УИХ-д Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Тус Түр хороог УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, гишүүдэд Байнгын хороодын дарга нараас гадна УИХ дахь цөөнхийн төлөөлөл буюу АН-ын бүлгийн дэд дарга Б.Бейсен, “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл С.Ганбаатар, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржханд, бие даагч Н.Алтанхуяг нар багтсан байна. Түр хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.
Энэ үеэр Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэдий хэмжээний хөрөнгийг төсвийн захирагч нарын хооронд шилжүүлж, төсвийн зориулалтаас нь өөрөөр буюу халдвартай тэмцэхэд зориулж зарцуулсан талаар, мөн халдвартай тэмцэх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн шаардлага хангаагүй хүмүүсийг томилж буй талаар тодруулж, гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн мэдээлэл ил тод болсон нь төдийлөн ойлгомжтой харагдахгүй байгаа талаар хэллээ.
Дээрх асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт халдвартай тэмцэхэд зориулж 12 төрлийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлснээс төсөвт тусаж буй ачаалал нь 2.4 их наяд төгрөг байна гээд төсөв захирагч нарын хоорондын зохицуулалтаар хүүхдийн мөнгөнд шилжүүлэг хийх зайлшгүй шаардлага үүссэн талаар хариуллаа. Мөн Ажлын хэсгээс Засгийн газрын хийгдэж буй төрийн жинхэнэ албан тушаалын томилгоо хууль зөрчөөгүй гэсэн тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дэлхийд 21 хоногийн тусгаарлалттай улс орон алга байна гээд тусгаарлалтын 21 хоногийг яаж тооцож гаргасан талаар, мөн хандив, тусламжаас даргалах бүрэлдэхүүн бие биенээ урамшуулж буй учир хандив, тусламжийн зарцуулалтын талаар тодрууллаа.
Түүнчлэн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийн биелэлтийн талаар тодруулж, иргэд амны хаалт хэрэглэх ёстой юу, үгүй юу гэдгийг нэгмөр болгох талаар санал хэлэв. Гишүүний асуултад хариулахдаа Шадар сайд Я.Содбаатар Улсын онцгой комисст цугласан хөрөнгийн зарцуулалт ил тод нээлттэй болсон талаар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дэлхийн улс орнуудад 14 хоногоос дээш хугацаанд халдвар илэрч буй учир тусгаарлалтын 21 хоногийг мөрдөж байгаа талаар тоо баримттай танилцуулав. Тэрбээр мөн 21 хоногийн тусгаарлалт нь дотооддоо халдвар алдахгүй байх нэг нөхцөл болно гэдгийг тодотгосон юм.
Сэтгэгдэл ( 0 )