Цахим нэртэй ЦААС

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Цар тахлын энэ үед хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдаж байгаагаас зарим нэг ажил цалгардах тохиолдол гарч байгаа. Ялангуяа бичиг цаастай холбоотой, заавал иргэн өөрийн биеэр очиж гарын үсэг зуран баталгаажуулах зүйлүүд байдаг. Харин энэ нөхцөл байдлыг харгалзан төрийн үйлчилгээний онлайн системээр дамжуулан гарын үсгийг ашиглах саналыг ОХУ-ын Харилцаа, холбооны яам санал болгожээ.

Харин манай улсын хувьд иргэдээ “цахим” үнэмлэхтэй болгоод арван тав, зургаан жил болж байгаа.

Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл өнөөх иргэний үнэмлэх маань “цахим” нэрнийхээ шаардлагыг хангахгүй л байна. Интернэт дэлхий нийтийг улам л хавтгай болгож, хол ойрын ялгал үгүй болгож байгаа энэ үед хөөрхий бидний монголчууд л “цахим” нэртэй үнэмлэхээ хуулбарлаад өөрийн биеэр очиж байхад төрийн албаны том дарга нар нүднийхээ булангаар хальт харчихаад “нотариатаар батлуулж" ирэхийг үүрэгдэнэ.

Өөрийнхөө өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч явуулж байгаа бол өөр хэрэг. Амьд дүрээрээ өөдөөс нь хараад байхад л үл итгэсэн харцаар харсаар байдаг юм. Дээрээс нь төрийн үйлчилгээг цаг алдалгүй иргэдэд хүргэх зорилготой ТҮЦ машин байна. Уг нь энэ машин бүртгэлтэй хурууны хээгээр ажилладаг. Гэвч хорооны, үл хөдлөхийн гэх мэт бусад тодорхойлолтуудыг авахын тулд мөн л “цахим” үнэмлэхгүй бол худлаа.

Замын цагдаагийн алба хаагчидтай бол яриад ч нэмэргүй. Албан журмын даатгалаа сайтаар нь орж хийлгэчихээд алгын чинээ цаасан дээр бичүүлж авч яваагүйн төлөө шууд л торгоно. Жолооны үнэмлэхээ орхисон бол мөн л торгоно. Хурууны хээ, регистерийн дугаараар шалгах тухай ямар ч ойлголт байхгүй мөртлөө камераар дүрэм зөрчсөнийг илрүүлээд бүгдийг нь бичээд торгуулиа шуудангаар явуулчихаж байгаа юм. Төрийн байгууллагууд цахим хаягтай болсон ч цаасандаа даруулсаар байгааг энд бичвэл сонины зай багадна. Энэ мэтчилэн “цахим” гэсэн сайхан нэртэй ч цааснаасаа салаагүй олон зүйл байсаар, үүнийгээ нэг мөр шийдье гэж төр засаг нь бодлого ярихгүй байхад гарын үсгээ цахимаар шийдэж болох тухай дэлхийн улс орнууд ярьж байгааг юу ч гэе дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top