Монгол Улсад, МУИС-д сэтгүүлч мэргэжлээр элсэлт авч эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан “Сэтгүүл зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг /2020.10.30/ зохион байгууллаа. Хуралд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн үе үеийн төгсөгчид, сэтгүүл зүй судлаач, эрдэмтэд болон холбогдох мэргэжлийн байгууллага, салбарын төлөөлөл оролцсон юм. МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим нь Монгол Улсад сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж эхэлсэн ууган тэнхим билээ.
Эрдэм шинжилгээний хурлаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатар “МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим: Өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, Профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафиль “Сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал, тулгамдсан зарим асуудал”, Профессор, шинжлэх ухааны доктор Л.Норовсүрэн “Сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан зарим асуудал”, ШУС-ийн дэд захирал доктор, профессор Б.Болд-Эрдэнэ “Блокчейн технологи сэтгүүл зүйн ирээдүй болох нь” сэдвээр тус тус хавсралт илтгэл хэлэлцүүллээ.
Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн түүхээс
Анх 1960-1961 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл бичгийн факультетын Хэл шинжлэлийн тэнхимийн харьяанд сэтгүүлчийн анги нээсэн байна. Тухайн цаг үед нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын салбар жилээс жилд өргөжин тэлж, шийдвэрлэх асуудлын цар хүрээ урьд байгаагүй ихээр өссөн. Цаг үеийн шаардлагын дагуу Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлчийн мэргэжлээр элсэлт авах болсон нь эх орондоо дээд боловсролтой сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэлийг тавьсан хэрэг байлаа. Харин 1961-1962 оны хичээлийн жилд Нийгмийн ухаан факультетын дэргэд Сэтгүүл зүйн тэнхимийг байгуулж, анхны эрхлэгчээр нь тэр үед ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн Лувсандашийн Содовыг томилжээ.
Анхны жилүүдэд ЗХУ-ын Киевийн Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, дэд эрдэмтэн, доцент И.Л.Демъянчукийг мэргэжилтэн багшаар урьж ирүүлсэн нь шинэ тутам байгуулагдсан тэнхимийн сургалтын стандартыг тогтоох, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр зэрэг үндсэн баримт бичгүүдийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, багш нарын мэргэжлийн мэдлэг, заах аргыг сайжруулах, сургалтын агуулгыг баяжуулахад чухал түлхэц болсон байна.
МУИС нь 2020 оны байдлаар нийт 38 удаагийн төгсөлтөөр 1350 сэтгүүлч, магистр зэрэгтэй 162, доктор зэрэгтэй 14 судлаачийг төгсгөн гаргажээ.
“Сэтгүүл зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатарын хэлэлцүүлсэн “МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим: Өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт үндсэн илтгэлийг толилуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )