УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) нэгдсэн хуралдаан 09 цаг 03 минутад 54.7 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр танилцууллаа.
 

Эхлээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 03 тоот захирамжаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулснаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Ажлын хэсгийг ахлан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар ажиллан хууль, тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулжээ. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хийжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгийн дэмжсэн 56 зарчмын зөрүүтэй болон найруулгын 4 багц саналын томъёоллоор санал хураалт явуулсан гэв.

Ажлын хэсгийн дэмжсэн хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг баг нь хэсэгтэй байж болох асуудлыг, нийслэл, дүүргийн тодорхойлолтыг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн асуудлыг, орон нутгийн, аймгийн сумын, багийн, нийслэлийн, дүүргийн, хорооны чиг үүргүүдийг, нутгийн өөрөө удирдах ёсны ойлголтыг, нэгжийн удирдлагаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг, баг, хорооны ИНХуралдаан хүчинтэй байх оролцоог, хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг, ИТХ-д нам, эвслийн бүлэг байгуулж болох, Анхдугаар хуралдааныг товлон зарлах асуудлыг тодорхой болгох, ИТХ-ын зөвлөлийг байгуулах, түүний бүрэлдэхүүнийг тодорхой болгох, Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг өөрчлөн найруулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчимд Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах гэж, нэгжийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэх талаар төр, орон нутгийн үүрэгт ОНХНСангаас тухайн нэгжийн хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн чадавхийг харгалзан хөрөнгө хуваарилах, хуульд заасан үндэслэл журмын дагуу концесс болон үнэт цаасыг тухайн шатны хурал гаргаж болно гэж, аймаг, сум, нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүн, төлөөлөгчийн ойлголтыг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг, нэгжид тавих төрийн хяналтын асуудлыг нэмэхээр, ИТХ бүрэн эрхийнхээ зарим асуудлыг шилжүүлэхийг, улс төрийн нам сумын ИТХ-д нэр дэвшүүлэхийг хориглосон зохицуулалтыг, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын чиг үүргийг үл шилжүүлэх гэснийг хасах зэрэг 59 зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил сум нь 2500-гаас доошгүй хүн амтай байх, тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршлыг харгалзан дээрх тооноос доошгүй хүн амтай сум байгуулах саналыг Засгийн газар болон  Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдүүлдэг байх, аймгийн төвийн бус сумдын хилийн цэс, аймгийн төвөөс 50 км зайтай байх бөгөөд уг зохицуулалтуудыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, түүнчлэн төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “холбогдох нэгжийн сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон бол санал авах ажлыг хүчинтэйд тооцно” гэсэн хэсгийг хасах саналыг гаргасан байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хуулийн төслийн “Засаг дарга, түүнийг томилох” гэсэн зүйлээс “Дээд шатны Засаг даргад Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно” гэсний хасах, мөн түүнчлэн уг зүйлийн 58.7 дахь хэсгийн “нэр дэвшигчийг дээд шатны Засаг дарга, эсвэл Ерөнхий сайд томилохдоо энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр татгалзаж байхаар”, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар ИТХ-ын бүрэн эрхэд худалдаа үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам батлах гэж нэмэх санал тус тус гаргасан гэв. Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй дээрх санал нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн ч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг санал дүгнэлтэд дурдсан юм.

Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, реформ хийх 2020 оны намрын ээлжит чуулганаар нухацтай хэлэлцэх саналыг илэрхийлэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан 5 хоногийн завсарлага авах хүсэлтээ танилцууллаа. Тус хүсэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч, хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны хуралдаанаар баталж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан. Уг хуульд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 74.7 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 5.1 хувьтай байхаар тусгасан юм. Корона вирусын халдвар цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учруулж, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4-6 хувьд хүрэхээр байгаа гэлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буурчээ. Иймд Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах, экспортыг далайцтай нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа. Үүний улмаас Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, ялангуяа ДНБ-ий хэмжээ буурахаар байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгосон байна. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан танилцуулав. 

    Хуулийн төсөлд орж булийн үзэл баримтлалын талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авлаа.

Хуулийн төсөлд орж буй тоон үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нарын асуултад Сангийн сайд хариулахдаа “ДНБ-ий бодит өсөлт 6 хувь байсныг -1 хувь болгож, хэрэглээний үнийн индекс 8 хувь байсныг 3.8 хувь болгон тооцсон Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөгөөр баталсан байсныг 9.7 их наяд төгрөг болгож өөрчилсөн. ДНБ-д эзлэх хувь нь 29 хувь байсныг 25.2 хувь болгож, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 13.9 их наяд төгрөг байсныг 14.6 их наяд төгрөг болгон өөрчилж байна. ДНБ-д эзлэх хувь нь 34.1 хувь байсныг 37.7 хувь болгон өөрчилсөн. Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ нь 2.3 их наяд төгрөг байсныг 704 тэрбум төгрөг болгож бууруулсан. ДНБ-д эзлэх хувь нь 5.6 байсныг 1.8 болгож буулгасан. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 74.7 тэрбум төгрөг байсныг 4 их наяд 846.6 тэрбум төгрөг болгосон. Алдагдлын хэмжээ ДНБ-ий 5.1 хувь байсан нь 12.5 хувь болж байна. Хоёр орлого орохгүй байгааг анхаараарай. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 3 их наяд 806 тэрбум төгрөг байсныг 3 и наяд 408.6 тэрбум төгрөг болж, ДНБ-д эзлэх хувь нь 9.4-өөс 8.8 хувь болгон бууруулж байна. Өрийн хэмжээг 22 их наяд 89 тэрбум төгрөг байсныг 24 их наяд 65.8 тэрбум төгрөг болгосоноор ДНБ-д эзлэх хувь нь 54.3-аас 62.2 хувь болж байна. Босго нь 70 хувь юм.  Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээг 756.6 хувь байсныг 1 их наяд 650.2 тэрбум төгрөг болгон өөрчилсөн” гэв. Хөрөнгө оруулалтын зардлыг хассан, төсөвт байгууллагуудаас 118 гаруй тэрбум төгрөгийг хассан бол үүнтэй зэрэгцээд хүүхдийн мөнгөтэй холбоотой 800 гаруй тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын урсгал зардлын санхүүжилтийг 100 гаруй тэрбум төгрөгөөр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлсэн гэх зэрэг арга хэмжээнд зардлууд өссөн гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарлалаа.

Алдагдалгүй төсөв хэзээ батлах бол гэсэн Ж.Ганбаатар гишүүний асуултад хариулахдаа, нэн тэргүүнд эдийн засгаа тэлэх, өрийн асуудлаа хамгийн ашигтай, оновчтойгоор шийдвэрлэх шаардлагатай гээд холбогдох тайлбарыг хэлж байв. Н.Учрал гишүүн хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд төрөөс тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлвэл аж ахуйн нэгжүүд болон иргэдийн орлогыг дэмжих бодит дэмжлэг болно хэмээгээд энэ чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тодруулсан. Санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг зохистой хэлбэрээр өргөн хүрээний үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд холбогдох талууд ажиллах саналыг хэлж байлаа.

2016 онд хувьцаат компаниуд 390 байсан бол 2019 он гэхэд ердөө таваар нэмэгдсэн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд 414 тэрбум төгрөг байсан нь 2019 онд 2 их наяд 613 тэрбум төгрөг болсон гэх зэргээр үндсэндээ хоёр дахин өсөлттэй байгаа гэв. Цаашдаа биржийн бус зах зээлийг хөгжүүлэх, зах зээлийн ил тод байдлыг нэвтрүүлэх, блокчейн технологи дээр үндэслэсэн системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа гэлээ. Үнэт цаасны зах зээлийн тухай болон Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажиллаж байгаа гэдгийг Сангийн сайд хэлсэн. Үүний хүрээнд хамтарсан даатгалыг нэвтрүүлэх, дотоодын давхар даатгалыг нэвтрүүлэх, цахим даатгалын зохицуулалтыг бий болгох зэрэг асуудлын зохицуулалтыг тусгах аж. Даатгалын салбарын ашигт ажиллагаа нь 2016 онд 11.4 тэрбум төгрөг байсан бол 2019 оны байдлаар 22.7 тэрбум төгрөг буюу ашигт ажиллагаа нь хоёр дахин нэмэгдсэн гэв. Нийт хөрөнгө нь 208 тэрбум төгрөг байсан нь 2019 онд 365.8 тэрбум төгрөг болж өссөн, өөрийн хөрөнгө 157.6 тэрбум төгрөг байсан нь 2019 онд 339.4 тэрбум төгрөг болж өссөн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа төсөв дээр тусгагдсан төсөл арга хэмжээний хэрэгжилт сунжирч, үүний улмаас төсөвт өртөг нэмэгддэг асуудалд тайлбар хүсэхэд зураг төсөвгүй обьектуудад хөрөнгө оруулалт хийдэг, эсвэл 7-9 жилийн өмнө хийсэн зураг төсөвтэй обьектуудад хөрөнгө оруулалт хийдгээс үүдэлтэй гэдгийг Сангийн сайд тайлбарлав. Иймд дээрх байдлыг залрууж, 2021 оноос эхлэн зураг төсөвгүй, газрын асуудлаа шийдээгүй обьектуудад хөрөнгө оруулалт төсөвлөхгүй байх зарчим баримталж ажиллана гэв. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар тодруулав. Мөн тэрбээр Азийн хөгжлийн банкны судалгаа мэдээлэлд Монгол залуучуудын ажилгүйдэл 30 хувьд хүрэх эрсдлийн талаар мэдээлснийг дурдаад үүнээс сэргийлэх үүднээс холбогдох бодлогын арга хэмжээг төлөвлөж, авч хэрэгжүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. Төсвийн орлого чиглэлд нэлээд дайчилж, гол нэрийн экпортыг шахаж ажиллах шаардлагатай гэдгийг Сангийн сайд хэлж байв. Зэсийн дундаж үнийг 5700 ам.доллар хэмээн төлөвлөсөн ч эхний хагас жилдээ харьцангуй бага байсан бөгөөд өсөх хандлагатай гэдэг тооцооллыг хийгээд байгаа юм байна.  Төсвийн тодотголын төсөл дахь төсвийн алдагдлын хэмжээг зарлахад эргээд макро эдийн засаг болон гадаад орчинд үүсэх эрсдлээ зөв тооцох ёстой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан анхааруулсан. Мөн тэрбээр хүүхдийн мөнгийг нийгмийн халамжаас ялгаж, нийгмийн хамгаалал гэдгийг хаа хаанаа ойлгон, цаашид үргэлжүүлэх чиглэлд анхаарах саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хэллээ. ЭМДСан болон НДСангийн хөрөнгө болох 1 их наяд төгрөгийн хэмжээтэй мөнгөн хөрөнгийн менежмент хийж, төсвийн санхүүжилт болгох боломжийн талаар хэлж байв.

Гишүүд төрийн өмчит 500 гаруй компанийн 300 гаруй нь алдагдалтай ажиллаж, нийт алдагдал нь 380 орчим тэрбум төгрөгөөр яригдаж байгааг онцолж, эдгээр компаний өр зээлийн асуудал өнөөдөр яригдаж буй төсвийн алдагдалтай хэмжээгээрээ дүйцэхүйц байгааг хэлж байсан. Түүнчлэн балансын үнэлгээрээр 26.2 их наяд төгрөгийн үнэ бүхий хөрөнгө төрийн мэдэлд байдгийг хэлээд эдгээрийн үр өгөөж байдаггүй гэдгийг шүүмжилж, төрийн өмч, хөрөнгийн санхүү мөнгөн хөрөнгийн менежментийг оновчтой хийж, компанийн засаглалын асуудлуудыг сайжруулах бодлогын алхам хийх шаардлагыг хэлж байв. Төсвийн тодотголын төсөл дахь алдагдлын хэмжээ өндөр байгаа бөгөөд дэлхий нийтээр нөхцөл байдал төстэй байгааг Сангийн сайд хүлээн зөвшөөрөв. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой тогтоолын төслийг дагаж өргөн мэдүүлсэн гэлээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулахаас эхлэн олон өөрчлөлтийг хийх шаардлага зүй ёсоор байгааг хэлж байв. Цаашид хөрөнгийн биржээр хувьчлах, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажлуудыг ирэх жилүүдэд хийх ёстой гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар төрийн өмчийг хувьчлах, өөрчлөх үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дэмжихгүй гээд буцаасан болохыг энэ үеэр хэлэх нь зүйтэй гэж Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Төрийн өмч, хөрөнгийг оновчтой ашиглаж үр ашиг гаргаснаар эдийн засгийг тэлэх гарц бий гэдэг дээр гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин “КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор “McKinsey” гэдэг компани судалгаа хийхэд 2021 онд дэлхий даяар нийт төсвийн алдагдал 11 их наяд ам.долларт хүрнэ, төсвийн орлого дунджаар 25 хувиар буурах төлөвтэй гэдэг таамаглал гаргасан байгаа. Сангийн яамны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл нийцэж байгаа” гэлээ. Тэрбээр орлого бүрдүүлэх асуудалд анхаарч бусад орнуудын авч хэрэгжүүлж байгаа шиг архи, тамхины татварыг нэмэгдүүлэх саналыг гаргаж, зардал тал дээр төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж, богино хугацаанд эдийн засгийн ашигтай байх эсэхийг харгалздаг эсэхийг тодруулж хариулт авсан. Б.Чойжилсүрэн гишүүн төсвийн алдагдлын хэмжээ хэт өндөр байгааг шүүмжилж, гадаад орчинд үзүүлэх нөлөөллөөс үүдэн өрийн дахин санхүүжилтэд ихээхэн хүнд нөхцөл үүсгэх эрсдлийг анхаарахыг хүслээ. Тэрбээр Ирээдүй өв сан болон Тогтворжуулалтын сан зэрэг мөнгөн хөрөнгүүдийг нийтээр зөвшилцөн татаж, төсвийн алдагдлыг нөхөж, улмаар алдагдлын хэмжээгээ 3.7 орчим их наяд төгрөг болгох боломж бий гэдэг саналыг хэлэв. Алдагдлыг энэ хэмжээгээр бууруулах нь манай зээлжих зэрэглэлд ч нэмэртэй гэдэг санал хэлж байв. Одоо байгаа төсвийн алдагдлын хэмжээ нь Монгол Улс нэг жилд 1.7 тэрбум ам.долларын алдагдал үйлдвэрлэж байна гэдэг мэдээлэл болж хөрөнгө оруулагчдад очиж байгааг хэллээ. Бид ирэх жилүүдийн бондын өрүүдийг төлөхдөө дахин санхүүжилт хийх бөгөөд зээлжих зэрэглэлдээ онцгой анхаарч, боломжоороо сайжруулахгүй бол хувийн хэвшилд сөрөг нөлөө үзүүлж, бизнесийн орчныг муутгаж, зээлийн өртөг болон дотоод руу гаднаас татах хөрөнгийн өртгийг нэмэгдүүлэх эрсдэл, эдгээрийн дам нөлөөллийг анхааруулж байлаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Ганбаатар, Ж.Батсуурь нар асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авсан. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Ж.Батжаргал, Н.Ганибал нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 61 гишүүний 36 нь дэмжсэн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлаас үүдэлтэй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж боловсруулсан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн 2020 оны тодотголын төслийг дагалдуулж 19 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн гэв. Үүнд цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтийн багц арга хэмжээ энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж байгаа ч цаашид цар тахлын улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилж болзошгүй байгааг харгалзан хөнгөлөлт, чөлөөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Шинэчлэл хэрэгжснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй чанартай, шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжих аж. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх…” хэмээн заасныг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн зарим заалтын дагаж мөрдөх хугацааг нэг жилээр хойшлуулж, сургууль орчинд худалдаа эрхлэгчид болон сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг түрээсийн гэрээгээр бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд боломж олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуульд заасан тусгай зөвшөөрлийг хялбаршуулах, түргэн шуурхай болгох үүднээс тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх асуудлыг Засгийн газар журмаар зохицуулдаг байх зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.  Коронавируст халдварын цар тахлын улмаас олон улсын санхүүгийн зах зээлд үүсээд байгаа тодорхойгүй байдал, Монгол Улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирж байгаа дарамтыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор тодорхой чадавх бүрдэж, нөхцөл байдал сайжрах хүртэл хугацаанд Ирээдүй өв сангийн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансны удирдлагаар дамжуулж эрсдэлгүй удирдах зохицуулалтыг Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлийн төлбөрийн асуудлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж, банкны жилийн зардлын өсөлтөд нөлөөлж байгааг харгалзан, мөн төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газрын харъяа байгууллага хоорондын чиг үүргийн шилжилттэй холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан болохыг Сангийн сайд танилцуулсан.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төслүүдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Гишүүн … нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ” гэсний дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал горимын саналаа танилцуулна” гэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаагүй шалтгааныг дурдаж, энэхүү хэлэлцүүлгийг хойшлуулах саналаа гаргасан. Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан тайлбарлахдаа “Төсвийн тодотголын төслийн хэлэлцүүлэг горимын саналын шалтгаанд дурдагдсан ёсоор хойшилсон. Харин бид яг одоо төсвийн тодотголын төсөл биш, түүний хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байгаа” хэмээн тайлбарласан. Ингээд гишүүд Сангийн сайд болон Ж.Батжаргал гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Т.Доржханд, С.Чинзориг, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүн, ажлын хэсгээс хариулт, тайлбар мэдээлэл авсан. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top