Бид дахиад л ӨРИЙГ ӨРӨӨР дарах нь

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Тийм ээ, уншигч та буруу уншаагүй. Бид өрийг өрөөр дардаг нөгөө л олхиогүй аргаа энэ удаад ч ашиглах нь. Магадгүй нэг явган яриа үүнтэй төстэй ч байж мэдэх юм. “Манай баг наран дээр очихоор бэлтгэж байгаа гэхэд үүнийг нь сонссон нэг хүн нар халуун шүү дээ та нар яаж хүрэх юм гэж асуудаг. Тэгмэгц бид нарийн төлөвлөсөн наран дээр шөнө бууна” гэж. Яг л энэ явган шог шиг явдал манай улсад, манай эдийн засагт дахиад л тохиох нь. Өнгөрсөн сонгуулиар та бүхэн нэг зүйлд итгэсэн байх л даа. Дахиад өр тавихгүй гэж. Гэхдээ бодит байдал дээр бид үнэхээр май гээд өгчих төгрөггүй учраас гаднаас дахиад л зээлэхээс өөр аргагүй болж байна.

 

Энэ удаад бид HSBC, JP Morgan, Morgan Stanley, Nomura компаниудтай хамтарч зах зээлээс бонд босгохоор төлөвлөж байгаа. Шинэ бондын танилцуулга хоёр хоногийн өмнө хийгдсэн байх учиртай. Шинэ бондын санхүүжилтээр ирэх онд төлөх ёстой “Мазаалай” бондын өрийг дарахад зарцуулна. Бүр тодруулбал ирэх жил бид ховордсон амьтныхаа нэрээр нэрлэсэн 500 сая ам.долларын өрийг төлнө гэсэн үг.

 

Үнэхээр бид дотоод нөөц бололцоогоороо төлөх боломжгүй байсан уу, дандаа л өр тавих юм гэж элдэв өнгөөр өөрсдийгөө тодорхойлсон эх орончид бодож байж болох. Гэхдээ бид үнэхээр чадамжгүй. Учир нь эдийн засаг нь уул уурхайгаа тойрдог, улс төр нь ч уул уурхайгаа тойрдог болохоор тэр. Дээрээс нь экспортын бараа бүтээгдэхүүний төрөлжилт байхгүй. Хамгийн сүүлийн экспортын мэдээллээр 68.5 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаагаас дийлэнхийг нь буюу мөн л 60-аас дээш хувийг нь БНХАУ эзэлж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүн нь ч үнэндээ нүүрс, зэс гэсэн хоёр зүйл дээр тогтдог. Дээрээс нь бид чадамжгүйгээ мэдэхгүй баахан халамж, тэтгэмжийн бодлого баримтлаад тараахыг нь тараачихсан учраас ирээдүйн өв санд баялаг биш өр хуримтлагдсан нь энэ. Нэгэнт нэг хөл дээрээ дэнжигнэж буй эдийн засаг тийм их хэмжээний мөнгийг гаргаад байх чадамжгүй гэсэн үг.

Саяхан даа. Дэлхийн банк Монголын талаарх үнэлэмжээ танилцуулав. Үнэлэмжийг нь товчоор дүгнэвэл олсон хэдээ салхинд хийсгээд, ирээдүйд өр үлдээдэг, итгэж болохгүй улс бол Монголчууд бид. Тэнгэр заяат гэдэг үг Дэлхийн банкны одоогийн үнэлэмжтэй хэр зэрэг зохилдож байгааг хэрсүү уншигч та нэг бодоод үзээрэй. Монгол Улсын хөгжил байгалийн баялаг, уул уурхайн салбараас хамаарч буй ч энэ салбараас олж буй нийт орлогын 99 хувийг зарцуулахдаа ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа тул ирээдүйд баахан өр хуримтлуулж байгааг Дэлхийн банкаас анхааруулсан юм. Цар тахлын нударга дэлхийн эдийн засагт тулж ирсэн энэ бэрх цагт чадамжгүй эдийн засагтай ядуу буурай улсууд салхинд нь хийсчих аюултай. Та таасан бол салхинд хийсгэх улс нь манай улс. Тийм ч учраас уул уурхай гэхдээ хүний тархи, оюун ухаан гэж бодож үзээрэй гэдгийг гаднынхан сануулж байна. Тэд чухам юу сануулж байгааг товч хүргэе.

 

Тэд нэгдүгээрт олсноо хэрэглэх бус мөчлөг дагасан эдийн засагтай учраас орлогоо мөчлөгт тааруулан хуримтлуулахыг зөвлөж байна. Хоёрдугаар эдийн засгийн аль ч салбарт өрсөлдөөнийг бүх талаар дэмж гэж зөвлөж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, гарааны ижил хурдаар эхэлсэн тохиолдолд өрсөлдөөн зохистой хадгалагдана. Гуравдугаарт, эдийн засгийн төрөлжилт гэж сагсалзахын оронд одоо байгаа суурь болсон уул уурхайн баялгаа зохистой ашиглах. Дөрөвдүгээрт бөгөөд хамгийн чухал нь эдийн засагт улс төрийн нөлөөллийг багасгах. Энэ зөвлөгөө бол өгсөн зөвлөгөөнүүдээс хамгийн хэцүү, магадгүй биелэгдэшгүй даалгавар байж болно. Хэрэв улс төрийг бизнесээс салгах уу гэж асуух нь тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэж асуусантай утга дүйнэ.

 

Дэлхийн бусад улсын жишигтэй зүйрлэвэл бидний төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй, эргээд нийгмийн үр өгөөж байдаггүй. Ядахдаа шинжлэх ухааны салбартаа ДНБ-ий нэг хувиа ч зарцуулдаггүй гээд харахаар өрсөлдөх чадвар гэдгээс хоцроод эхэлчихэж байгаа юм. Нөгөөтээгүүр Дэлхийн банкнаас Монгол Улсын банк, санхүүгийн салбар итгэж болохгүй, төлөвшөөгүй гэж дүгнэсэн. Энэ нь гаднын хөрөнгө оруулалт шууд нөлөөлж буй аж. Уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалт дутаад ирэхээр нэг хэсэг тэжээж байсан салбар нь чадамжгүй болно гэсэн үг. Тиймээс ирэх жилүүдэд хөрөнгө оруулалтыг дэмжсэн, бодлогын тогтвортой байдлыг хангасан, банк, санхүүгийн реформ хийсэн, ирээдүйн үр өгөөжөө тооцоолсон байхыг тэд зөвлөж байгаа юм.

Энэ бүгдийг уншсан та одоо нэг зүйлийг тунгааж байгаа байх. Яагаад бид бүхэн өрийг өрөөр дараад байгаа вэ гэдгийг. Дээр дурдсанчлан Дэлхийн банк бас нэг зүйл хэлсэн. Тэр нь ОУВС-гийн хэрэгжүүлсэн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүн тааруу байсан гэдгийг палхийтэл хэлсэнд оршиж байлаа. Мэдээж хэрэг нэг хөтөлбөр хэрэгжүүлээд нөгөөхийг нь дэлхийд нэр хүндтэй санхүүгийн байгууллага тааруу гээд үнэлчихээр биднийг гээд хүрээд ирдэг гаднынхан байхгүй болно гэсэн үг. Тиймээс Ливан шиг дефолт зарлачихгүйн тулд дахин бонд босгох замаар нөгөө бондынхоо өрийг төлнө гэж ойлгож болно. Ард нь дахиад сунайсан гурван жил дараалж бондын өр төлнө.

 

2020-2024 он. Гаднаас босгосон Засгийн газрын бондууд төлөгдөх жил. 2022 онд Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай гаргасан нэг тэрбум ам.долларын бондыг төлж дуусгана. Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2013 онд гаргасан 10 жилийн хугацаатай 30 тэрбум иен, 2017 оны хоёрдугаар сард гаргасан 124 сая ам.долларыг 2024 онд төлж дуусгана. Дээрээс нь БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлэлцээрийн зургаан их наяд төгрөгийн асуудал бий. Бондуудын өр гээд л яригдаад байгаа болохоос хамгийн эрсдэлтэй, магадгүй сөхрөөд уначих боломжтой өр бол Ардын банкын байгуулсан своп хэлцэл. Энэ гэрээний хугацаа 2023 онд дуусна.Яг есөн жилийн өмнө своп хэлцэл хийх гэрээнд гарын үсэг зурж байлаа. Энэ хугацаанд манай талаас хугацааг гурван ч удаа сунгаж, мөнгөн дүнг ч мөн адил гурван удаа нэмэгдүүлсэн юм.

 

Своп хэлцэл гэдэг нь хүү, хураамжтай, нэг төрлийн зээл юм. Зах зээлээс өндөр хүүтэй мөнгө босгохын оронд гэрээ, хэлцлээр нөхцөлөө тохироод, харьцангуй бага хүүтэй хөрөнгө татахыг гаднын гоё үгээр своп хэлэлцээр гэж тодорхойлж буй. Анх своп хэлцэлд гарын үсэг зурснаас яг нэг жилийн дараа 2012 онд мөнгөн дүнг манай талаас хоёр дахин нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон юм. Дараа нь дахиад хоёр жилийн дараа хэлэлцээрийн хугацаа дуусах болоход гурван жилээр сунгаад, нэмээд таван тэрбум юань нэмсэн байдаг. Ингээд нийт өрийн хэмжээ 15 тэрбум юань болсон гэсэн үг. Гурван жилийн хугацаа 2017 онд дуусахад манай талаас дахин гурван жил сунгах хүсэлт гаргаж үүнийг нь Хятадууд нэлээд дурамжхан, уцаартайхан хүлээж авав. Бүр дахин сунгах тухай асуудал байхгүй гэж хүртэл мэдэгдэж байлаа. Гэхдээ нэгэнт нэг тал нь чадамжгүй учраас энэ жил дахин хэлэлцээд хугацааг нь 2023 он хүртэл сунгаж орхисон билээ. Одоо бол нэг бондынхоо л өрийг өрөөр дарах тухай бодож байгаа тул гурван жилийн дараах, хоёр жилийн дараах асуудал Засгийн газарт ч, Монголбанканд ч алга.

Уг нь аль жилийн өмнө дэлхийн эдийн засагт цар тахлын нударга тулж ирээгүй байхад ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард “Нартай байгаа дээр дээврээ битүүл” гэж сануулж байлаа. Угтаа ямар ч чадамжгүй атлаа олон тэрбумийг зээлсэн танайх улсууд дампуурдаг юм гэдгийг боловсон сануулсаар атал УИХ-ын сонгуулиар суудлаа хэрхэн нэмэгдүүлж, хэн нь засаглахаа анхаарсаар өнөөтэй золгов. Сонгуулиар засаг барих болсон эрх баригчид одоо өрийг өрөөр дарна гэдгээ зарлаад байж байна. Цаана нь дахиад ч олон өр биднийг хүлээж буй...

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.49) 2020 оны 09 сарын 23

Одоо аль нам төр барих үед засаг төрийн тэргүүн хэн ямар зорилгоор хичнээн төрөгний өр тавьсаныг и л болгооч ард түмэн мэдэг

0  |  0
Зочин(202.9.46.219) 2020 оны 09 сарын 23

МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ НЬ ХОЙД ХОРМОЙГООРОО УРД ХОРМОЙГОО НӨХӨЖ, АРД ТҮМЭН НЬ Ч ХОЙД ХОРМОЙГООРОО УРД ХОРМОЙГОО НӨХӨН АМЬДАРЧ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ. ИЙМ УЛС ОРОН ХОЛ ЯВАХГҮЙ ЭЭ.

0  |  0
Зочин(202.9.46.219) 2020 оны 09 сарын 23

МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ НЬ ХОЙД ХОРМОЙГООРОО УРД ХОРМОЙГОО НӨХӨЖ, АРД ТҮМЭН НЬ Ч ХОЙД ХОРМОЙГООРОО УРД ХОРМОЙГОО НӨХӨН АМЬДАРЧ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ. ИЙМ УЛС ОРОН ХОЛ ЯВАХГҮЙ ЭЭ.

0  |  0
Өвгөн жолооч(66.181.161.30) 2020 оны 09 сарын 23

Улс орноо өрөнд оруулж байгаа нь миний бодлоор: Эрх мэдэлтэй болохын төлөө тэмцэлд маш их баялаг үрэгдэж байна.Олон нийт массад таалагдаж санал авч сонгогдохын тулд эдийн засгийн бүхийл боломжуудыг шавхан дайчилж байна.Ж: С.Баяр .Ц.Элбэгдорж нарын маш том амлалт улс орноо хүнд байдалд оруулж байсан шүү. Өрийг нь төлөх гэж яаж зовлоо.Мартаагүй шүү.Иймд улс төр бизнэсийг салгуу хол байлгах.ИХ ЗГ хан хоноцын сэтгэлгээгээр бүү хандаасай.

0  |  0
Иргэн(66.181.182.65) 2020 оны 09 сарын 24

Мөнгө мөртэй гэдэг! Өмнөх олон тэрбум дойлуурын бондын мөнгийг авсан хүмүүсээрээ наад өрөө төлүүлээчээ! Болохгүй бол дампуурлыг нь зарлаад наад компаниудаа зараад эдийн засгийн эргэлтээ бодоочээ! Хэний төлөө дахиж өр тавих гээд бнаа?! Арай л арчаагүй бна шүү! Хүрэлсүх ЕС хатуу чанга байх гэж жүжиглээгүй л юм бол одоо л хатуу арга хэмжээ авах цаг чинь биш юм уу?!

1  |  0
Top