Г.Занданшатар: Үйлдвэрлэл эрхэлж байж л бид хөгжинө

2020 оны 09 сарын 28

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ховд аймагт ажиллалаа. Тэрбээр эхлээд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, өнгөрсөн наймдугаар сард хуралдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан реформын шинж чанартай томоохон 42 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэ намрын чуулганаар хэлэлцэн батлах Шүүхийн тухай багц хуулийн төсөл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудын өөрчлөлт аймаг, орон нутгийн ажил, амьдралд эрс шинэчлэл, дэвшил авчрах чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

-Шүүх шударга болбол нийгэмд шударга ёс тогтоно, төр цэгцэрнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар орон нутагт эрх мэдлийг өгнө, орон нутгийн засаглалыг бэхжүүлнэ, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ. Ингэж байж орон нутаг бие даан хөгжих боломж бүрдэнэ. 1335 жилийн түүхтэй Ховд хот Жаргалант сум биш, хот болно. Дэлхийн жишгийн төлөвлөлттэй, эдийн засаг, нийгмийн цогцолбор болох ёстой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Мөн “Дээрээс эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн давалгаа дунд, анхан шатандаа, аймаг, суманд үргэлжлэх ёстой. Өөрөөр хэлбэл нэгдмэл зорилготой, хүчээ нэгтгэж байж бид улс эх орондоо өөрчлөлтийг, хөгжлийг авчирна. Үүнд төрийн байгууллагын алба хаагчид та бүхний үүрэг оролцоо нэн чухал” хэмээн онцлов.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна хэмээн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан. Тиймээс хөгжлийн бодлогыг ойрын болон дунд, урт хугацаагаар төлөвлөх ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, дунд хугацаа буюу 5 жилийн Үндсэн чиглэлийг баталсан нь энэ бодлого хэрэгжиж байгаа хэрэг юм” гэв.

Тэрбээр УИХ-ын сонгуульд Ховд аймагтаа нэр дэвшин өрсөлдөх үеэрээ дэвшүүлсэн Ховд аймгийн хөгжлийн 10 бодлогоо Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн тусгуулсан гэдгээ энэ үеэр мэдээллээ. Тухайлбал, эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаж, экспортлох боломж бүрдэх Эрдэнэбүрэнгийн УЦС, баруун бүс нутгийн хэрэгцээг бүрэн хангах Цементийн үйлдвэр, малын гаралтай түүхий эд боловсруулах Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг ажил эдгээр бодлогод тусчээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар дараа нь тус аймагт баригдаж буй “Ховд үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэргэдэх цэвэрлэх байгууламжийн барилга, угсралтын ажилтай танилцав. Энд нийтдээ 100 га талбайг хамарсан малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор баригдах бөгөөд цэвэрлэх байгууламжаа эхэлж барьж байгаа аж. “Цогцолбор бүрэн ашиглалтад орох үед арьс шир, хаягдал яс, ноос, ноолуур угаах, самнах, өлөн гэдэс боловсруулах, адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэрүүд баригдана. Түүнчлэн цогцолборыг дагасан оёдол, гутал, сүлжмэл, саван, сав баглаа боодлын зэрэг арав орчим жижиг, дунд үйлдвэр ажиллана гэж тооцож байгаа” хэмээн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ярилаа. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хувьд байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй байх, химийн хорт бодисыг хоргүйжүүлэх нь нэн чухал учраас хоногт 1500 шоометр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжаа юуны түрүүнд барьж байгаа аж.

-Хэдийгээр орчин үеийн, шинэ техник, технологи ашиглах гэж байгаа ч үйлдвэрийн бохир гэдэг бол онцгой хариуцлага шаарддаг ажил. Тиймээс манай яам энэ байгууламжийн угсралт, технологид мэргэжлийн хяналт тавьж, тусалж дэмжиж ажиллах болно гэж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ.    

Цогцолборын дэд бүтцийн асуудлыг төр буюу аймаг хариуцах бөгөөд цогцолборыг барьж байгуулахад хөрөнгө оруулах хүсэлтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олон байгаа гэнэ.

Тус аймагт өрнөж буй өөр нэг томоохон бүтээн байгуулалт бол жилдээ 300.0 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн эко үйлдвэр юм. Аймгаасаа 15 км-т, Буянт сумын нутагт баригдаж байгаа энэ үйлдвэр байгаль орчинд ээлтэй хуурай аргаар, хаягдал хий, усаа дахин ашиглах шилдэг технологийн үйлдвэр юм байна. Үйлдвэрийг “Вестерн холд” ХХК байгуулж буй бөгөөд гаднын оролцоогүйгээр зөвхөн монгол инженер, ажилчид барьж байгуулж байгаагаараа онцлог юм. Баруун бүсийн 5 аймаг нийтдээ 220.0 орчим мянган тонн цементийн жилийн хэрэглээтэй байгаа бөгөөд энэ үйлдвэр ашиглалтад орсноор бүсийн аймгуудын хэрэгцээг хямд үнэтэй цементээр бүрэн хангах боломж бүрдэнэ. Одоо Улаанбаатараас тонныг нь 150.0 мянгаар авсан цемент Ховдод ирэхдээ зардал шингэж 310.0 мянга болдог гэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Дарханд арьс, шир боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Ховдынх тэгэхээр улстаа хоёр дахь нь гэсэн үг. Жилдээ 1.0 сая ширхэг арьс шир боловсруулах юм байна. Дэд бүтцээ шийдээд өгчихвөл хөрөнгө оруулъя гэсэн дотоодын аж ахуйн нэгж олон байгаа юм байна. Тиймээс дэд бүтцийн ажилд шаардагдах санхүүжилтийг улсаас шийдэж өгөх нь зайлшгүй чухал гэж үзэж байна.

Цементийн үйлдвэр баруун бүс нутагт чухал ач холбогдолтой. Жишээ нь энэ үйлдвэр ашиглалтад орчихвол одоо нэг ам метр нь дунджаар 1.1 сая төгрөг байгаа орон сууцны үнэ 850-870 мянга болж буурах нь. Хоёр үйлдвэр малчин түмэн, иргэдийн амьжиргаанд маш том тус дэм болох юм байна. Ерөөсөө Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлж байж л хөгжил дэвшилд хүрнэ. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээс махнаас бусад нь үнэгүйдчихээд байгаа. Тэдгээрийг үнэд оруулах, аймаг, сумын төвүүдийг орон сууцжуулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой бүтээн байгуулалт хийж байгаа Ховдчуудад баяр хүргэх нь зүйд нийцнэ. Төр бодлогоор дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэв.            

Аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентаас батлан гаргаж буй хууль тогтоомж, зарим онцлог хуулиудын агуулга, ач холбогдол, төрийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.  

Иргэд төсвийн хуулиа чанд баримтлах, алдагдалтай төсөв батлахгүй байх, зардлаа хэмнэх, үйлдвэрлэлийн паркийг дэмжиж, шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгаж өгөх, тэтгэврийн шинэчлэлийг хугацаа алдалгүй хийх, багийн нийтийн хуралд иргэдийн төлөөлөл, оролцоог хангах, орон нутагт баригдаж буй барилгын чанарт хяналт тавих, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, зогсоолыг заавал шийддэг байх хууль гаргах, хот болсон тохиолдолд төсвийн эрх мэдэл, нутаг дэвсгэрийн асуудлыг нэг мөр шийдэх, бүсийн тулгуур төвүүдийн эрх, үүрэг, статусыг тодорхой болгох, сумын Засаг даргыг ард түмэн сонгодог, багийн Засаг даргыг сумын дарга нь томилдог болгох зэрэг санал хэллээ.   

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар иргэдийн асуусан асуултад хариулт өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top