Франц улсад 50 гаруй исламын байгууллагыг шалгана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

 

Франц улсад үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй исламын шашны байгууллагыг шалгана гэж Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен мэдэгджээ. Энэ сарын 16-нд Парисын ойролцоох хотод зөнч Мухаммедын шог зургийг сурагчдад үзүүлсэн түүхийн багшийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан ийм арга хэмжээ авах гэнэ.

Долоо хоногийн дотор 51 исламын шашинтай холбоотой байгууллагыг шалгах бөгөөд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр ихэнхийг нь татан буулгана гэж Жеральд Дарманен тодруулжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Францын эрх баригчид хэт даврагч үзэлтэй 231 хүнийг тус улсаас албадан гаргахаар зэхэж байна. Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Францын Дотоод хэргийн сайд орон нутгийн эрх баригчдад холбогдох үүрэг өгсөн байна. Эдгээр хүмүүсийн 180 нь өдгөө тус улсад хоригдож байгаа бол бусдыг нь ойрын үед баривчлах аж.

Энэ сарын 16-нд Парисын ойролцоох Конфлан Сент Онорин хотын нэгэн сургуулийн 47 настай түүхийн багшийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Гэмт этгээдийг хэргийн газар ирсэн цагдаа нар буудан хороожээ. Хэргийг мөрдөн шалгах явцад хууль хүчнийхэн 11 хүнийг саатуулаад байна. Хууль хүчнийхэн аллагын шалтгааныг багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбож байна. Тэрээр энэ сарын 5-нд үг хэлэх эрх чөлөөний тухай сэдвээр хичээл заах үеэр зөнч Мухаммедын шог зургийг сурагчдадаа үзүүлж байжээ. Үүнээс хойш түүнийг зарим эцэг эхчүүдийн зүгээс заналхийлэх болсон тухай амиа алдсан багш цагдаад мэдэгдэж байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top