Олимпын аварга Бореро коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 02

Сонгомол барилдааны Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга, Панамерикийн зургаан удаагийн аварга Исмаэль Бореро коронавирусний халдвар авч, эмчлүүлж байна гэж Кубын хэвлэлүүд мэдээллээ.
 

Бореро гуравдугаар сарын эхээр Канадын Оттавад явагдсан сонгомол барилдааны Панамерикийн АШТ-ий 67 кг-ийн жинд түрүүлсэн. Тэмцээний дараа тэрбээр Оттавад Кубын шигшээ багийн хамт үлдсэн. Гэхдээ долоо хоногийн дараа болсон олимпын эрхийн тэмцээнд оролцоогүй юм. Учир нь Бореро өнгөрсөн жилийн ДАШТ-д түрүүлж, олимпын эрхээ авчихсан билээ.

Гуравдугаар сарын 17-нд түүнийг Кубад харьсны дараа халдварын шинж тэмдэг илэрч, 28-нд коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон. Олимпын аварга одоо Хавана хотын эмнэлэгт эмчлүүлж байна.

Кубын шигшээ багаас шинжилгээ авч, дөрвөн бөхийг эмч нарын хяналтад оруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top