Францын Безье хотын нэгэн коллежийн 13 настай охин англи хэлний багшаа заналхийлсэн хэрэг гарчээ. Охиныг цагдаагийнхан баривчилсан гэж орон нутгийн “Midilibre” хэвлэл мэдээлжээ.
Энэ сарын 10-нд хичээлийн үеэр багш охиноос хичээлийн хэрэгслээ яагаад авчраагүй тухай асууж, ийм явдал хэд хэдэн удаа давтагдаж буйг сануулсан байна. Охин хичээл хийх хүсэлгүй байна гэж хариулахад багш хичээл хийхгүй тохиолдолд танхимаас гаргахаас өөр аргагүй гэжээ. Энэ үед охин багшдаа дөхөж очин, арьсыг нь хуулна гэж заналхийлээд зэвсэгтэй явж байгаа гэсэн байна.
Коллежийн дэд захирал болсон үйл явдлын тухай цагдаад мэдэгдсэн ба хүчнийхэн охиныг гудамжинд явж байхад нь саатуулжээ. Нэгжлэг хийх үед охины цүнхнээс гал тогооны том хутга олсон байна. Сургуулийн захиргаа ирэх зун хүртэл түүнийг хичээлээс чөлөөлөх шийдвэр гаргажээ.