Их гүүш Б.Ринченгийн эрхэмсэг хөшөөг үүдэндээ залсан Монгол Улсын Үндэсний номын сангийн үйл ажиллагаа хэдийн эхэлжээ. Зургаан сар хаалттай байсан Нийтийн уншлагын танхим, үргэлж хүнтэй байдаг Эрдэм шинжилгээний уншлагын танхим аль, аль нь дүүрэн. Үүдний хажууханд хувийн номоо авчирч уншдаг тусгай танхим нээсэн нь хүн ихтэй харагдана.
“Өглөөний сонин” энэ дугаарынхаа хойморт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний Номын сангийн захирал, “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоог урив.
Бидний ярилцлага Монгол Улсын Үндэсний Номын сангийн өнөөдөр болоод маргаашийн тухай өрнөв.
-Хичээлийн шинэ жил эхлээд Үндэсний номын сангийн хөл хөдөлгөөн ихэсчээ..
-Тийм ээ, бид үүдээ нээсэн, гэхдээ “КОВИД-19”-ын үеийн онцгой нөхцөл байдлаас үүдэн халдвар, хамгааллын горимыг чанд сахин ажиллаж байна. Номын сан “КОВИД-19”-ын үеийн хөл хориогоор үүдээ барьсан гэх байх. Харин бид үндэсний цахим номын сантай болох нөр их ажлаасаа нэлээн нугалсан шүү.
Монгол Улсын Үндэсний номын сан олон нийтэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага боловч “Монгол Улсын Үндэсний номын сан” учраас монголчуудын түүхэндээ бүтээсэн оюун санааны тулгуур өвүүдийг хадгалсан язгуур соёлын байгууллага юм. Энд монголчуудын оюун сэтгэлгээгээр бүтсэн гайхамшигт өвүүд, соёлын баримтат өвүүд хадгалагдаж байна. Тиймээс Монгол Улсын эрдэм шинжилгээ, оюун санааны төв гэхэд болно. Хүнд бэрх цаг үед бидний өвөг дээдэс оюун санааны энэ өвөө аминаасаа илүү дээдлэн хадгалж, чадлаараа хамгаалж, энэ үед авчирсан. Жишээлбэл, манай сан хөмрөгийн талаас илүү шахуу хувийг гар бичмэл, үнэт, ховор ном судрууд эзэлдэг. Дайн тулааны үймээнт жилүүдэд энэ ном судруудыг 3000 сүм хийдээ шатаалгаж, 30 мянган лам хуврагийн амь насыг өргөн байж, хад агуй, гуу жалганд нууж, дарж авч үлдсэн шүү дээ.
Өдгөө тус номын сангийн сан хөмрөгт монгол, төвөд, самгарди, манж, хятад, солонгос зэрэг Дорно дахин, орос, англи, герман зэрэг Өрнө дахины олон орны бичиг соёлын гурван сая гаруй үнэт өв хадгалагдаж байна. Гэтэл орчин үеийн уншигчид юу гэж шүүмжилдэг вэ гэхээр, “үе цаг нь өнгөрсөн төвөд ном судраар яадаг юм бэ. Үндэсний номын сан гэж дандаа монгол бичгийн, манжийн үеийн дурсгалуудаа, хуучин ном судраа ярьсан хүмүүс байх юм, хүнд үзүүлэх шинэлэг үйлчилгээ алга” гэдэг. Энэ шүүмжлэл хоёр талтай.
Үнэхээр өнөөгийн хэрэглэгчдийн хүсэн хүлээгээд байгаа орчин үеийн номын сан болох шаардлага бий юу гэвэл бий. Энэ чиглэлээр идэвхийлэн ажиллаж байгаагаа түрүүн дурдсан. Нөгөөтэйгүүр өв сандаа байгаа ховор, хуучин судар номуудыг судалгааны эргэлтэд оруулж, монголчуудын бүтээсэн оюуны баялаг өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулж байж, Монгол Улсын Үндэсний Номын сан үндсэн үүргээ биелүүлэх юм. Миний хувьд Монгол Улсын Үндэсний номын санг уншигчдын хүссэн номыг нь авч өгдөг үйлчилгээний байгууллага төдийхнөөр биш Монгол Улсын оюун санааны нэгэн том уурхай, эрдэм шинжилгээ, судалгааны гол төв байх ёстой л гэж хардаг.
-Одоо танайх үйл ажиллагаагаа эрхзүйн ямар зохицуулалтаар явуулж байна?
-Манайх “Номын сангийн тухай” хуулийн дагуу ажиллаж байна. Уг хуулийн гуравдугаар бүлэг Үндэсний номын сангийн тухай байдаг. Тэнд Үндэсний номын сан нь монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх; зайлшгүй хадгалах шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүний архивын сан хөмрөг бүрдүүлэх; эрдэм шинжилгээ-судалгааны ажлыг гүйцэтгэх; гадаад, дотоодын номын сан, ном хэвлэлийн байгууллагатай хамтран ажиллах... гэх мэт үүрэгтэй гэж заасан.
Номын сангаа эрдэм шинжилгээ, судалгааны төв болгож барихын тулд сан хөмрөг бүрдүүлэлт дээрээ аль болох эрдэм шинжилгээ, судалгааны ном авахыг зорьж байгаа. Гэхдээ ном худалдан авахад зориулж улсаас өгч байгаа төсөв тухайн жилд Монгол Улсад хэвлэгдэж байгаа нийт номын 10 хүрэхгүй хувийг худалдан авахад л хүрэлцдэг. Олон ном худалдаж авахын тулд ном бүрээс ердөө ганцхан ширхгийг авах нь ч бий. Батлагдсан төсөв маань хаанаа ч хүрдэггүй нь санаа байвч, сачийгүйн үлгэр болж мохно, гэхдээ л болгоно гэж мэрийдэг.
Уг нь “Номын сангийн тухай” хуульд зааснаар үндэсний хэмжээний ном хэвлэл зохиогч, эрхлэн гаргагч нь бүтээгдэхүүн хэвлэгдэн гарснаас хойш 30 хоногийн дотор 2-5 ширхгийг Үндэсний Номын санд үнэгүй өгөх ёстой. Гэвч энэ заалт төдийлөн хэрэгждэггүй. Үндэсний номын санг дэлхийн түвшинд ойртуулъя гэвэл эрхзүйн байдлыг нь тодотгосон, бие даасан хууль гаргах шаардлагатай. Яг л “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль” шиг тусгайлсан зохицуулалт хэрэгтэй.
Тэр хуульдаа, “Монгол Улсын Үндэсний Номын Сан нь эрдэм шинжилгээ судалгааны төв, сурвалж бичиг судлалын үндэсний төв, соёлын баримтат өвийг сэргээн засварлах үндэсний төв, баримтат өвийн цахим мэдээллийн сан байна” гэж заах ёстой. Ингэснээр бид өнөөдөр тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэж чадна.
Тухайлбал, цахим номын сангийн асуудал байна. Яагаад Монгол Улс өнөөдөр үндэсний цахим номын сангүй байна вэ. Үүний учир нь, Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль, Соёлын өвийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуульд цахим номын сан, цахимаар үйлчлэх тухай эрхзүйн зохицуулалт тодорхой болоогүйгээс юм.
-Өнгөрсөн хугацаанд голлон анхаарч ажилласан зүйл чинь юу вэ?
-Миний хувьд Үндэсний номын сангийн захирлаар томилогдоод дөрвөн жил боллоо. Өнгөрсөн хугацаанд Үндэсний номын сангаа орчин үеийн түвшинд хүргэх үндсэн гол зорилгыг өмнөө тавьж ажилласан.
-Үндэсний Номын сангийн талаарх хэвшиж тогтсон хандлагыг өөрчлөх
-Мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх
-Байгаа нөөц, боломжийнхоо хүрээнд үйл ажиллагааны хүрээгээ тэлж, гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах
-Үндэсний цахим номын сангийн суурийг тавихад анхаарч ажилласан. Урамтай урагшилж байгаа ажил маань зургаан жил царцчихаад байсан Үндэсний Номын сангийн шинэ барилгын ажлыг хөдөлгөсөн явдал. Энэ талд манайд биечлэн ирж, бидний ажилтай танилцсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тусгайлан талархмаар байна.
-Шинэ байрандаа хэзээ нүүж орох билээ?
-2021 онд Монгол Улсад номын сангийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой болно. Ойгоо угтаж, бид Монгол Улсын үндэсний цахим номын сангийн суурийг тавихаар ажиллаж байна. 11-р хороололд босож байгаа шинэ барилгадаа хүүхэд, залуучуудад үйлчлэх, орчин үеийн, дэлхийн стандартын номын сан, цахим номын сан байгуулахыг зорьж байна.
Одоогийн байшингаа бид Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, Сурвалж бичиг судлалын үндэсний хүрээлэн, Сэргээн засварлах үндэсний төв болгон авч үлдэх зорилготой. Тэгэхгүй бол одоо хүртэл бүрэн тоологдоогүй үнэ цэнтэй гар бичмэл, ховор нандин судар бичгүүд нүүдлийн замд үрэгдэж, гэмтэх эрсдэлтэй юм. Тийм учраас өвөг дээдсийнхээ амь нас, мах цусаар арайхийж авч үлдсэн онц ховор сурвалж бичгүүдээ бүгдийг нь дижитал хэлбэрт оруулж, тоог нь эцэслэн, цахим сан бүрдүүлсний дараа л хөдөлгөнө гэсэн муйхардуу бодолтой явдаг.
-Яагаад Үндэсний Номын сангийн хуучин барилгыг авч үлдэх ёстой вэ?
Нэгдүгээрт, энэ барилга өөрөө соёлын өв. Хоёрдугаарт, энд хадгалагдаж байгаа судар бичгүүд, эх сурвалжууд бол монголчуудын бүтээсэн оюун санааны тусгаар тогтнолын баталгаа, ямар ч алт, эрдэнээр, ямар ч Оюутолгой, Тавантолгойгоор сольшгүй, хосгүй үнэт өв. Хосгүй үнэт өвөө нүүдэл замын хөлд үрчихгүйн тулд энд нь үлдээж, эрдэмтэн судлаачдад эх сурвалждаа ойртох боломж нээж өгнө. Үндэсний номын сангийн хуучин барилгадаа хуучин судар ном, үнэт ховор номын музейгээ үлдээж, Эрдэм шинжилгээ, судалгаа, Сурвалж бичиг судлал, Сэргээн засварлалтын төв байгуулах саналтай явдаг. Энэ бол ганц миний ч мөрөөдөл биш, эх үндэс, язгуур соёлоо дээдлэгч хүн бүхний хүсэл.
-Одоогийн байдлаар нийт сан хөмрөгийнхөө хэдэн хувийг цахимд оруулаад байна?
-Сан хөмрөгийнхөө тоог эцэслэн гаргахын тулд цаасан каталогио электрон болгож эхэлсэн, одоо болтол дуусаагүй байна. Одоогийн байдлаар орчин үеийн, кирилл үсгээр хэвлэгдсэн бүх монгол номоо электрон каталогид оруулсан. Өрнө дахины номуудаа оруулах ажил гурав дахь жилдээ үргэлжилж байна. Ондоо багтаагаад дуусгах төлөвлөгөөтэй.
Сая бид МУИС-ийн Ази судлалын тэнхимтэй хамтарч, доктор Б.Ундрахын удирдлага дор 37 мянган хятад номоо цахим каталогид орууллаа. Одоо 10 гаруй мянган солонгос ном, 400-гаад манж номоо оруулна. Монгол бичгийнхээ ном судруудын цахим каталогийг үүсгэхдээ бид өөрсдийн хүчээр цахимжуулж байгаа ч өөр хэлний номуудыг оруулахдаа ШУА, МУИС, эрдэмтэдтэй нягт хамтран ажиллаж байна. Бүх докторын диссертацийг электрон каталогид оруулсан. Нийт 8500 орчим, хураангуйгаа нэмээд 11 мянга орчим диссертаци цахим бүртгэлд орсон.
Ер нь цаасан каталогийг дэлхийн стандартын дагуу электрон болгож хөрвүүлэх нь маш их цаг авсан, хүн хүч шаардсан, үнэхээр нүсэр ажил. Түүний үр дүнд манайх их, дээд сургуулиудын номын сангуудтай нэг сүлжээнд холбогдож чадсан. Одоо уншигч хэрэгтэй номоо хаанаас ч хайхад Үндэсний номын санд төдөн ширхэг байна, ШУА-д тэдэн ширхэг, ШУТИС-д тэд байна гэдэг нь гараад ирдэг болсон. Одоо бид төвөд номыг дижиталчлах төсөл хэрэгжүүлж байна.
-Энэ төслийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-АНУ-д төвтэй АCIP байгууллагын санхүүжилтээр төвөд зохиогчтой, Төвөдийн сонгодог бүтээлүүдийг дижитал болгох төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Нийт 14950 гарчиг бүртгэгдсэнээс 1058 багц судрын 313720 хуудас цахим хэлбэрт ороод байна. Эдийн засгийн бололцоо нөхцөлтэй болоод ирэхээрээ монголчуудынхаа төвөд хэлээр бичсэн судруудыг оруулна гэж мөрөөддөг. Яагаад гэвэл тухайн үед монголын сэхээтнүүд сонгодог бүтээлүүдээ төвөд хэлээр бичиж байсан. Бас монголчуудын бичсэн монгол бичмэл судруудаа дижитал болгох сон. Жишээлбэл Богд хааны бичсэн албан захидлуудыг дижитал болгож чадахгүй л байна. Зүй нь энэ чиглэлээр маш олон хүнийг тасралтгүй ажиллуулах ёстой. Гэтэл сан хөмрөгөө гүйцэд тоолоогүй учраас тийшээ хүмүүсийг хамаагүй оруулаад байж болохгүй байна.
-Бүх судар номоо баринтагласан гэсэн мэдээ сонсож байсан. Нийт хэдэн ном судар баринтаглав?
-Өмнөх захирлуудын үед эхлүүлсэн ”Номын баринтаг” хөтөлбөрийг үргэлжлүүлээд, JCI ТББ-тай хамтарч 35 мянган баринтаг оёулаад бэлдсэн байгаа. Маш олон хүн энэ хөтөлбөрт оролцсон. Шинэ баринтагтаа судруудаа өлгийдөх ажил бас л гадны төслөөр үргэлжилж байгаа. ACIP төслийн хүрээнд 10 хүн ажиллаад, судруудыг ялгаж цэгцлээд, тоос шороог нь цэвэрлэн, цахимд оруулсны дараа судруудыг баринтаглаж байгаа. Ихэнх судрууд баринтаг, шоголгүй. Муудаж хуучирсан баринтгийг бид хаядаггүй, давхарлан баринтагладаг. Учир нь ном судрын баринтаг маань өөрөө соёлын өв. Зарим баринтгийг сударт нь зориулж тухайлан бүтээсэн байдаг тул соёлын хосгүй өв болдог. Чухам хэзээ бүх судраа баринтаглаж дуусахыг хэлж мэдэхгүй. Одоо байгаа ганц номын санч маань сан хөмрөгт байгаа бүх ном судраа тоолж, баринтаглахын тулд 180 наслах ёстой болно. JCI-тай хамтран хэрэгжүүлж байгаа хоёр дахь төсөл нь “Номын элч” төсөл. Энэ төслөөр эрдэмтэд зохиолчдоосоо номын хандив авч байгаа. Сая АНУ-д амьдардаг доктор Ш.Баатар 542 судалгааны номыг манайд явуулсан. Бидэнд том хөрөнгө оруулалт хийх төсөв хүрдэггүй болохоор дандаа гадны төсөл, санхүүжилтээр, олон нийтийн тусламжтайгаар ажиллаж байна.
Энэ хүрээнд хийсэн нэг том ажил бол Тайванийн Үндэсний номын сан, Тайванийн Эзэн хааны ордон музейтэй хамтран үзэсгэлэн гаргаад, тэнд байгаа хятад бичиг үсгээр тэмдэглэгдсэн монгол хэлний ном судруудын цахим хуулбарыг авчирсан. Нийт 330 мянган ам.доллараар үнэлэгдэх өв. Хубилай хааны зарлигаар Дөрвөлжин бичиг зохиогдсоны 750 жилийн ойг тохиолдуулан Хятад, Тайванийн музейд хадгалагдаж байгаа дөрвөлжин бичгийн дурсгалууд, “Монголын нууц товчоо”-ны хятад ханзаар, монгол хэлээр бичигдсэн монгол сурвалжуудынхаа өвийг хуулбарлаж авчирсан. Энэ бүгд Тайванийн Үндэсний номын сангийн гадаад харилцааны соёлыг түгээн дэлгэрүүлэх шугамаар хийсэн ажил.
-Таны ярианаас үзэхэд, Үндэсний номын сангийн гадаад харилцаа нэлээн эрчимжиж байгаа юм байна. Цаашид хийхээр төлөвлөсөн зүйл юу байна?
-Ажилдаа барьж ажилласан нэг гол зорилго минь Үндэсний Номын Сангаа олон улсад сурталчлах байсан. Тэр зорилгын хүрээнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн дэмжлэгээр НҮБ-ын төв байранд монгол бичиг номын үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа. Тэнд бид гэрээ барьж, есөн цагаан сүлдээ хойморлуулж, эзэн хаадынхаа тамганы дардсыг тавьж байгаад манай номын санд хадгалагдаж байгаа монгол бичгээр хэвлэгдсэн орчин үеийн номуудыг дэлгэж, НҮБ-ийн гишүүн орнуудын элчин сайдууд, төлөөлөгчдөд сурталчилсан. Энэ ажлыг бид хувь цуглуулагчид, хандивлагчдын дэмжлэгтэй хийсэн.
Түүнчлэн Үндэсний Номын Сангаас санаачлан монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр удаа зохион байгууллаа. Бид Үндэсний номын санд байгаа сурвалж бичгүүдийг олон нийтэд хүргэж, судалгааны эргэлтэд оруулах нэг хаалга нээе гэж бодсон юм. Эхний хурлыг “Үндэсний Номын Санд хадгалагдаж байгаа сурвалж бичгийн өв”, дараагийнх нь "Дэлхийн номын сангууд дахь монгол сурвалж бичгийн өв" сэдвээр зохион байгуулсан. Энэ бол үндэснийхээ номын санг дэлхийн сурвалж судлалд аль хэр үнэ цэнтэйг харуулах гэсэн, дэлхийн сурвалж судлаачдын анхааралд өртөх гэсэн оролдлого байлаа. Үүнийг маань МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, ШУА, Олон улсын монгол судлалын хүрээлэн дэмжиж ажилласанд тун талархаж байна. Миний хувьд, Тайвань, Солонгос улсад болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд Үндэсний Номын Санд хадгалагдаж байгаа сурвалж бичгүүдийн өвүүдээр илтгэл тавьсан.
-Одоо хоёулаа орчин үеийн номын санчдын талаар ярилцъя. Та түрүүн номын сан, номын санчдын талаарх хэвшсэн хандлагыг өөрчлөхийг зорьж байна гэсэн. Мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх талаар хийж байгаа ажлуудаасаа танилцуулахгүй юу?
-Дэлхий нийтийн жишгээр “Номын санч”-ийн ажлыг судлаачид, эрдэмтэд хийдэг болчихлоо. Гэтэл манайд эсрэгээрээ номын санч гэхээр каталоги хийдэг, нэг хүнд ном авч өгч үйлчилдэг үйлчилгээний ажилтан гэж ойлгодог. Энэ ойлголтыг арилгах нь бидний нэг зорилго. Тиймээс цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн номын санч бэлтгэх тал дээр анхаарч, СУИС-тай хамтарч ажилладаг. Бид оюутнуудыг номын сандаа дадлага хийлгэж, сургалтын хөтөлбөрт тусгах тодорхой саналаа хэлж байна. Орчин үе маань номын санчийн талаарх шинэлэг ойлголт, хандлагыг нийгэмд танилцуулах зайлшгүй шаардлагыг бидэнд тавьж байна.
Номын сангийн чиглэлээр 2017 оноос хойш ОХУ-д хоёр магистр, нэг бакалавр, Австралид нэг магистр бэлтгэгдэж ирсэн, бүгд манайд ажиллаж байна. Үндэсний Номын Сангаа дэлхий нийтийн стандартад жаахан ч атугай дөхүүлэх, хүний нөөцөө мэргэшүүлж бэхжүүлэх, уншигч, үйлчлүүлэгчдийн оюуны хэрэгцээг хангахын тулд номын санчид өргөн мэдлэгтэй, уншигчийг хөтөлж ажилладаг байх ёстой болоод байна. Үүнд нийцэж ажиллах хүний нөөц дутмаг байгааг хүлээн зөвшөөрөх ёстой.
Ковидын үед хийсэн хамгийн үр дүнтэй ажлуудын нэг нь 100 жилийн ойдоо зориулаад сан хөмрөгтөө байгаа, хамгийн эртний, ховор хуучин болон орчин үеийн номуудыг танилцуулсан 100 удаагийн лайв нэвтрүүлэг байлаа. Нэвтрүүлэгтээ бид ШУА-ийн 13 салбар хүрээлэнгийн эрдэмтдийн хэвлүүлсэн ном, бүтээлүүдийг танилцуулж, сан хөмрөгөө баяжуулсан. 100 дугаараа хийгээд дуустал маш олон хүнээс санал ирсэн. Тэр дагуу есдүгээр сарын 1-нд эх хэлээ эрхэмлэхүйн сэдвээр Түвшинтөгс доктор хичээл заасан. Үргэлжлүүлээд өргөн хэрэглэгддэг үгсийн журамласан толиор цуврал хичээл явуулж байна. Бид аль болохоор монгол хэлнийхээ талаар дуугарахыг, хэлээ хамгаалах, хэлээ бэхжүүлэхийг хүсэж байна. Эх хэлээ бид эрхэмлэж авч явахгүй бол олон хэлний дарангуйлалд ороод монгол хэл маань хэрэглээний ядмагхан хэл болж хувирах аюул ойрхон байна. Тийм учраас монгол хэлнийхээ дархлааг бэхжүүлэх, эх хэлнийхээ яруу сайхан аялгууг хадгалсан олон бүтээлийг хүмүүст түгээн дэлгэрүүлэхийг, сурталчлахыг хүсэж ажиллаж байна даа.
Сэтгэгдэл ( 3 )
Арын хаалганы баахан хүнтэй, төсвийн мөнгөөр барилга барирхаас өөр юм бдаг юм уу энэ байгууллагад
mergejliin bus zahiral gadaaddaal ih anhaarah yum....n.sangiin barilgiig gatsaagaad 3 sariin dotorl baychuud bair barij b.ashdee..ingej uv soyoloo hamgaalna gj zalah yum..
Goe goe