COVID-19: Эшли Янгийн энгийн бөгөөд хэрэгтэй зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 28

Шинэ төрлийн коронавирусний голомтод амьдарч байгаа Английн хөлбөмбөгч  Эшли Янгийн хэн бүхэнд хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Эшли Янг одоо Италийн Милан хотын “Интер” багт тоглож байгаа.

Миланд хатуу хориг тогтоож, хүмүүсийг гадуур явахыг хориглосон. Эшли твиттер хуудсаараа дамжуулан, коронавирусний халдвараас хэрхэн урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө өгчээ.

•‎‎ Хамгийн аюултай газар бол – супермаркет.

“Дэлгүүрт хүмүүс халдвар авахаас гадна өвчтэй хүмүүс бусдадаа тараах эрсдэл хамгийн өндөр. Англид байгаа найз, гэр бүлтэйгээ утсаар ярихад бүгд дэлгүүрт дугаарлаж, хүнс хоол цуглуулж байгаа гэнэ. Хүмүүс ээ, өөрийгөө тусгаарлана гэдэг тусдаа байх ёстой гэсэн үг шүү дээ. Италид дэлгүүрт нэгэн зэрэг байх хүмүүсийн тоог хязгаарлаж байгаа болохоор дараалаад байгаа зүйл алга. Айл өрхөөс нэг хүн ирээд гэр бүлийнхээ хоол хүнсийг цуглуулдаг”

“Кассанд зогсохдоо зайтай зогсоорой. Ардаа дэлгүүрийн түрдэг тэрэг байлгавал хүмүүс шахцалдаад ойртож ирэхгүй. Харин урдаа та өөрөө зайгаа барьж зогсоход болно. Бараагаа тэрэгнээс гаргахдаа бусад хүний бараанд хүргэж болохгүй, хол тавь”

• Зайгаа барь

“Лифтэнд орох хэрэг гарвал 1-2 хүнтэй л цуг ор. Ороод бүгд өөр өөр буланд очиж, хана руу харан зогсох хэрэгтэй. Танихгүй хүн рүү харан амьсгалж болохгүй. Хэрэв лифтэнд олон хүн орвол үлдээд шатаар алхсан нь дээр”

• Машинаар л явж, бээлий байнга өмс!

“Бусад хүний хүрсэн зүйлд бүү хүр. Машиндаа буцаж очтолоо байнга бээлийтэй байгаарай. Үргэлж маск, эсвэл ороолтоор ам, хамраа тагла”

• Хорионд байх үеийн гол дүрэм бол бүхнээс сэжиглэ

“Хатуу ширүүн сонсогдож болох ч гэр бүлийнхнээсээ бусад бүх хүнийг халдвартай гэж үзэж, харьцах хэрэгтэй. Үнэндээ тэднийг эрүүл, өвчтэй эсэхийг та мэдэхгүй шүү дээ. Энэ бол хэт муухай үйлдэл биш, аюулгүй байдлаа хангах арга хэмжээ юм. Үүнд аймшигтай зүйл байхгүй. Ингэж байж л та өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ амь насыг хамгаалж чадна”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top