Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хамт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Засгийн газар нь:
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам
-Батлан хамгаалах яам
-Гадаад харилцааны яам
-Сангийн яам
-Хууль зүй, дотоод хэргийн яам
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;
-Барилга, хот байгуулалтын яам
-Боловсрол, шинжлэх ухааны яам
-Зам, тээврийн хөгжлийн яам
-Соёлын яам
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
-Эрчим хүчний яам
-Эрүүл мэндийн яам гэсэн Чиглэлийн; нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 гишүүнтэй байхаар төслийг боловсруулжээ.
Шинэ Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үp дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэсэн тухайгаа танилцуулгад дурджээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив.
Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д Засгийн газрын тохируулагч агентлаг 12, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо нэртэй ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Монгол Улсын Шадар сайдын, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, урлагийн газрыг Соёлын сайдын, Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Засгийн газрын тохируулагч агентлаг-Үндэсний хөгжлийн газрыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцөх саналд Хууль зүй, дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам болон Дотоод хэргийн яам болгох, Эрчим хүчний яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг нэгтгэж, Эрдэс баялаг, эрчим хүчний яам болгох, хөгжлийн асуудал эрхэлсэн Тэргүүн шадар сайдыг Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр нэмэх, түүнчлэн Засгийн газрын зарим агентлагийн нэрийг өөрчлөх зэрэг санал ирүүлсэн байна.
Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхий дахинд тархсан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдахгүй, шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын бүтэц, бүрэпдэхүүнд зарчмын томоохон өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Хөгжийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт opyyлax тухай зэрэг хуулийн төслүүд; “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”; “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )