УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2020.08.18/ хуралдаанаар УИХ-ын тухай хуульд өнгөрсөн тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Тус хуульд хэсэгчлэн хориг тавих тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан, хэт субъектив санаа зорилго агуулсан зохицуулалт болсон тул УИХ-ын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсныг дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг Хууль тогтоомжийн хуулиар зохицуулж өгөх нь илүү зохимжтой гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, харин Засгийн газрын асуудлаар хууль санаачлахгүй байх, хууль санаачлах замаар эрх мэдлээ нэмэгдүүлэхгүй байх тухайд анхаарах нь зөв гэдгийг хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэйг хэлээд мөн УИХ-д цөөнх болсон гишүүдийн санаачилсан хууль хэлцэгдэх боломж хаалттай байгааг засах ёстой гэв. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахтай хамт УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийн асуудлыг нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр эргэн харах нь зөв хэмээсэн юм. Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах зүйтэй” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь дэмжиж хоригийг хүлээн авах зүйтэй хэмээн үзлээ.
Сэтгэгдэл ( 0 )