2019 оны 12 дугаар сард БНХАУ-д анх бүртгэгдсэн коронавируст халдвар (Ковид-19) дэлхий дахинд хурдацтай тархаж, 216 орныг хамраад байна.
Манай Улсад 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 328 өвчлөл зөөвөрлөгдөн орж ирсний 80 орчим хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирж, тусгаарлан эмчлэх, халдваргүйжүүлэх ажлыг тасралтгүй үр дүнтэй зохион байгуулсны дүнд өнөөг хүртэл дотооддоо халдвар тархаагүй цөөн улсын нэг болоод байна.
Импортлогдон орж ирсэн халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлуудад Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тусгай мэргэжлийн баг халдварын голомтод ажиллаж, голомтын байнгын болон эцсийн халдваргүйжүүлэлтийг зохион байгуулж, цаашид халдвар тархахаас сэргийлж байна.
Хэрэв Монгол улсад хүн амын дунд халдвар гарч, цар тахлын дэгдэлт болсон тохиолдолд тус мэргэжлийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүй болох тул орон нутаг, нийслэлд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх 3405 хүний бүрэлдэхүүнтэй 684 багийг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаад байна.
Цаашид дотооддоо цар тахлын дэгдэлт гарахаас сэргийлэн, хариу арга хэмжээний чадавхийг дээшлүүлэх зорилгоор багийн бүрэлдэхүүнд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх, мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтыг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын төв хамтран зохион байгуулж, аймаг нийслэлийн 118 халдвар судлаач эмч, ариутгагч нар оролцож, харилцан туршлага судалж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл ( 1 )
Zov oo. Seremj mash ih heregteı bidend. Bushuuhan ene muuhai ovchin zogsoosoi