Н.Учрал: Би иргэдээ бодож, хувийн тэтгэврийн хууль санаачилсан

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна


Б.Энхбаяр:

-Тэтгэврийн реформ бол энэ удаагийн парламентын хийх ёстой таван том реформын нэг гэж бодож байгаа. Хэдэн асуудлууд тодорхой болох шаардлагатай байна. Заавал даатгах албан журмын даатгалын 17 хувиас дөрвөн хувийг нь хувийн компаниудад өгнө гээд байна шүү дээ. Энэ тохиолдолд хэдэн төгрөгийн ачаалал ирэх таван жилд нийгмийн даатгал дээр нэмэгдэх вэ. Цаашдаа даатгал төлөгчийн тоо, иргэдийн цалин нэмэгдэнэ. Үүнийг яг ямар компаниудад өгөх гээд байна. Нэрээр нь хэлж болох уу? Сонирхлын зөрчилтэй этгээдүүд парламентад байна уу гэдгийг мэдмээр байна. Хүмүүс хэдэн жилийн дараа  хувийн тэтгэвэр авч эхлэх вэ? Сайн дураар даатгуулагч зөвхөн хувийн санд хамрагдаад явж болох уу. Мөн хувийн тэтгэврийн сан дампуурвал яах вэ. Бид хэд хэдэн банк дампууруулсан. Одоо ч тэнд байгаа нийгмийн даатгалын мөнгийг авч чадахгүй байгаа. Гэтэл бид одоо хувийн дөрөв, таван компанид 400, 500 тэрбум төгрөг ч өгч магадгүй асуудал ярьж байна л даа. Одоо тэтгэвэрт гарч байгаа ахмадуудад хүртээлгүй хууль юм байна шүү.

Н.Учрал:

-Ямар нэгэн компанид мөнгө төгрөг өгөх гээд байгаа юм байхгүй. Би нэг зүйлийг хэлье. Хувийн компаниуд, зарим аж ахуйн нэгжүүд ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, ажилчдынхаа цалингаас шимтгэл аваад сууж байна шүү дээ. Тэгэхээр бид нүдээ аниад, үүнийг хуульгүй байлгаад байх юм уу. Зарим банк дэргэдээ сан байгуулчихсан. Сан дээрээ хоёр, гурван мянган хэрэглэгчтэй болчихсон "Бид төрийн бус" байгууллага ажиллуулж байгаа гээд явж байна. Банкны дэргэд байгаа сангууд эхнээсээ “Манайхаас хүн тэтгэвэрт гарсан” гээд сууж байгаа шүү. Нэг өдөр тэд тэтгэвэр тавьж чадахаа байчихвал яах вэ. Манай улсад ийм хууль, эрх зүйн орчин байхгүй гээд суух уу. Дэлхийн улс орнууд эв санааны зарчмаас олон тулгууртай болох гэж алхам хийж байна. Энэ алхмын нэг бол хувийн тэтгэврийн эрх зүйн орчныг бий болгох юм. Түүний дараа төрийн тэтгэврийн сангуудынхаа менежментийг сайжруулдаг. Ийм л замаар явдаг. Гэтэл үе үеийн парламент үүнийг ярихаар попроод улстөржөөд суугаад байна. Эрүүл саруул, шинжлэх ухаанчаар мэтгэлцээд энэ дээр яриа өрнүүлж болно. Юм болгоны ард ийм тийм юм байна гээд байж болохгүй. Тэр дөрвөн хувийг нь ажлын хэсэг дээр хуралдаад авчихъя л даа. Би юу бодсон бэ гэвэл энгийн ард түмнээ, нэмж ганц, хоёр хувийн шимтгэл төлж чадахгүй иргэдээ бодсон шүү. Энэ хүмүүст ядаж орон сууцанд урьдчилгаагүй орох боломж нь олдоосой. Арилжааны банкуудын дэргэд ажиллаж байгаа сангууд дээрх шиг нэмэлтээр шимтгэл төлж чадахгүй иргэн олон байгаа. Дээрээс нь өнөөдөр энэ салбарын сайдууд сан удирдахаа болихгүй юм уу. Хөрөнгө оруу­лалтын сангийн хуулиараа хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулах ёстой. Тэгээд тэр хөрөнгө оруулсан компаниуд чинь бүгд дампуурч байж энэ сан чинь дампуурна. Ийм л зохицуулалттай. Ард түмэн мөнгөгүй байлаа ч сар болгон арав хорин мянгыг төлчих боломж байгаа шүү. Үүгээрээ дамжуулж иргэд Баялгийн сандаа, төрийн тэтгэврийн сандаа эзэн болно.

Х.Булгантуяа:

-Энэ үнэхээр чухал хууль байгаа юм. Бид энэ зохицуу­лалтыг хийхгүй бол энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллага, компани, сангууд байгаа юм билээ. Үүнийг бид хуульчилж өгснөөр дараа дараагийн санхүүгийн эрсдлээс хамгаалах механизмыг бий болгоно. Одоо хуулийн төсөл дээр ХНХЯ-тай нэг ажлын хэсэг байгуулаад санаа бодлоо нэгтгээд явъя гэж байгаа юм байна. Үүгээрээ шийдээд явбал яасан юм бэ. Тэтгэврийн шинэчлэлийн ажлыг нэг зүйлээр ч гэсэн эхэлье гэсэн саналаар дэмжиж байгаа.

Ж.Батсуурь:

-Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэтэл мэргэжлийн яам, хууль санаачлагч хоёр УИХ-ын танхимд орж ирээд мэтгэлцээд байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Мөрийн хөтөлбөрөө аль нь хэрэгжүүлэх юм. Чадахгүй бол “Бид ард түмэнд амласан амлалтаа биелүүлж чадахгүй нь. Буруу тооцоо хийж” гэдгээ хэлэх хэрэгтэй. Мэргэжлийн яам нь айж хулчийгаад, хууль санаачлагчид нь "Тэтгэврийн эрс шинэчлэл хийнэ" гэх юм. Үүнийгээ намынхаа бүлэг дээрээ ярьж тохирдоггүй юм уу. Аль замаар явахаа шийдээгүй байж доторх хувь процентоо яриад байх юм. Миний хувьд нийгмийн даатгалын багц хуулийг оруулж ирж, хамт хэлэлцэх ёстой гэж бодож байна. Тэтгэврийн шинэчлэлийг цаг алдалгүй яаралтай хийж,  тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хэрэгтэй. Хамтын тэтгэврийн хуультай байлаа гээд юу хожсон юм. Нэг банкинд мөнгөө хэдэн тэрбумаар алдчихсан. Хэн ч хариуцлага хүлээхгүй 40 сая төг­рөгөөр торгуулаад тэтгэвэр авагчдыг хэдэн тэрбумаар хохироож байна. Тиймээс тэтгэв­рийн олон тулгуурт бодлого хэрэгжүүлж баялгийн сантай холбох, стратегийн орд газруудыг яарал­тай эргэлтэд оруулах ёстой.

С.Чинзориг:

-Энэ удаад уг хуулийн  төслийг хэлэлцэх эсэхийг нь хойшлуулъя. Засгийн газрын боловсруулсан хуулийн төсөл ороод ирэхээр хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Одоо тэтгэвэр авч байгаа хүмүүст энэ хууль үйлчлэхгүй. Тэгэхээр үүнийг хэлэлцэж, нийгмийг талцуулах шаардлага байхгүй. Өнгөрсөн парламентаар 2020 оны Нийгмийн даатгалын хуулийг батлахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэх гэсэн. Тэр хууль дээр Ерөнхийлөгч хориг тавиад УИХ нь хүлээгээд авчихсан. Хоёр хувиар нэмэхэд орлого нь сарын 17 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байсан. Одоо хувийн компаниудад албан журмаар дөрвөн хувийг нь өгнө гэхээр жилд 350-иас доошгүй тэрбум төгрөг нийгмийн даатгалын шимтгэлээс авч, тусад нь хуримтлал үүсгэнэ гэсэн үг. Ингээд жил тутам 350-иас доошгүй тэрбум төгрөг аваад хуримтлал үүсгэх юм бол одоогийн байгаа тэтгэврийг нэмэх нь битгий хэл, сар тутам тэтгэврээ тавьж чадах уу, үгүй юу гэдэг асуудал тулгарна. Тийм учраас энэ хуулийн төсөл шинэчлэлийн нэртэй боловч одоогийн тогтолцоогоо нураах, гэдэс дотрыг нь оролдох гэсэн хууль болчихно. Тэгэхээр хуулийн төслийг энэ удаа хэлэл­цэх эсэхийг нь дэмжих боломжгүй болчихоод байгаа юм.

Зарим залуус "Нийгмийн даат­галд шимтгэл төлөхгүй, банкинд хадгалуулбал бөөн мөнгөтэй болно" гэдэг. 20 жил хүлээж байж ашиг хүртдэг гэж буруу ойлголт түгээгээд байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг өнөөдөр төлөөд маргааш нь ашиг шимийг хүртдэг. Хөдөлмөрийн чадвараа алдвал тэтгэмжээ авна, ээжүүд жирэмсний амралтын тэтгэмж авна, гэнэт халагдвал ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Нийгмийн даатгалын сан алдагдалтай нь үнэн. Гэхдээ алдагдал гэдэг чинь Төр хариуцах ёстой юмаа өгч байгаа хэрэг. Аливаа эрсдлийг нь төр хариуцаад явж байгаа шүү дээ. Тийм  болохоор одоогийн тогтолцоо дээр асар их ачаалал үүрүүлсэн хуулийн төсөл оруулж ирснээ "шинэчлэл хийж байна" гээд нийгмийг талцуулаад байж болохгүй. Ийм зарчмын байр суурьтай байна. Асуудлыг цогцоор нь ярихгүй, хаа гуяар нь салгаад байж болохгүй шүү. Жоомоо устгах гээд байшингаа шатааж болохгүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(202.55.191.130) 2020 оны 11 сарын 02

ene teneglel shuu. hamgiin hargis huulitai amerikiig duuraij ard tvmenee ylgaj bgaa ni tun zohisgui ch dee.ene bol mongold heregui huuli shuu..

1  |  0
зочин(66.181.177.113) 2020 оны 11 сарын 02

Гол нь төрд байж менежментийг сайжруулж болно.Сайн дураар хувийн даатгалын компанийг тусгай зөвшөөрөлөөр хяналттай байлгаж болно. 20 жилд горьдлх юм байхгүй. 4 хувийг хувийн дансанд хийнэ гэдэг утгагүй.

0  |  0
Top