Г.Уянга: Цахим хичээлийн давуу тал нь өөрийнхөө хурдаар хичээллэх боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Дэлхий даяараа цар тахлын улмаас цахим хичээлийн горимд шилжсэн. Энэ нь манай орны хувьд төдийгүй олон улс оронд шинэ сорилт, шинэ туршлага болж байгаа юм. “Тод гэрэлтэх бүсгүй” номын зохиогч, Философийн ухааны доктор, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Г.Уянгатай цахим хичээлийн тухай болон оюутан суралцагч нарын боловсролын чиг хандлагын талаар ярилцлаа.


-Дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас боловсрол олгох арга барил цахим хэлбэрээр явагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Онлайн сургалтад манай багш нар болон суралцагчид анх удаа шилжиж үзлээ. Алдаа, оноотой зүйлс бий л байх?

-Боловсрол гэдэг амьд харилцаан дээр үндэслэдэг. Багш суралцагчийнхаа царай төрх, үзүүлж буй нүүрний хувирал, биеийн хэлэмж, харцнаас хичээлээ ойлгож байна уу, үгүй юу гэдгийг шууд хараад мэднэ. Мөн суралцагчид нэг нэгнээсээ суралцах, нийгэмд дасан зохицох, өөрийгөө илэрхийлэх гээд тал бүрийн харилцаанд оролцдог. Гэтэл цахимаар энэ бүхнийг нь мэдрэх, мэдэх боломжгүй. Цар тахал гарснаар нийгмийн харилцаа хумигдаж, онлайн сургалтад дэлхий нийтээр шилжсэн. Дэлхийн улс оронд онлайн сургалт бага багаар хэрэгжиж байсан ч, манай орны хувьд үүнд бэлэн биш байсан. Боловсролын арга барил өмнө нь шавь төвтэй явагдаж байсан бол энэ цаг үед эсрэгээрээ явагдаж байна. Энэ бүхэн багшдаа ч тэр, оюутандаа ч тэр шинэлэг үзэгдэл учраас алдаатай ч зүйл бий, оноотой ч зүйл бий. Тиймээс аль аль нь үүнийг давуу тал гэж харан өөрийгөө хөгжүүлэх суралцах зайлшгүй шаардлага гарч байна.

-Тэгвэл цахим сургалтын давуу талыг багш хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Орчин үед ганцаарчилсан сургалтаас татгалзаж багаар суралцахыг илүүд үздэг болсон. Ганцаарчилсан сургалт нь бусдаас болон практикаар суралцахад хаалттай байдаг. Сурахуй гэдэг хоёр талын идэвх зүтгэл учраас аль аль нь хариуцлагатай хандахгүй бол энэ үе бол маш эмзэг үе. Онлайн сургалтын давуу тал гэвэл техник технологийн мэдлэгийг хөгжүүлж байна. Нэг хичээлийг олон талаас заах арга барилыг суулгаж байна. Багш самбарын өмнө ярихаасаа илүүтэй тухайн мэргэжил нь амьдралын хөрсөн дээр хэрхэн буух вэ гэдгийг суралцагч нартаа ойлгуулах тал дээр ажиллаж байна. Мөн салбар салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч нэгэн цул болж хичээлийнхээ программыг боловсруулж сурч байна. Суралцагчдын хувьд хичээлийн нэг цаг 30 минутад болон анги танхимд баригдахгүйгээр далайцтай өргөн мэдлэгийг практик дээр өөрөө бие даан суралцах боломжийг олгож байна. Илүү өргөн мэдлэгийг нэмж судлан өөртөө шинэ нээлт хийж, хичээлээ жаргалтай хийж байгаа хүүхдүүд ч байна. Сурахуй гэдэг зовлонт үйл явц биш шүү дээ. Онлайн хичээлийн давуу тал нь өөрийнхөө тааваар, өөрийнхөө хурдаар жаргалтай хийх боломжтой.

-Хорио цээрийн үе хүн төрөлхтөнд олон зүйлийг шинээр нээж ухааруулж байна л даа. Боловсролын түвшинд юу чухал гэдгийг харуулж байна вэ?

-Оюутнууд маань хорио цээрээс өмнөх үед семинарын хичээл дээр хиймэл оюун ухааны талаар ярилцахад “Робот багштай бол сайхан аа. Робот багш хэзээ ч ядрахгүй, уурлахгүй. Сургууль дээрээ хэзээд ирсэн байж л байдаг. Нэг л удаа төлбөр төлж худалдаж авдаг тул сургуулийн төсвийг ч хэмнэнэ. Энэ нь сургалтын төлбөрт ачаалал үүсгэхгүй” гэх мэтээр хариулдаг байв. Харин хоёр сарын хугацаанд онлайнаар сургалт явагдсаны дараа “Робот багштай байх нь тийм ч таатай биш юм байна. Слайд, видео зэрэг олон хэлбэрээр хичээлээ судалж байгаа ч багштайгаа бодитоор харилцсанаас үр дүн муу байна. Тухайн үед ойлгоогүй зүйлээ лавлаж асуух боломжгүй байгаа нь сургалтын идэвхийг сааруулж байгаа юм. Ганцаараа дагнан суралцах нь харилцааны болон хэл ярианы чадвараа нэмэгдүүлэхэд хангалттай дэмжлэг болохгүй юм байна” гэхчлэн хариулж байсан. Өөрөөр хэлбэл, мэдээллийг ухаалаг төхөөрөмжүүдээр дамжуулан оюутанд хүргэж буй хэдий ч “хүмүүс хоорондын амьд харилцаа” байхгүй тул энэ нь хангалттай мэдлэгийг авах боловсрол байж чадахгүй нь харагдаж байна. Прагматик философид “хүний сурахуй бол хамтын шинжтэй, туршлагаа бодитоор солилцох үйл явц” гэж үздэг. Хүн ганцаараа бие даан сурах гэхээс илүү бусадтай харилцах замаар сурах нь нийгэмшилд хувь нэмэртэй гэж буй юм. Энэ утгаар онлайн сургалтын үед “хамтын сурахуй”, “бодит туршлага”, “амьд харилцаа” үгүйлэгдэж байна.

-Цахим хичээлд оюутан суралцагчид бүрэн хамрагдах боломж хомс байх шиг. Ялангуяа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдэд?

-Боловсрол өөрөө нээлттэй байх ёстой гэсэн үзэл санаа цахимжсанаар “хаалттай” болчихоод байгаа юм. Төлбөрөө яаж ийгээд төлчихсөн айл өрх олон. Тийм айл өрх хүүхдээ өндөр үнэтэй гар утас хэрэглүүлэх, өндөр хурдны дата авч өгөх боломж хомс. Тиймээс хүүхдүүд хичээлдээ жигд хамрагдаж чадахгүй байна. Төв суурин газар суралцаж байгаа хүүхдүүд гэртээ интэрнэт, техник хангамжийн хувьд арай өөр л дөө. Зарим сургуулийн хичээлд хамрагдалт 60 хувьтай байхад зарим сургууль 80 хувьтай  хамрагдаж байна. Зарим хүүхдүүдтэйгээ утсаар ч холбогдож чадахгүй байна. Арай чүү аав, ээжтэй нь холбогдож асуухаар адуугаа аваад оторт гарсан, хониндоо явсан гэдэг. Зарим нь долоо хоногт нэг удаа сумын төв орж багштайгаа холбогдож байна. Зарим нь тухайн цаг үед хийж амжаагүй хичээлээ араас нь гүйцэж хийчихээд багш руугаа явуулж байна. Дадлагад гарахгүй байна гэдэг хүртэл хүүхдүүдэд алдагдал хохиролтой л юм.

Өмнө нь хүүхдээ зурагт бага үз, интернэт бага ор гэдэг байсан бол одоо зурагт үз, интернэт орж хичээлээ хий гэдэг болсон. Цаг үеийн байдлаа дагаад ч тэр, техник технологийн хөгжлөө дагаад ч тэр бүх юм эсрэгээрээ эргэж байна. Энэ үед аав, ээжүүд зохист хэмжээг баримталж тохиролцож, хүүхдээ хянаж, оролцож сургах үүрэгтэй. Тэр тусам гэрээрээ суралцаж байгаа энэ үед эцэг, эхчүүдийн үүрэг хэд дахин нэмэгдэж байгаа.

-Онлайнаар хичээллэж байгаа энэ үед эцэг, эхчүүдийн оролцоо, хяналт, шахалт шат шатны боловсролд чухал даа?

-Өмнө нь хүүхдээ зурагт бага үз, интернэт бага ор гэдэг байсан бол одоо зурагт үз, интернэт орж хичээлээ хий гэдэг болсон. Цаг үеийн байдлаа дагаад ч тэр, техник технологийн хөгжлөө дагаад ч тэр бүх юм эсрэгээрээ эргэж байна. Энэ үед аав, ээжүүд зохист хэмжээг баримталж тохиролцож, хүүхдээ хянаж, оролцож сургах үүрэгтэй. Тэр тусам гэрээрээ суралцаж байгаа энэ үед эцэг, эхчүүдийн үүрэг хэд дахин нэмэгдэж байгаа. Гэрт тавьж байгаа шаардлага, сургуулийн орчинд тавьж байгаа шаардлага хоёр зөрөөд л эхэлбэл хүүхэд юу ч сурахгүй. Аав, ээжүүд хүүхдийнхээ хажууд багшийг нь шүүмжилж огт болохгүй. Хүүхдийнхээ ирээдүйд боддог л бол онлайн хичээлийг нь, гэрийн даалгаврыг нь цаг зав гаргаж харилцан ойлголцож хийлгэх хэрэгтэй. Энэ магадгүй оюутнуудад ч хамаатай.

-Та саяхан дуучин Ч.Уранхолбоо болон боловсролын удирдлагын доктор Б.Нарантунгалаг нартай хамтарч “Тод гэрэлтэх бүсгүй” нэртэй ном гаргасан. Энэ номд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ, хүүхдийнхээ боловсролд хэрхэн анхаарах вэ зэрэг асуудлыг хөндсөн шүү дээ?

-Хүүхэд гэдэг цагаан цаасан дээр хөгжих боломжийг нь хангаж өгөх л чухал. Үүний нэг жишээ нь, эерэг зуршлыг хүүхдэд суулгах юм. Зуршил гэдэг өөрөө хүчин чармайлт гаргахгүйгээр суралцахуйгаа удирдаад аваад явчихдаг. Хэрэв сөрөг зуршилтай болчихвол маш их хүчин чармайлт гаргаж, сөрөг мэдрэмжийг өгдөг. Үүнтэй уялдуулаад хэлэхэд танхимын сургалт гэдэг тогтсон цагтай, хичээлийн хуваарьтай байдаг бол цахим хичээлийг хүн ямар ч үед хаа ч хийж болдог. Тиймээс хүүхэд бүр өөртөө зуршил тогтоож суралцах нь онлайн сургалтад ач холбогдолттой юм. 

-Хичээлээ онлайнаар заах болсноор багш нарт ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

-Маш их нэмэгдсэн. Багш 24 цагаар тасралтгүй мэдлэг олгох хэрэгцээ гарч байна. Хүүхдүүд ойлгоогүй зүйлээ асуух гээд хүн нэг бүртэй ажиллах шаардлага гарч байгаа учраас 24 цаг онлайн байх хэрэгтэй болж байна. Өмнө нь танилцуулга бэлдэж дэлгэцээр үзүүлдэг байсан бол одоо аудио, видео болгож заах шаардлага тулгарч байна. Багш нар техникийн хурдыг гүйцэхээр араас нь чадах ядахаараа хөөж байна даа. /инээв/ Мөн сургалтад ашиглагдах ном нарын авлагыг скайнердаж явуулах, заримыг өөрөө шивэх гээд ажиллагаа их л байна. Зарим тохиолдолд оюутнуудаасаа ч суралцах үе гардаг шүү.

-Оюутнууд сургалтын төлбөрөө буцааж авмаар байна гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ тал дээр багш хүний бодол?

-Оюутнууд төлбөрөө авлаа гэхэд ахиад л улирч суралцах, цаг хугацаа алдах хэрэг гарна шүү дээ. Багшдаа шаардлага тавиад бүхий л нөөц бололцоогоо ашиглаад суралцаад төгс гэж хүсмээр байна. Оюутнууд огт хичээлээ хийгээгүй бол багш нар зохиомлоор дүн тавих боломжгүй.  Нэг жилийн өмнө төгсөөд ажлын зах зээл дээр гарахад өрсөлдөөн арай цөөн байна аа л гэсэн үг. Энэ жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 57 их дээд сургуулиас 20 мянган оюутан төгсөж байгаа. Энэ жилийн нэгдүгээр ангид  80 мянган хүүхэд элсэн орсон гээд бодохоор  төгсөгчдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай. Хүмүүс диплом авсандаа биш аваагүйдээ л харамсдаг байх гэж бодож байна. Сурахаа хойшлуулна гэдэг наанадаж сэтгэлгээний хурд, биологийн нас, амьдрал ахуй гээд олон хүчин зүйлтэй тулгарна гэсэн үг.

-Энэ дашрамд төгсөж буй оюут­нууддаа ажлын байран дээр гараад хамгийн их анхаарууштай зөвлөгөө өгвөл?

-Сүүлийн 10 жил багшилж байхад төгссөн хүүхдүүд дөнгөж төгсөөд ажлын байран дээр очингуутаа цалинг нь голоод гарчихдаг байдал анзаарагдсан л даа. Хүн гэдэг ажиллаж байж туршлага, мэдлэг хуримтлуулдаг учиртай. Тиймээс эхний хэдэн жил цалингүй ч гэсэн ажиллаад л байх хэрэгтэй. Боловсролын пракматик үзэл бол хүнийг амьдралд бэлддэг биш амьдрах чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой. Хүүхдийг сургууль төгсөхөөр нь амьдралын далайд орлоо гэж ярьдаг нь буруу. Угаасаа л хүүхэд төрсөн цагаасаа л эхлээд амьдралын далайд орсон байдаг. Харин цаашид амьдралынхаа чанарыг өөрчилж, сурсан мэдсэнээ зарж чаддаг, хөрвөх чадвартай байхыг л хүүхдүүд суралцах нь чухал. Мэдлэгээ олон салбарын уулзвар дээр зарах боломжтой байдаг. Жишээ нь, би философийн ухааны чиглэлийн хүн. Энэ мэдлэгээрээ салбар, салбар руу хөрвөх боломжийг харж байна аа гэдэг маань мэдлэгээ зарах буюу амьдралынхаа орлогын эх үүсвэрийг олох арга ухаан юм.

-Цар тахлын үед цахимаар суралцаад дипломоо гардаж байгаа төгсөгч нар өмнөх жилүүдийн төгсөгчдөөс чанарын хувьд өөрчлөлт гарах болов уу?

-Мэдээж гарна. Дэлхий нийтээр бид нэгэн түүхийг туулж, шинэ хуудсыг нээж байгаа болохоор дараа, дараагийн он жилүүдэд туршлага болж үлдэх юм даа. Ер нь коронавирус намар гэхэд бүрэн арилчихна гэж хэн ч амлаагүй байгаа. Тиймээс хөл хорио сунгагдахгүй гэсэн баталгаа ч байхгүй. Оюутан залуус маань байгаа байдалдаа зохицоод хийх юмаа хийгээд, сурах ёстой хичээлээ сураад, төгсөхдөө шамдах л хэрэгтэй. Философийн ухааны доктор Ц.Нямсүрэн “Коронавирустэй хамт зохицон амьдарч сурцгаая” гэж уриалж байгаа шүү дээ. Энэ вирус бидэнтэй зэрэгцэн оршино гэдгийг ч дэлхий нийт хүлээн зөвшөөрч эхэлчихээд байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анука(64.119.21.25) 2022 оны 04 сарын 29

Эгчдээ амжилт хүсья

2  |  1
Zochin(103.26.193.55) 2022 оны 04 сарын 29

Nvdend dulaahan bvsgvi bn

2  |  1
1(202.126.88.196) 2022 оны 04 сарын 29

Эрхэмсэг бүсгүйд баяр хүргье

2  |  1
Top