд анхаарал хандуулан харж байгаа. Ер нь Монголчууд маш сайн зохион байгуулалтад орж ажиллаж байгаа талаар гадныхан бичиж байна. Тэр байтугай нисэх дээр маскгүй ирэхэд маск өгөөд, шалгаж буй талаар гадныхан бичсэн байна.

Бид энэхүү хяналт, шалгалтаа сайн тавьж, хариуцлагатай хэвээрээ ажиллаж чадах юм бол хохирол багатай гарч чадна гэж үзэж байгаа. Монголчууд аав, ээж, ах дүү, төр засгийнхаа бодлого шийдвэрийг дагаж чаддаг ард түмэн юм. Үүнийг биднээс илүүтэй гадныхан мэдэрч байна.

Бид эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг сайн мэдэж байгаа. Айл өрх бүрт эрүүл мэндийг хамгаалахад ээжүүдийн үүрэг чухал байдаг. Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг биелүүлэхэд ээжүүд онцгой анхаарахыг хүсэж байна. Мөн айлууд худалдаа үйлчилгээ, олон нийтийн газар руу хариуцлагатай нэг хүнээ явуулдаг баймаар байна. Тухайн хүн нь бээлий өмсөөд, амны хаалтаа зүүгээд хоёр метрийн цаанаас үйлчилгээ авах ёстой. Тэгээд гэртээ ирээд бээлий, амны хаалтаа ном журмын дагуу тайлаад, гараа ариутгаад ордог байвал халдвараас бүрэн хамгаалж чадна” гэв. 

 

Top