Засгийн газрын ерөнхий бүтэц гарчихлаа. У.Хүрэлсүх болон МАН-ын Удирдах зөвлөлийн зурснаар л гарч байгаа хэрэг. Одоо УИХ-ын чуулганаар батлагдсанаар бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийд нь харж байхад нийгэмд цойлж гараад байх хүмүүс алга. Энэ Засгийн газрын бодлого, Гүйцэтгэх засаглалын тэргүүний үгийг чив чимээгүй дагах нөхөд харагдана. Тэд том том бодлого, хууль дүрэм ч ярихгүй байх. Улс төр, эдийн засгийн эгзэгтэй үед өөртөө хэт их итгэлтэй, цочмог нэгэн байх нь сөрөг нөлөө үзүүлж ч таарна. Тун бодож байгуулжээ гэхээр харагдана.
Юуны өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар улиран үлдэж байгаа Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайдад анх удаа ирж байгаа Х.Нямбаатар нар шиг “Чавхны чулуу”-нууд У.Хүрэлсүхэд тун хэрэгтэй учраас дээлээ давхарлалаа гэж харж байна. Дээр нь Сангийн сайдаар улиран үлдэж байгаа Ч.Хүрэлбаатар дундын байрлалд зогсож чадна.
Ерөнхий сайдыг далайхаар мөнгө бариад яаран гүйхгүй. Бас хоосон онол яриад мөнгө дараад хэвтээд байхгүй, яг тохирох хүн учраас тэр бас давхар дээлтэйгээ үлдлээ.
Д.Сарангэрэл сайдын хувьд эмэгтэйчүүдийн квот ч байсан байх. Ерөнхийдөө У.Хүрэлсүхийг МАН-ын генсек байхаас эхлээд дэмжлэгийг нь хүртэж байгаа хүн, дахин нэг дэмжүүлэв. Тэгээд ч үгнээс нь гарахгүй учраас давхар дээлтэй нь үлдээсэн байх.
Үндсэн чиг үүргийн яамд ийнхүү эзэнтэй болсон бол Шадар сайдаар ЖДҮ-тэй ч Я.Содбаатар Гүйцэтгэх засаглалын тэргүүний найз учраас орж ирлээ хэмээн олон нийт харж байна. Урт хол замд нэгнээ түшилцэж явсан нөхдөд ЖДҮ энэ тэр ч дүүрсэн хэрэг биз ээ. Байх л асуудал. Нийгэмд хамгийн их хүртээлтэй Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяаг гарын дор гэж бодон оруулж ирэв бололтой. Энэ салбар нийгэмд хамгийн хүртээмжтэй, олны анхааралд байдаг учраас статистикийн мэдээг захиалсан дагуу олон нийтэд хүргэж байсан даруулгатай бүсгүйг сонгов.
Шинээр байгуулагдсан Соёлын сайдад тэс хөндлөн С.Чулуун гэх нөхөр орж ирэв. МАН-д өчүүхэн ч гавьяагүй, бүр хамаагүй энэ хөндлөнгийн нөхрийг Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс түлхэв үү, яав. Соёлын сайдад яригдаж байсан, энэ намынх нь төлөө насаараа зүтгэсэн Г.Ганбаяр засгийн гадна үлдэв.
Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр гэх генерал орж ирсэн харагдана. Мэдэх юм алга. Цэргийн улс нэгнээ сайн мэдэх биз. Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар санамсаргүй залрав. Тэр урьд өмнө Хотын орлогч гэх мэт гол төлөв хоёрдугаар хүн буюу гүйцэтгэх ажил хийж байсан учраас үгнээс гарахгүйг бодолцсон байх. Сайд болсондоо баярлана уу гэхээс том толгой гаргахгүйг нь юуны өмнө харсан биз ээ.
Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван очсон нь яах аргагүй дундын бүсэд зогсож чадах нөхөр учраас энэ тал дээр эерэг бодолцов бололтой. Тодотгож хэлбэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шиг “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” явж чадах нөхөр. Салбартаа ч олон жил ажилласан туршлагатай нөхөр гэсэн. Эрчим хүчний сайдад Э.Тавинбэх ч үгнээс гарахгүй. Эрчим хүчний салбар өөрөө тамын ажилтай. Цагийн хатууд түүнийг загнаж, зодсон ч тохирох юм байлгүй. Харин Эрүүл мэндийн сайдад ирж байгаа Б.Цогтбаатар бол яах аргагүй салбарын хүн, хийсэн ажил, хэлэх туршлагатай гэдгийг салбарынхан ярьдаг юм билээ. Гэхдээ л харцан дор байх нөхөр.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гэх нөхөр Заамарт алтны үйлдвэрийн захирал байсан гэж дуулдсан. Салбартаа олон жил ажилласан гэхээр эрх биш бөх Д.Сумъяабазараас хувь илүү байх. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн гэх “битүү морь” орж ирсэн. Салбартаа Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажилласан гэхээр туршлага зааж таарна. Энэ салбарт бугшаад байгаа гаднын олон урсгал чиглэлийг хөөж гаргаасай билээ гэж хүсэх байна. Энэ мэтээр дурдаж суухад У.Хүрэлсүхийн үгнээс сөрж, засгийн бодлогоос зөрөх хүн нэг ч алга.
Энд би хөндлөн гулд дурдаад байгаа болохоос бус Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайд нарын 90 гаруй хувь нь мэргэжлийн гэж болох юм. Тэд бүгд салбартаа шат шатанд өгсөж ажилласан туршлагатайгаас гадна улстөржих хандлага харагдахгүй байгаа нь сайшаалтай. Тэгэхээр эхлүүлсэн олон ажлыг нугалах төдийгүй олон бүтээлч ажлын ард гарна гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 7 )
Чавхны чулуунууд болон ждүчин Содбаатараас бусад нь нүдэнд хүйтэн харагдахгүй байна.
Боловсролын сайд, ГЯ-ны сайд,ЭМ-н сайд гээд жул байнаа жул.
хулгайч ж. мөнхбатыг хурдан шоронд нь хатаагаачээ УИХ-ын танхимаас бүлтрээд суугаад байх юм.
Yun nasaaraa zutgesen Ganbayr ve dee
Үсдээд зодож бсн ч ккк
Одоо галт тэрэг хөдөлсөн төрийн төлөө огтон боож үхэв дээ
Байгаль орчин, Боловсрлын сайдад үеэ өнгөрөөсөн эмээ нарыг бус, чадварлаг, өндөр боловсролтой шижгэнэсэн залуусыг тавих байсан юм.