Гишүүд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

2020 оны 08 сарын 27

“Хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад 56 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүун Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Хуулийн зарим зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Улсын Дээд шүүхийн тухайд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хүндрэл бэрхшээл үүсч байгаа хэрэгцээ, шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагын заримыг төслийн танилцуулгад дурдсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 5 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх тохиолдолд гарч байсан байна. Түүнчлэн Улсын дээд шүүхийн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тохиолдолд уг хэргийг өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж шийдвэрлэх нь хуулиар хязгаарлагдсан.

Өнөөдрийн байдлаар 2400 гаруй хэрэг хуримтлагдаж цаашид ч энэхүү тоо өсч, үүний ард хэргийн оролцогчийн эрх ашиг хохирох бодит нөхцөл байдал үүссэн гэлээ. Хуулийн төсөлд дараах асуудлыг тусгав. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд “танхимын бүрэлдэхүүнийг батлах, хуульд заасан үндэслэлээр танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох;” эрхийг шинээр нэмсэн. Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг хэрэгжүүлэх нь шинээр томилогдсон шүүгчийг танхимын шүүн таслах ажиллагааны цар хүрээ, тухайн цаглабарт шийдвэрлэгдэж буй хэргийн тоон үзүүлэлт, ажлын ачаалал, шүүгчийн мэргэшсэн байдал, туршлага зэргийг харгалзан үзэж аль нэг танхимд хуваарилах асуудал гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд онцоллоо.

Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгосноор шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.

Хуулийн төслийн 2, 3 дугаар зүйлд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан хүндрэл үүсгэж буй Улсын дээд шүүхийн шүүгч өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглосон агуулга бүхий хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 18.1.4 дэх заалтын дугаарлалтыг өөрчлөхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. 

Хууль зүйн байнгын хороо 2020 оны 8 дугаар сарын 25-ны хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлыи гишүүн Б.Энхбаяр Улсын дээд шүүхийн иргэний танхимд үүссэн хүндрэлийг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх хэдий ч нөгөө талдаа Дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүгчдийг танхим хооронд хуваарилах эрхтэй болсноор ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдэх эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөлд заасан хүрэлцэхгүй нөхцөл байдал гэдгийг ямар утгаар ойлгож байгаа талаар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг Засгийн газар өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн шатанд байгаа хэдий ч хууль хэлэлцэн батлагдахад тодорхой хугацаа шаардлагатай учраас иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа талаар санал хэлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, С.Чинзориг, Ш.Адьшаа, С.Амарсайхан нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдүүлэх гэж байгаад Ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг олгосноос үүдэн сөрөг үр дагавар гарах магадлалтай тул ээлжит чуулганы хугацаанд нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр төслийг энэ удаа хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 38 нь буюу 60.3 хувь нь  Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахыг дэмжив

Дараа нь Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн үзэл баримтлалыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус байнгын хороо 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн 2 дугаар зүйлийг “Хуулийн төслийг баталсан өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.” хэмээн өөрчлөн найруулах санал гаргасан байна. Уг асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10.1.6-д заасны дагуу зохицуулах боломжтой гэж үзэн, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжээгүй болно. Энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болсон гэлээ.

Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээс хойш нөхцөл байдлыг дахин судалж үзсэний үндсэн дээр төслийг анхны хэлэлцүүлэгт буцаах хүсэлтийг санал, дүгнэлтдээ танилцууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр 2020 оны төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх юм. Харин коронавирус (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөлөл 2021 онд ч үргэлжлэх эрсдэл байгааг тооцож Улсын Их Хурлын зүгээс тодорхой чиглэл, зохицуулалтын шаардлагыг Засгийн газарт өгөх нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8-д “Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаана” хэмээн заасан байдгийг Г.Занданшатар дарга танилцуулаад Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний олонх буюу 51.5 хувийн саналаар уг горимын саналыг дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа

Нэгдсэн хуралдаан “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулиар Төсвийн зарлагын хяналтын дэд хороо бусад Байнгын хороод, нам, эвслийн бүлэг төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулах зохицуулалттай. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж санал, дүгнэлтээ танилцуулсан юм.

Дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Н.Энхболд нар асуулт асууж, Улсын Их Хурлын дарга, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох тодруулга, тайлбарыг авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Булгантуяа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа  Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 35 нь буюу 56.2 хувь нь дэмжснээр “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын танилцуулснаар гишүүд эцсийн найруулгыг сонслоо.  

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021- 2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн үзэл баримтлалыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авав. Гол нэрийн экспортын бүтээгдэхүүний хэмжээг ирэх онд хэрхэн төсөөлсөн талаарх асуултад Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгсөн юм. Экспортын уналттай холбоотойгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 426 тэрбум төгрөгөөр тасарсан, цар тахлын нөлөөллийн улмаас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 388 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан байгаа тул төсвийн тодотголын төсөлд өдөрт 2000 автомашин нүүрс экспортолно хэмээн төлөвлөж, тусгасан гэв. Экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч, холбогдох яамд санаачилгатай  ажиллаж байгаа талаарх мэдээллийг гишүүдэд өгсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын санал гарч, энэ дагуу санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Ийнхүү нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудлыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан.

Тус Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлт гаргасан байна. Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ, зарчмын зөрүүтэй саналын томъёоллын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн юм. Байнгын хорооны 2020 оны 3 дугаар тогтоолоор төсвийн тодотголын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, 1 тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан болохыг дурдав. Тус Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар талаар санал гаргажээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасны дагуу төсөл тус бүрийн заалт нэг бүрээр хэлэлцсэн бөгөөд тухайн төслийн зүйлтэй холбогдуулан тухайн Байнгын хорооны гишүүд, Ажлын хэсгээс гаргасан саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулсан гэв. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл буюу дагаж мөрдөх хугацааг Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжиж эхлэх хугацаатай нийцүүлэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх гэсэн саналыг Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан бүх шатны эмч хөнгөлөлттэй жор бичих, эмийн сангууд хөнгөлөлт олгодог болох зохицуулалтыг тусгасан заалтуудыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 4 дүгээр зүйл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлүүдэд төслийн үзэл баримтлал, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр зүйл, хэсэг, заалтын дэс дараалал, дугаарлалтад өөрчлөлт оруулах саналыг мөн Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг гишүүдийн олонх тус тус дэмжээгүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авлаа. Дараа нь хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 12 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top