2018 оны арванхоёрдугаар сар. “...Улсын мөнгөнд гар дүрсэн хүнийг өнөөдөр хууль шийтгэхгүй байсан ч хувь заяа нь шийтгэнэ”. Салбарын сайдаар томилогдоод удаагүй эрхмийн ийм гарчигтай ярилцлага манай өдөр тутмын нэгэн томоохон сонинд онцгойлон гараадахав. Үндсэн хуульд “Монгол Улсад төр нь шашныг хүндэтгэнэ, шашин нь төрийг дээдэлнэ” гэж заажээ. Тэгэхээр төрийн тахилга гэх мэтийг Монголын төр шашныг хүндэтгэж байгаагийн илрэл юм гээд ойлгочихож болно. Гэвч өнөөдөр уг заалтын үндсэн утга нь эсрэгээрээ эргэчихээд байна. Харин одоо төрийн сайдын хэмжээнд сэтгэж урлан хэлсэн үгнийх нь учрыг ухан ойлгохыг хичээе. Өнөөгийн буюу амьд ахуйд дийлээгүй хууль нь нөгөөх хийсвэр, амьгүй ертөнцөд үйлчилж, хэрэг хийсэн нөхрийг шийтгэнэ гэсэн санаа нь тодорхой уншигдаж байна. Магадгүй, энэ утга Монголын улс төрд нүүрлэсэн эмгэнэлт байдлаас улбаатай, төрийн хүний арга барсан үг байж болно. Тэрчлэн үйлийн үр, хувь тавилан гэх мэтэд хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл итгэсээр ирсэн. Гэлээ гээд тэрхүү итгэл үнэмшлээ Монгол төрийн тамгаар “дарж”, нэр нэгтгэн овог ижилсүүлэх эрх тэдэнд байхгүй.
Тэр тусмаа нөлөө бүхий улстөрч, сайдын алба хашигч ийм болчимгүй үйлдэл, бодлогогүй үгийг нийтийн өмнө “цацаж” болно гэж үү. Үнэндээ иймэрхүү шашин шүтлэг, сүсэг бишрэл ханхлуулсан яриа, ярилцлагыг манай түшмэдүүд байсхийгээд унагадаг болсон жишээ үүгээр дуусахгүй.
2018 оны зургаадугаар сар. Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн Цагдаагийн алба хаагчид дарга, цэргийн хамт шившиг болов. Төрийн хувцсаар жигдэрсэн Монголын цагдаа шар дээлтнээр толгойлуулан жагсаж, сүсэглэн биширч буй “аймшигтай” бичлэг, фото зургууд олон нийтийн сүлжээг амь оруулан шуугиулав. Хадаг яндар, будаа сэлтийг өнгө алаглуулан цацалж, арц хүж, хатаасан гангыг асааж уугиулан баагиуллаа. Наранхутагт, Цэргийн гэгээнтэн хэмээн өөрийгөө өргөмжилсөн нөхрийг сүсэглэн залбирсан төрийнхөн ганц цагдаагаар хязгаарлагдаагүй. Зарим нэг аймгийн Зэвсэгт хүчний ... дугаар анги, бас нэг аймгийн Хил хамгаалахын ... дугаар ангийнхан хүртэл Төрийн сүлдээ голж мухарлав.
Сайд түшмэл, цэрэг цагдаа нь хүртэл ийнхүү мухар сүсгээр өвчилж, бүр солиорч эхэллээ. Угтаа энэ нь Монгол Улсын нэрийг дэлхийд шившиглэж, төрөө дээдлэх түмний хүндлэлийг гишгэчин гутаасан үйлдэл байсан юм. Түүнчлэн улс төрийн нэгэн бүлгэмийн тэргүүн “Би ... сайдаа үргэлж дэмждэг. Харин сая хэд хоног шүүмжилж, цагаан хэл амнаас бүрэн хамгааллаа. Цагаан хэл ам хамгийн аюултай!” хэмээн сүсэглэлээ “сурталчилсан” байх юм. Энэ мэтээр өнөөгийн нийгмийг бараг бүхэлд нь залгисан, хэтийдсэн сүсэглэлд улс төр өөрөө холилдон хутгалдаж, сүлбэлдэн орооцолдсоны эмгэнэлт жишээний түүх улам бүр зузаарсаар байна.
2016 оны долдугаар сарын 22. “Шашин, төрийг хослуулан ойлгох төрийн түшээд, түмэн олны итгэл даан сонгогдсон гишүүд сүсэгтэн олныхоо хамт Отгонтэнгэр хайрхныг тахина”. Энэ өгүүлбэрт логикийн алдаа харагдаж байна уу. Монгол төрийн түшээ хэмээх эрхэм нэрийг ийн шашнаар толгойлуулан тодотгосонд учир бий. Төрийн ажлыг бурханд даатгаж, түмний хүслийг уул овоонд шивнэдэг төрийн тахилгын өнөөгийн өнгө өнгөрсөн зууны эхэн үеийн Монголыг эрхгүй санагдуулна.
...Тэнгэрээс сүү, сархдын бороо шаагина. Хүмүүсийн малгай толгой, нүүр ам, цаашлаад гоё ганган дээл нь авах юмгүй халтартаж орхино, энэ мөчид. Буяны юм, төрийн хишиг, бурхны бурам хэмээн итгэж, хүртээд байхаас өөрөөр ундууцсан хүн үл үзэгдэнэ, тэнд. Үнэндээ төр, шашин нийлэн түмний хүслийг уул овоонд шивнэн шившихтэй зэрэгцэн хар, цагаан холилдсон бороо тэнгэрээс цутгах агшинд аль аль талын хүндлэлийг эндээс олж харахгүй. Хэдэн зуугаараа шахцалдан чихэлдэх хүмүүс хайрхандаа бус, бие биенийхээ дээрээс архи, сүү цацаж “хөөрцөглөдөг” нь ёс мэт хэвшээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Отгонтэнгэр хайрхныг төрийн тахилгат уул хэмээн өргөмжлөөд удлаа. Уг нь бүр 1828 онд энэ уулыг төрийн тахилгатай болгосон түүхтэй. Тахихдаа бас учиртай. Уулын цэцэг ногоог тасалж, газар хөрсийг эвдэж, хад чулууг нь хөдөлгөж, ус ундаргыг нь өөрчлөхийг зарлигаар цээрлэдэг байв. Хайрхны орой дээр ахсыг төлөөлж азай буурал нэгэн, эхсийг төлөөлж өндөр хүндтэй нагац, ихсийг төлөөлж төрийн түшмэл гурвыг нэр, жил, буян хишгийг нь харан байж, халиун, бор, цавьдар, хонгор зэрэг зүсмийн мориор авирдаг дэгтэй байсан талаар түүхэнд тэмдэглэжээ. Энэ нь хүрээлэн буй орчинд нь, экосистемд нь сөргөөр нөлөөлөхөөс, амьтдыг нь үргээж айлгахаас хамгаалах гэсэн зорилго оршино. Цаашлаад төрийн тахилгат уулын онгон дагшин байдлыг үеийн үед хадгалан үлдээх гэсэн Их хаадын чин хүслийн утга эндээс харагдана.
Гэтэл өнөөдөр тахилга бүрийн хамрах хүрээ, татах жин бүр овор нэмэн томорсоор байна. Төсөвлөсөн мөнгө, хамтрагч байгууллага, бизнесийнхэн, шүтэн мөргөгчдийн тоо улам өргөжин үржих боллоо. 2016 онд төрийн тахилга нэрийн доор зохион байгуулсан их найр наадмын хөтөлбөрөөс харъя. 108 цамын бүжиг, Улсын филармонийн морин хуурын чуулгын тоглолт, бөхийн барилдаан, их насны морьдын уралдаан гээд жагсаалт хөвөрнө. Хэтдээ сөрөг үр дагавар ихтэй уул овооны тахилга ийнхүү нэг төрлийн бизнес болон хувирч, энэ цагийн өнгөнд сүсэглэл, солиорлоор дэнслэгдэж эхэллээ.
2019 оны есдүгээр сар. Австрали тив олон сар шатсан эмгэнэлт түүх бичигдэв. Түймрийн улмаас 500 сая амьтан үхсэн гэх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд тус тивийн экологийн дүрвэгсэд хэдэн мянгаар тоологдож, 24 хүн амь үрэгдсэн гээд гашуун мэдээ хөвөрнө. Австралийн үзэсгэлэнт байгаль, амьтай бүхэн ингэж шатаж байгаад дэлхийн олон орон эмгэнэл илэрхийлж, тусламжийн гараа сунгаж байгаа. Монголын төр ч ялгаагүй иргэдийнхээ нэрийн өмнөөс 45 мянган ам.доллар буюу Монголбанкны өнөөгийн ханшаар тооцвол 120 гаруй сая төгрөгийн тусламжийг боломж, сэтгэлээ гарган хандивласан.
Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд оны дараахан Австралид гарч буй гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, амьтдын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдээдэхэв. Аль ч шашны байгууллагаас гарч болох, хийж болох үйлдэл. Гэтэл төрийн байгууллагын төлөөлөл, тэр дундаа ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга нь шашны энэхүү зан үйлд Автрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчийг татан оролцуулж, Монгол төрийн тамга, сүлдийг шашнаар ороон, ОРХИМЖЛОХ шаардлага байсан уу?
2019 оны зургадугаар сар. Саарал ордны гадаа төрийн жолоо атгалцдаг бас нэг намын төлөөллүүд лам нартай хамтарч шашны зан үйл гүйцэтгэж, утаа май, маань мэгзэм болсон. Ер нь иймэрхүү байдлаар хэн нэг улстөрчийг шийтгэх, огцруулах, ял эдлүүлэх, бүр “булшлах” санаа өвөрлөн зан үйл хийдэг явдал ч ил цагаандаа гарч байна.
1978 оны арваннэгдүгээр сарын 18. Шашны нэгэн урсгалын 909 хүн номлогчийнхоо заавраар нэг дор амиа хорлосон түүхэнд тэмдэглэгдсэн хар өдөр. Энэ явдал америкчуудыг цочирдуулаад зогсохгүй шашны хэт үзэл, туйлшрал, мухар сүсэг ямар хүчтэй зэвсэг болохыг, ямар аюулд хүргэж болохыг нийтэд ойлгуулсан хэрэг байв. Судлаачдын дүгнэснээр шашин зүй зохистой хэмжээндээ байвал нийгмийн харилцааг энэрэнгүйжүүлэх, өсвөр залуу үеийг хүмүүжүүлэх, сэтгэл зүйг төлөвшүүлэх зэрэгт олон сайн нөлөөтэй гэх. Харин бүлэглэн хуваагдаж, сөргөлдөн тэмцэлдэж, үл ойлголцон хөндийрөх замаар зөрчил үүсвэл мөргөлдөөн, цаашлаад улс орноор нь хямралд хүргэдэг оюун санааны маш хүчтэй зэвсэг гэж дүгнэжээ. Академич Ш.Бира “Шашин, улс төр холбогдохоороо маш аюултай үр дагаварт хүргэдэг” хэмээн анхааруулсан нь бий.
Олон улсын нэршлээр терроризм, салан тусгаарлах үзэл, шашны хэт туйлшрал гэдэг гурван ухагдахууныг тухайн улсын үндэсний аюулгүй байдлын “Гурван аюул занал” хэмээн тодорхойлжээ. Шашин шүтлэгээс улбаатай террорист халдлага дэлхийн олон орныг айдаст хэрхэн автуулж буйг бид харж байна. Зэвсэгт мөргөлдөөн, дайн самуун, хүчирхийллээс үүдэлтэй дүрвэгсдийн асуудал гэхэд л бүхэл бүтэн тив улсаар нь хямрааж чадаж байна. Иймдээ ч “Шашин бол дарангуйлагчдын цөмийн зэвсэг мөн” хэмээн тодорхойлсон биз. Хэтийдсэн сүсэглэл үзэл бодлын хуваагдлаас үүдэлтэй дэлхийн улс орнуудад өрнөж байгаа дайн тулаан, мөргөлдөөн бидэнд хангалттай сургамж өгөхгүй байна гэж үү.
Сэтгэгдэл ( 3 )
Uhernuud hol ochij muuruld
МАНАНгийнхан хаан суудалд сууж хагартлаа баяжаад байгаагийн түлхүүр энд байгаа юм шүүдээ. Худал гэвэл Элбэгдоржоос асуугааарай. Цаад гөлөг чинь яг үнэнээр нь биш гэхэд нэг битүү юм бурна.
Muslim rape children