Гэрээслэл МУУ ЁР уу, эсвэл СОЁЛ уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Монголчууд бид гэрээслэл бичнэ гэхээр муу ёр буруу зүйл гэж боддог. Энэ нь ч бидний шашин шүтлэг болон сүсэг бишрэлтэй холбоотой. Гаднын томоохон улс орнуудад л энэ зүйл байдаг гэх бодолтой хүмүүс цөөнгүй. Гэтэл гэрээслэл нь өв залгамжлалын харилцааны нэг том хэсэг бөгөөд гэрээслэл бичнэ гэдэг нь тухайн өмчийн эзэн амьд байхдаа хөндлөнгийн нотариатч буюу төрийн гэрчээр хүсэл зоригоо илэрхийлэх явдал юм. Манай улсын хувьд өв залгамжлалын харилцаа 2000-аад оноос олширч эхэлсэн. Зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө бүх зүйл төвлөрсөн төлөвлөгөөт байсан. Одоо цагт монголчууд хувьдаа байр, машин, газар, мал амьтан, хадгаламж зэрэг өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болж чадсан билээ. Олон улсын туршлагаас харахад энэ нь материаллаг зүйлээ ар гэрийнхэн, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээдэг нэг том соёл юм. Харин манайд соёл гэхээсээ илүү “шунал” мэт. Энэ талаар иргэдийн байр суурийг тодруулан сурвалжиллаа

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Адьяасүрэн

Гэрээслэл бол хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь би нас барлаа гэж бодоход өмч хөрөнгө байгаа зүйлсээ хүүхдүүддээ юм уу, ар гэрийхэндээ гэрээслэн бичиж, тодорхой үлдээхгүй бол үлдсэн хэд нь маргалдаж, олон асуудал гарах байх. Миний хувьд гэрээслэл одоогоор үлдээгээгүй байна. Хуулийн зөвлөгөө өгдөг газраас энэ талаар дэлгэрэнгүй асууна гэж бодож байгаа. 

Өмнөговь аймгийн иргэн С.Баттогтох

Гэрээслэл бол үр хүүхдэдээ үлдээж буй баримт бичиг бөгөөд нийгмийн даатгал тэтгэвэр тэтгэмж гэх зэрэг бүх зүйлсүүд маань багтаж байна. Өөрийгөө муугаар  бодоход өөрийн өв хөрөнгөө хүүхдүүддээ үлдээхийг хүсч байна. Миний хувьд гэрээслэл бичиж үлдээгээгүй. Гэхдээ бичиж үлдээх нь оновчтой гэж боддог.

Согинохайрхан дүүргийн иргэн Ц.Уугангэрэл

Миний хувьд сайн мэдэхгүй байна. Гэрээслэл янз бүр байдаг. Гэрээслэлийг гэнэтийн тохиолдол гарвал үлдээнэ л дээ. Гэхдээ хэн яахыг мэдэхгүй. Ерөнхийдөө нас яваад өөрийн хойч үе, үр хүүхдэдээ хэлээгүй үлдсэн үгээ хэлэх хариуцлага мэдээж бидэнд байх ёстой.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Цэцэг

Мэдээж өв хөрөнгөтэй хүмүүс тухайн өв хөрөнгөө гэр бүлдээ юм уу хэн нэгэнд үлдээхийг хүсдэг. Миний хувьд түүнийг гэрээслэл гэж ойлгодог. Би хувьдаа гэрээслэл үлдээнэ гэж бодож байгаагүй. Ер нь гэхдээ гэрээслэлийг зөв гэж боддог. Хүн бүхэн л хорвоогийн мөнх бусыг үзэх учраас гэрээслэл бичихэд буруудад байх зүйлгүй.

Хуульч А.Энхгэрэл: Сүүлийн үед бол практикаас харахад өв залгамжлалтай холбоотой маргаан ихсэж байгаа

-Гэрээслэл гэж яг юу вэ?

-Гэрээслэл гэдэг нь өөрийн өмч хөрөнгийг нас барсныхаа дараа хэрхэн хуваарилах вэ гэдэг зохицуулалтыг л хэлээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл өв залгамжлалын нэг төрөл гэсэн үг. Магадгүй нас барагч буюу өвлүүлэгч маань гэрээслэл үлдээлгүйгээр нас барсан тохиолдолд хуульд зааснаар өв залгамжлалыг иргэний хуульд зааснаар шийдвэрлэнэ.

-Иргэний хуульдаа юу гэж заасан байдаг вэ?

-Өв залгамжлалын харилцааг иргэний хуульд зааснаар тус харилцааг нарийвчлан зохицуулна гэсэн байдаг. Гэрээслэлд хууль ёсны тавигдах шаардлага гэж байдаг. Гэрээслэлийг заавал бичгээр үйлдэж, нотариатаар баталгаажуулсан байх, мөн гэрээслэл үйлдсэн өдрийн он, сар, өдрийг бичих ёстой. Хэрвээ эдгээр тавигдах шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн гэрээслэл маань хүчин төгөлдөр бус болдог. Олон улсад бол өвийн эрх зүйн тогтолцоо маш дэлгэрэнгүй хөгжсөн байдаг. Манай улсын хувьд иргэний хуульд зааснаар гэрээслэлээр өвлөх харилцааг мөн дэлгэрэнгүй зохицуулсан байдаг боловч иргэдийн эрх зүйн боловсрол хэрхэн байгаагаас шалтгаалан иргэд учраа олохгүй асуудлууд байдаг. Тэгэхээр иргэдийн эрх зүйн мэдлэг дээшлэхийн хирээр нийгмийн баялаг иргэдийн амьжиргааны түвшин сайжирч магадгүй гэрээслэлийг үйлддэг болно.

-Гэнэтийн золгүй байдлаар нас барсан тохиолдолд ямар зохицуулалт байдаг вэ?

-Энэ тохиолдолд гэнэтийн зүйл учраас заавал гэрээслэл үлдээгээгүй гээд өмч хөрөнгө өвлөгдөхгүйгээр орхигдохгүй. Хуульд зааснаар түүний гэр бүлийн гишүүд өвлөж авах эрх гэж бий. Сүүлийн үед бол практикаас харахад өв залгамжлалтай холбоотой маргаан ихсэж байгаа.

-Ямар тохиолдолд улсын өмч болдог вэ?

-Хуульд заасан өвлөгч нар өвөөсөө татгалзана гэж байдаг. Өвлөгдөж буй зүйлээ дагаад эрх үүргийн зохицуулалт давхар явагдаж байдаг. Магадгүй нас барсан хүн нь банкинд өөрийн байраа барьцаалаад зээл авсан байж болно. Зээлийн хугацаанд зээл авсан иргэн маань нас барсан бол тухайн барьцаанд байсан байр хуулийн дагуу үр хүүхдүүдэд нь өвлөгдөнө. Энэ тохиолдолд тухайн зээлийг төлөх үүрэг өв залгамжлагчдад ирэх ба иймээс өв залгамжлагч нь тухайн байрыг авахгүй гэж өвөөсөө татгалздаг. Үүний дараа төрийн эсвэл аль нэг барьцаалсан банкны өмч болдог. Бодит байдлаас харахад манай улсад гэрээслэл гэх зүйл нь газар аваагүй байгаа ч өв залгамжлалын маргаан их байдаг. Энэ нь бидний эрх зүйн боловсролтой шууд холбоотой билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top