УИХ-ын даргын энэ сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өгсөн “Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг татан авах асуудлаар Шадар сайдын мэдээллийг сонсох үүрэг өгсний дагуу өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааныг зохион байгуулсан.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Цар тахалтай тэмцэх ажилд 380 тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэж тооцоо гарсан. Хүнсний хангамжтай холбоотойг нь салгавал 244 тэрбум шаардлагатай. Төсвийг ХӨСҮТ-д ор нэмэх, улирлын томуугийн вакцин худалдаж авах, голомтод гардан ажиллаж байгаа албан хаагчдын ар гэрт мөнгөн тусламж үзүүлэх зэргээр зарцуулж байна. Манай улс цар тахлын эсрэг вакцин гарвал түүнийг авах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. ДЭМБ-ын байгуулсан системд 172 улс вакцин авахаар нэгдсэний нэг нь Монгол Улс. Өнөөдрийн байдлаар идэвхтэй хөгжүүлэлт хийсэн 9 вакцин бүртгэгдсэн. Хоёр хөрш улс маань нэг, нэг вакцин бүртүүлсэн тул хоёр хөрштэй дипломат шугамаар харилцаж байна” гэх мэдээллийг өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )