Монголын мэс засалч эмч нарын ХIII чуулга уулзалт боллоо

2020 оны 10 сарын 28

Монголын мэс засалч эмч нарын ХIII чуулга уулзалт 2020 оны аравдугаар сарын 23-24-ний өдөр Орхон аймагт амжилттай зохион байгуулагдаж нийслэл, орон нутгийн төлөөлөл болсон нийт 280 гаруй мэс засалч эмч нар оролцлоо.

“Монголын мэс заслын тулгамдсан асуудлууд 2020” нэрийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулганд мэс засалч эмч нар өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи, дэлхийн мэс заслын чиг хандлагын талаар зөвлөлдөв.



Чуулганд нийслэл, орон нутгийн төлөөлөл болсон нийт 280 гаруй мэс засалч эмч нар оролцлоо. Чуулганы нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Г.Нямхүү, дэлхийн шилдэг мэс засалч, Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор О.Сэргэлэн, Монгол Улсын Ардын эмч, хүний гавьяат эмч Цэдэн-Иш, УИХ-ын гишүүн, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн болон Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Орхон аймгийн БОЭТ-ийн дарга Б.Батсүх, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ нар оролцлоо.



Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал нээлтийн арга хэмжээний үеэр тус үйл ажиллагааг зохион байгуулахад орон нутаг 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж буйгаа хэлсэн юм. Ахмад үеэсээ суралцаж, ёс зүй, харилцаа хандлагаа улам бүр сайжруулж, ажилдаа судалгаатай байж, онолын мэдлэгээ байнга дээшлүүлж байх нь зүйтэй талаар Монголын мэс засалч эмч нарын холбооны ерөнхийлөгч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдлаа. Түүнчлэн хот хөдөөгийн мэс засалчдын ур чадварын ялгааг арилгах, хамтран ажиллах бодлого төлөвлөлтийг боловсруулах тал дээр анхаарах нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top