Нурангин дороос цэцэглэсэн САХИУСАН ТЭНГЭРҮҮД

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

Туркт өнгөрсөн баасан гарагт газар хөдлөлт болж, олон арван байшин нурсан билээ. Газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн гэмтэж бэртэж, амиа алдагсдын тоо 114 болоод байна.

Газар хөдлөлт болсноос хойш гурав хоногийн дараа аврагчид хоёр бяцхан хүүхдийг нурангин дороос эсэн мэнд гаргаж авч чадсан билээ. Амьдрахын төлөө балчир ухаан, бяцхан биеэрээ тэмцсэн тэд олны зүрхийг хайлуулж, нурангин дороос цэцэглэсэн сахиусан тэнгэрүүд гэгдэж байна.


Аврагчийн гарыг тавиагүй Элиф Перинчек
 


Измир хотод орон сууцны барилгын нурангин дор 65 цаг байсан Элиф Перинчек аврагчдын амьд гаргаж авсан 106 дахь хүн болсон юм. Истанбулын уугуул, аврагч Муаммер Челик түүнийг олжээ. Муаммер “Охины аав бидэнд түүний байрлалыг зааж өгсөн. Би охиныг ор, шүүгээ хоёрын дунд байж магадгүй гэж бодоод үзэхэд тэр дээшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Охиныг тэврээд нүүр амыг нь цэвэрлэхэд тэр миний хуруунаас шууд л атгаад авсан. Өөр нэг аврагчийн хамт түүнийг эмнэлгийнхэн рүү хүргэх замд охин миний гарыг тавихгүй байсан. Элиф одоо Истанбулын аврагч нарын дундаас ах нартай боллоо. Тэр хүссэн үедээ манайд зочилж болно. Тэр бол бидний гайхамшиг” хэмээн ярьжээ.

Элиф охиныг аварч байгаа дүрс бичлэг цахим орчинд тавигдаж, олон хүний сэтгэлийг уяраасан юм. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа “Эмч нар Элиф охиныг ноцтой гэмтэл бэртэл аваагүй байна гэсэн. Түүний ээж болон 10 настай ихэр эгч нар нь эсэн мэнд байгаа. Харамсалтай нь, долоон настай ах нь нурангинд даруулж амиа алдсан” гэж мэдэгджээ.
 


“Намайг авраарай”
 


Нурангин дор 91 цаг болсон Айда Жезгин охин “Намайг авраарай” хэмээн сулхан боловч дуудаж чадсан юм. Аврагч Нусрет Аксой “Хаана байна” хэмээн асууж, бяцхан Айдагийн “Би энд байна” гэх дуунаар дөхөж очиход охин аяга, таваг угаагч машины дэргэд нугдайн суусан байжээ. Аврагч Нусрет охиныг хараад нулимс унагахгүй байж чадаагүй тухайгаа ярьсан байв.

Гурван настай Айда охиныг нурангинд дарагдахаас хамгаалсан тэрхүү жижиг орон зайг “Амьдралын гурвалжин” гэж нэрлэжээ. Охиныг эмнэлгийн машин руу зөөх үед тэр ээжийгээ хамгийн түрүүнд асуусан байна. Харамсалтай нь, түүний дэргэдээс ээжийнх нь нурангинд дарагдсан цогцсыг олсон юм. Айдагийн аав газар хөдлөх үед гэртээ байгаагүй бөгөөд аврагчдад яаралтай нурсан гэрийнхээ байрлалыг зааж өгснөөр охиныг аврах боломж нээгдсэн юм. 

Аврагчид Айдагаас нэрийг нь асуухад “Би зүгээр” гэж хариулаад, ус болон “Ayran” гэх тараг гуйжээ. Айда охин одоо эмнэлэгт байгаа бөгөөд тэнд хүрч очсон даруйдаа эмч нарт бөөрөнхий мах идмээр байгаагаа хэлсэн байна. 
 


14 настай Идил Сирин
 

Аврагч нар мөн газар хөдлөлтөөс 58 цагийн дараа 14 настай Идил Сирин охиныг олжээ. Охины биеийн байдал сайн байгаа талаар Туркийн Эрүүл мэндийн сайд “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Сүүлчийн хүнийг нурангин дороос гаргаж авах хүртэл бид итгэл найдвараа алдахгүй. Аврах, эрж хайх ажлыг үргэлжлүүлсээр байх болно” гэж мэдэгдээд байна. 

Туркт газар хөдлөлтийн улмаас орон оронгүй болсон, гэртээ харихаас эмээсэн зэрэг 6700 хүн түр хоргодох байранд өдөр хоногийг өнгөрүүлж байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.228) 2020 оны 11 сарын 05

evii dee, burhanii beleg um daa, ushuu olon hun huuhed avrah boltugai

1  |  0
Zochin(66.181.176.104) 2020 оны 11 сарын 05

Burhan bugded tusalj buh hun burhanii iveeleer zov saihan yavah boltugai.

1  |  0
жаөа(43.228.129.86) 2020 оны 11 сарын 05

хөөрхийс дөө\n

0  |  0
Z(202.9.47.26) 2020 оны 11 сарын 05

Бурхан ивээг

0  |  0
Top