Алжир улсын Дээд шүүхийн ээлжит хуралдаанаар өнгөрсөн жил Алжир даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилсан сэтгүүлч Халед Драренид гурван жилийн хорих ял оноожээ.
Түүнийг үндэстний нэгдмэл байдлыг алдагдуулсан, сурвалжлага бэлтгэх явцдаа хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр ийнхүү ял оноосон байна.
Өнгөрсөн жил Алжир улсыг 20 жил удирдсан Абделазиз Бутефликагийн засаглалыг эсэргүүцсэн жагсаал тус улс даяар өрнөж үр дүнд нь тэрбээр суудлаасаа огцорсон юм.
Уг жагсаалыг эхнээс нь сурвалжилж олон улсад дамжуулсан Халед Драренид холбогдох хэрэг эсэргүүцлийн жагсаалын дараа үүсэж улмаар жил гаруй хугацаанд хэлэлцсэний эцэст ийнхүү ял оноолоо.
Тэрбээр өнгөрсөн саруудад шүүх хурлаа хүлээн хоригдож байсан юм.
Үүнтэй холбоотойгоор олон улсын байгууллагууд Алжирын дээрх үйлдлийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ноцтой халдсан үйлдэл гэж үзэн шинэ Засгийн газрыг үүнд анхаарахыг шаарджээ.
Сонгогдоод найман сар болоод буй Ерөнхийлөгч Абделмажид Теббуне өмнөх Ерөнхийлөгчийн хэрэгжүүлсэн бодлогыг эрс өөрчлөн, авлигатай тууштай тэмцэн, ард түмнийхээ талд байна гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: The New York Times
Сэтгэгдэл ( 0 )