Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусний цар тахал бүхий улс орнууд хөл хорио, тусгаарлалтыг цуцлах нь халдварын тархалтыг улам нэмэгдүүлнэ гэдгийг анхаарууллаа.
Халдвар анхлан дэгдэж эхэлсэн нэгдүгээр сараас хойш коронавирусний улмаас 102.7 мянган хүн эндээд байна.
“Зарим улсууд гэртээ байх, өөрийгөө тусгаарлах зохицуулалтыг бууруулахаар төлөвлөж эхэлсэн гэдгийг ойлгож байна. ДЭМБ ч аажимдаа дээрх зохицуулалтыг цуцлахыг дэмжиж байгаа. Гэвч ойрын хугацаанд дуун дээр нь шууд энэ зохицуулалтыг цуцлах нь эрсдэлийг улам нэмэгдүүлж, үүнээс ч хэцүү нөхцөл байдалд хүргэнэ” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом ярьжээ.
АНУ-д халдварын тархалт болон вирусээс шалтгаалсан эндэгдэл нэмэгдэж байгаа ч зарим мужууд өөрийгөө тусгаарлах зохицуулалтыг алгуур бууруулахаар төлөвлөж байгаа юм. Гэсэн хэдий ч АНУ-ын анагаахын мэргэжилтнүүд гэртээ байх, өөрийгөө тусгаарлах зохицуулалтыг цуцалж болохгүй гэдгийг анхааруулсаар байна.
Европын хэд хэдэн улс тухайлбал Дани, Польш зэрэг улсууд олон нийтийн газруудыг хэсэгчлэн нээж, гэртээ байх, тусгаарлах зохицуулалтаа эргэн харахаар төлөвлөж буйг CNN агентлаг онцолжээ.
Эх сурвалж: Guardian