М.Базаррагчаа: Ц.Дамдинсүрэнгийн дүрмийг баримталж журамласан толь гаргасан тул үгийг дур мэдэн өөрчилсөн зүйл байхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Хэл бичгийн ухааны доктор профессор М.Базаррагчаа нь УБДС, МУИС-д 50-иад жил багшилсан. Эх хэлнийхээ манаанд энэ насаа зориулж, оюунаа ширээж, ухаанаа уралдуулж яваа түүнтэй монгол хэлний гарал үүсэл, зөв бичих дүрмийн талаар ярилцлаа


-Монгол Улс 1941 онд кирилл бичигт шилжсэнээс хойш өдгөө хүртэл хэд хэдэн толь бичиг гаргасан. 1983 онд зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь” болон 2018 онд гаргасан “Зөв бичих дүрмийн журамласан толь” хоёрын хооронд ялгаа хэр байна вэ. Нэг үгийг янз бүрээр өөрчилж бичээд байна. Үүнийг нэг мөсөн шийдэж журамлахгүй бол зөв бичиж чадахаа байлаа гэж иргэд бухимддаг. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-Ц.Дамдинсүрэн гуайн зөв бичих дүрмийн толийг 1942 оноос туршилтын маягаар хэрэглэж эхэлсэн. Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл нарын “Үсгийн дүрмийн зөв бичих толь” толийг 1951 онд гаргасан. 1962 онд С.Мөөмөө “Зөв бичих дүрмийн толь”,  1966 онд Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”, 1974 онд Х.Далхажав, Ц.Цэрэнчимэд нарын “Зөв бичих зүйн толь бичиг” тус тус хэвлүүлсэн. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалын даалгавраар 1983 онд эдгээр толийг үндэслэн Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар нь  “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг бичиж, С.Мөөмөө редакторласан. 

Энэхүү толь нь 18 мянган үгийн сантай бөгөөд ардаа үг хувилгах жишээ, монгол үсгийн дүрмийг хавсаргажээ. “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-өөс тухайн дүрмийг өөрчлөхгүй гэсэн шийдвэр гарсан билээ. 2018 онд хэвлэгдсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” нь 38 мянган орчим үгтэй бөгөөд 1983 оны толь бичгийн дагуу нийтэлсэн. Манай улс “Монгол хэлний тухай” хуультай учраас монгол хэлний дүрмийг эрдэмтэд дур мэдэн өөрчлөх ямар ч боломжгүй. Нэмж шинэчилсэн зүйл гэвэл улс үндэстэн, ястны нэрийн битүү үеийн балархай эгшгийг гээж бичихгүй гэж тогтлоо. Жишээ нь, Түмэдийн, ойрадын гэж бичнэ гэсэн үг. Мөн гадаад үгийн толийг нэрийн тийн ялгалын нөхцөлөөр хувилган оруулсан. Жинхэнэ нэр ба үйл үгийн хувиллын жишээг үлгэр болгож орууллаа. Нийслэл, аймаг, сум дүүргийн нэр, дипломат харилцаатай улс орнуудын нэрийг нэгэн мөр болгон журамласнаас гадна үг болгоныг кодолж, товч тайлбар хадсан. Тус толийг бүтээхэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ХБҮЗ, “Хүмүүн бичиг” сонин зэрэг байгууллагаас 26-27 хүн оролцсон юм.

-Та үгийн гарал үүслийн талаар олон цуврал ном гаргасан. Чухам монгол хэл хамгийн эртний хэл юм биш үү дээ?

-Үгийн гарал гэдэг нь хэлний бие даасан нэг том салбар л даа. Аливаа хэл нь бие даасан хэл юм уу, төрөл хэл юм уу гэдгийг энэ салбар тодорхойлдог. Хэлний генетикийг тодорхойлно гэсэн үг. Монгол хэлний гарлыг анх 1935 онд Финляндын эрдэмтэн Г.Рамстедтын бичсэн “Халимаг” тольд  монгол үгийн гарлыг товч тайлбарласан байдаг. Үүнийг монгол хэлний гарлын анхны толь гэж болно. Алтайн хэлэнд турк, монгол, манж, солонгос, япон хэл ордог. Тэр ч байтугай, энэтхэгийн дравид хэлийг багтаах бодолтой эрдэмтэд байдаг. Үгийн гарлаа судлаагүй улс орон үндэстний гарал үүслээ тунхаглаагүйтэй адил. Жишээ нь, туркууд монгол, манж, солонгос, япон хэлийг манайхаас үүссэн гэж үздэг. Японы зарим эрдэмтэд үүнд эсрэг байр суурьтай байдаг бол монголчууд үгийн гарлын толь байхгүйгээсээ болж няцааж чаддаггүй. Миний бие 1992 оноос хойш “Үгийн гарлыг мөшгих нь” гэсэн судалгааны ном бичиж хэд хэдэн цуврал ном гаргасан бөгөөд одоо долоо дахь цувралаа бичиж гаргалаа. Үгийн гарлын толь хийнэ гэдэг маш өргөн цар хүрээтэй ярвигтай ажил  л даа. Судалгааны бүтээл маань энэ үйлсэд өчүүхэн ч гэсэн нэмэр болох болов уу. Алтайн язгуурын хэлд багтдаг дээрх хэлтнүүд үеийн үед дайтах, найрамдах, худалдаа наймаа хийх, нүүх, суух зэрэг түүхэн харилцаагаараа олон зуун жил холилдож хутгалдаж ирсэн. Үүнийгээ дагаад холилдсон хэлний онол  ч бий болсон байдаг. Энэ нь нэг хэлээ бүдгэрүүлэх хандлагатай. Эрдэмтэн Г.Рамстедт, Н.Поппе нар Алтайн язгуурын хэлний гол төв бол монгол хэл гэж үзсэн.

-Аливаа хэл түүхэн явцад тухайн нийгмийнхээ байдлаас болж харь үгээр баяжиж мөнөөх үг нь монголжиж байдаг. Эртний сайхан үгс хэрэглэгдэхээ больж  мартагдаж байгаа нь хэл эрлийзжиж, бүдгэрэх тийшээ хандаж байна гэж ойлгож болох уу?

-Төвдийн соёл дэлгэрсэн тэр үед монгол хэлэнд төвд үг маш их орж ирсэн. Хүн бүхний нэр бараг төвд үг байна шүү дээ. Харин сүүлийн үед залуу эцэг, эхчүүд хүүхдийнхээ нэрийг монгол үгээр нэрлэх, түүхэн хаад, хатдынхаа нэрээр нэрлэх үзэгдэл нэмэгдсэн байгаа нь сайшаалтай. Хүрээ хотод данжаадууд их байх үед хятад үг маш их дэлгэрсэн. Социализмын үед Орос улсын нөлөө их байх үед орос нэртэй хүн их болсон. Мөн орос үг ч их орж ирж монголжсон. Одоо бол техник технологийн хөгжлөө дагаад англи үг их орж ирж байна. Хүмүүсийн хэлний дархлаа муу байх тусам харь үг хүчээ авах эрсдэлтэй байдаг. Тиймээс залуус маань монгол үгийн шижир тунгаамал үгсийн сан болсон роман, тууж, өгүүллэг уншиж оюун ухаанаа тэлж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй байна. “Үүрийн туяа” роман ямар гайхалтай монгол үгсийн сангаар баялаг ном билээ. Үг мартагдах, хуучрах, шинэчлэгдэх нь хэлний зүй тогтол боловч хуучин сайхан үгсээ сэргээж хэрэглэж, ярьж бичиж байх нь зөв. Нэг үг мартагдана гэдэг олон салаа утгатай холбогддог учраас олон утга мартагдана гэсэн үг. Залуучуудын хэл, ахмадын хэл хоёр зөрчилтэй байгаа нь ажиглагддаг. Залуучуудын хэл нь ярианы хэл зонхилж байна. Ахмадууд маань бичгийн хэлээрээ зөв, цэгцтэй, мэргэн цэцэн ярьдаг. Загнахдаа хүртэл зүйр үгээр ухаарал нэмж, зэмлэхдээ хүртэл өвөрмөц хэлц буюу далд утгаар ташуур өгдөг шүү дээ. Үндэстнийг авч явдаг зүйл бол бичгийн хэл юм. XII зуунд түүх уран сайхны хэлээр “Монголын нууц товчоо”-гоо шастирлан үлдээсэн ард түмэн шүү дээ. Барагцаалбал, хэл бичиг оршин тогтнож, хэвшихийн тулд хэдэн зуун  жил шаардлагатай болов уу. Монгол хэл 1225 онд Есүхэй мэргэний бичиг буюу Чингис хааны чулуун дээрх бичээсийг үзэхэд нэн боловсронгуй бичгийн хэлтэй байсан. Ингээд бодоход монгол хэл нь 1000 хол давсан жилийн түүхтэй гэж үздэг. Хамгийн эртний шастир болсон “Монголын нууц товчоо”-гоо айл бүхэн хоймортоо сударлан тахиж үрийн үрдээ уншиж өвлүүлэх хэрэгтэй. “Монголын нууц товчоо” нь үүх түүх төдийгүй, уран сайхны хувьд, найруулах эрдмийн хувьд маш баялаг бөгөөд зүйрлэл, адилтгал, орлол, ёгтлол, егөөдөл, ихэсгэл, багасгал гээд урлах чадвараар найруулан бичсэн нь гайхалтай.

-Монгол бичгээ төрийн бичиг болгох хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн. Энэ талаар эрдэмтэн хүний хувьд санал бодлоо хуваалцана уу?

-1990 онд монгол бичигтэн болно гэж шуурсан боловч шууд орж болоогүй. Алхам алхмаар монгол бичгээ сэргээн суралцсаар монгол бичгээр уншдаг, бичдэг хүн цөөнгүй болжээ. Харин төрийн бичиг болгохын тухайд хос бичигтэй явж байгаад аажмаар монгол бичиг рүүгээ шилжих нь зөв. Монгол бичгийн зөв бичихийн тогтсон дүрэм гэж бий. Тухайн хэл бичигт үндэстний дархлаа оршиж байдаг учраас түүхэн бичгээ төрийн бичиг болгох нь зөв л дөө. Том гүрний доторх тухайн жижиг үндэстэн ястны хэл нь уусаж харьжсан эмгэнэлтэй түүх олонтаа тохиолдож байжээ. Хэл үгүй болбол үндэстэн үгүй болно. Тиймээс хэлний дархлаагаа хүчтэй байлгахын тулд төр засаг төмөр нүүртэй байх ёстой. Цахим орчинд “бодцон, боджийсэн, боджийгаа” гэх мэтээр бичээд хэвшжээ. Энэ асуудлыг хөндөж цаашилбал ухуулан сануулах зэргээр журамлахгүй бол хар ярианы бүдүүлэг үг хэллэг хэлэнд тогтох нь байна шүү.

-Иргэд зөв бичих дүрмийг өөрчиллөө гэж бухимдаад байдаг нь өөрсдөө буруу бичиж сурсных гэсэн үг үү. Саяхан “Боловсрол” ТВ-ээр гарсан “Үндэсний үсэглэлийн аварга шал­гаруулах тэмцээнд гарсан" үгсээс хэд хэдэн үг эргэлзээ, маргаан төрүүлсэн. Жишээ нь, “идэвхижжээ, идэвхэжжээ”, “цоморлиг, цоморлог”, туялзана, туялзна”, “цомхтгол, цомхотго”, “эрвээхий, эрвээхэй” гэх зэрэг үгсийн аль нь зөв гэдэг дээр зөв бичих зүйн үүднээс нь тайлбарлавал?

-Хэлдэг, бичдэг хоёр өөр. Орфаграфия гэдэг нь зөв бичих зүй буюу нүдээр хараад гараар бичдэг журам юм. Орфаэпия гэдэг нь зөв дуудах зүй буюу чихээр сонсоод амаар хэлдэг журам юм. Бусад оронд толь бичигтээ дөрвөлжин хашилтанд үгийг хэрхэн зөв дуудахыг галиглаад бичсэн байдаг бол манай толь бичгүүдэд үгүйлэгдэж байдаг. Жишээ нь “нөхдөдөө” гэдэг үгийг хэлэхэд “нөхөддөө” гэж дууддаг учир хүмүүс буруу бичээд байна. Өнөөгийн зөв бичих дүрмийг хэллэгээрээ бичдэг гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Хүмүүс идэвх гэдэг үгийг “идэвхи” гэж “и” эгшигтэй бичээд байдаг нь монгол бичгийн бичлэгтэй холбоотой. "Идэвх" гэдэг үндсийн араас үйл үг бүтээх “-ж” дагавар залгахад дүрэм ёсоор “э” эгшиг жийрэглэнэ. Энэ нь заримдгийн дараа заримдаг ороход эгшиг жийрэглэнэ гэсэн дүрэм дээр тулгуурлана. Ингэж бүтсэн “идэвхэж” гэсэн үйл үгнээ одоо, ирээдүй цагийн “на” нөхцөл буюу хэлний үзүүрийн “нэ”нөхцөлийг дараалан орсон хоёр гийгүүлэгчийн дүрмээр шууд залгаж “идэвхэжнэ” гэж бичдэг. Ийнхүү зөв бичих, зөв дуудах хоёр нь ялгааатай байдаг.

Монгол бичгээр “-лаг” дагаврыг “лиг” гэж бичдэг болохоор “тэнгэрлиг”, “цоморлиг” гэж бичээд сурчихсан. Гэвч орчин цагийн монгол хэлний толь бичигт  өргөлтөт үеийн эгшигт захируулж “тэнгэрлэг”, “цоморлог” гэж  бичихээр журамлажээ. Хүмүүс шүүмжлэхээсээ өмнө1983 оны  толь бичгээ нэг сөхөөд харчих хэрэгтэй. Гадаад улс оронд иргэн бүр нь зөв бичих толь бичгээ биедээ авч явдаг, ширээний номоо болгодог. Бид “баялиг”, “тохилиг” гэж хэлж, бичдэггүй биз дээ.

“Туялзана” гэдэг үгийн “туя” гэдэг идэвхгүй язгуур дээр “-лз” гэдэг дагавар залгаж хөдөлгөөн заасан үйл үг үүснэ. Байдал заасан идэвхгүй үйл үг дээр “-на” гэсэн одоо, ирээдүй цагийн нөхцөлийг залгахад дараалан орсон гурван гийгүүлэгчийн дүрэм үйлчилдэг. Үүнтэй адилхан жишээ гэвэл “Өвөлжинө” , “хаваржина”, “өнжинө”, сүлжинэ”  гэх мэт. Тэгэхээр “туялзна” биш “туялзана” гэж бичих нь зөв.

Хүмүүс “эмхэтгэл, цомхотгол” гэдэг үгийг янз бүрээр их бичдэг. Үгийн бүтцээр задалбал, “эмх, цомх” хэмээх үгнээ үйл үг бүтээх “-д” дагаврыг залгавал “эмхэд, цомход” болох ба үүний дараа үйлдүүлэх хэвийн “-гэ, го” дагавар залган орж “эмхэтгэ, цомхотго” болох тул “эмхэтгэл, цомхотгол” гэж бичнэ. Үүнд “-д” нь “т” болон хувирдаг.

1983 онд Ц.Дамдинсүрэн гуай толь бичигтээ “эрвээхий”, “дэгдээхий” гэж оруулсан байдаг.  “Дэлхий”, “мэлхий” гэдэг үгийг монгол бичгээр бол “эй”-тэй бичдэг. Гэтэл орчин цагийн монгол хэлний дүрэмд “дэлхий”, “мэлхий” гэж буулгасан байдаг. Тэр жишгээр Ц.Дамдинсүрэн гуай 1983 онд “эрвээхий”, “дэгдээхий” гэж өөрчилсөн хэрэг л дээ. Гэтэл үгийг нь хөөгөөд үзэхээр ийм бичлэгтэй цөөхөн үг байсан. Энэ үгийг журамласан 700 үгэнд оруулсан боловч бүгд хүчингүй болсон тул бичиж заншсанаар нь “эрвээхэй”, “дэгдээхэй” гэж бичье гэсэн шийдэлд хүрсэн. Энэ мэт бага зэрэг  өөрчлөлт орсон. Шинэ толийг гаргахдаа Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг баримталсан гэдгийг дахин хэлье.

-Олон хувилбараар бичигд­дэг 700 үгийг журамласан боловч хүчингүй болгосон. Энэ нь иргэдийг төөрөгдүүлэх, бухимдуулах шалтгаан болсон байх?

-Хүмүүсийн нийтлэг алддаг үгсийг тодотгож өгсөн боловч 1983 оны үсгийн дүрмийн толь дээр бичсэнээр нь түгээх нь зөв гэж үзэцгээсэн билээ. Тус толь 18 мянган үгтэй бол өнөөдөр бидний өдөр тутамдаа ашигладаг монгол хэлний толь бичгүүд 60-80 мянган толгой үгтэй. Тиймээс “эрвээхэй, дэгдээхэй” гэх мэт зарим үгийг Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг баримтлан журамласан. Дээрх 700 үгэнд Ц.Дамдинсүрэн гуайн дүрэмтэй зарим нэг үг нь тохирохгүй байсан, хувь хүний үзэл бодол илэрсэн зэрэг шалтгаанаар хүчингүй болгосон.

-Хүмүүсийн эргэлзээд байгаа үгсээс жишээ дурдвал олон байна л даа. “Ж, ч, ш”-ийн дараа “и” эгшиг  жийрэглэнэ гэж заасан санагдах юм?

-Жишээ нь “авчихыг, авчхаарай” гэдэг дээр тайлбарлавал -үйлт нэрийн “чих” дээр нэрийн тийн ялгалын нөхцөл “-ыг”, “-ын”, “-аас” гээд нөхцөл залгавал үйлт нэрийн “х” болох тул “авчихыг, авчихаас” гэж “и” эгшиг жийрэглэж бичнэ. Үйл үгийн нөхцөл залгавал “чих” дагавар болно. “Авчхаарай, авчхаасай” гээд “и” эгшгийг гээнэ.  Мөн өөр жишээ дурдвал “засаж, засч” гэдэг үг дээр заримдгийн дараа заримдаг орсон учраас “засаж” гээд эгшиг жийрэглэх бөгөөд “авч, өсч” гэж бичсэн бол “авчээ, өсчээ” гэж бичнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюун(192.82.78.16) 2023 оны 01 сарын 04

Сэтгэгдэл бичсэн зарим хүн эх хэлний дүрмийн ямар ч ойлголтгүй мөртлөө шүүмжлэх юм. Эхлээд дүрмээ сайн уншиж учрыг ухаж ойлго. Өөрчилсөн зүйл бараг байхгүй гээд байхад өөрчилсөн бна гээд бх юм

1  |  0
Соёлмаа(202.126.88.211) 2023 оны 01 сарын 04

ЭРХЭМ БАГШ МИНЬ ТАНЬДАА МӨРГӨЕ!УРТ НАСЛААРАЙ,ХЭЛНИЙ ШИНЖЛЭЛИЙН НОЁН ОРГИЛ ШҮҮ,ТА....

0  |  0
L. Munkh-Erdene(166.194.132.58) 2023 оны 01 сарын 08

Gol asuudaldaa oryo. Jisheelbel: Yunii omno J, Ch-giin durem gej garchiglasan baina. Tiim yamar durem baidag baisanaa ogt sanadaggui bi. R,C,T-giin durem bolon J, Ch, Sh-iin durmiig hamtatgasan durmiig helj baigaa yum bolov uu gej oilgoloo. Za tsaash ni, 40.2-t …..bodoj, hataj, butsaj, orshij, dasaj, byalhaj, gatsaj, zasaj, duusaj, nisej gej orno gesen baina. Za zadalj uzye tus burt ni. Edgeer uil uguud deer ireh ochihiin j, ch nohtsoliig holboj oruulj baigaa yum baina. End durdagdsan buh uil uguudiin undes ni bugd zarimdag giiguulegchuudeer togsson baina.

0  |  2
L. Munkh-Erdene(166.194.132.58) 2023 оны 01 сарын 04

Nohorsog Zovlomj: Ert deer ueiin zov bichih durmees ogt oor angid bolon buruu tailbarlasan hed heden tailbarlaltuud baina. Ene hen gedeg zohiogchiin nom be? Sain hinahgui aldaatai nom gargaval bas l balag tarisan yum bolno. Suuliin ued alban esnii bichig barimt deer hurtel (setguulch zohiolchid hurtel) boon aldaatai yum niitlesen baidag ni hevshmel bolj. Bugd l neg ulgen salgan bichdeg ba bolovsrol taaruuhan humuus bichsen baih yum. Eh survalj ni hurtel buruu aldaatai bichsen baina. (Tsagtai bolood zavtai san bol nom bichij gargaj tugeeh yumsan). Za ter ch yahav odoohondoo.

0  |  0
Д.Батсүрэн(103.26.193.72) 2023 оны 01 сарын 04

М.Базррагчаа багш маань хэл шинжлэлийн ухаанаар сайн (төгс) мэргэжсэн Шинжлэх Ухааны гавьяат ажилтан, том эрдэмтэн. Тайлбарласан зүйлүүдийг уншаад үнэхээр багшаараа бахархаж байна. Коммент бичсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншаад энгийн зүйл ойлгочих ухаан дутсаных гэж ойлголоо.\n

2  |  0
tetgevertee garaa(202.126.89.203) 2023 оны 01 сарын 04

ta boliod tetgevertee suuldaa

0  |  1
ЗОЧИН(66.181.160.59) 2023 оны 01 сарын 04

Байсан зөв \nюмыг байсанаар байлгаа ,хийх юмаа олж ядсын үүнээс өөр хийх юм боловсролын байгууллагад зөндөө бий дээ , урагшлах хэрэгтэй ...

0  |  1
зочин(64.119.27.183) 2023 оны 01 сарын 04

Яах гэж хэл бичгийн дүрмээр оролддог байнаа. Одоо хэн дуртайгаараа бичдэг болмоор юм. Зурагтаар гарч байгаа бүх л бичлэг алдаатай. Хэл бичгийн дүрмээр оролдож байгаа улсууд одоо болио. Хүүхдүүдээр хэзээ болтол тоглох юм бэ.

1  |  1
А(103.212.117.197) 2023 оны 01 сарын 04

Насыг нь хүндэтгээд янз бүрээр хэлмээргүй байна. Гэхдээ та нар бол үнэхээр орон гаран хүмүүс гэхэд ч багадна. Дамдинсүрэнгийн зөв бичих дүрмээр заалгасан хэдэн мянган хүн амьд байгаа цагт ийм худал юм ярихаа ичих хэрэгтэй.

3  |  0
mn(202.131.243.186) 2023 оны 01 сарын 04

БАЛАЙРЧ ӨГӨХ ЮМ. ҮЙЛТ НЭРИЙН Х-ИЙН ӨМНӨХ Х-ИЙН ӨМНӨХ ЭГШИГ ГЭЭХГҮЙ ГЭДЭГ ДҮРМИЙГ ОДОО ЯАХ УУ. ДЭМИЙ ЮМААР ОРОЛДОЖ БАЙХ ЮМ. ЦАГ НАР МӨНГӨ ГЭЭД ТӨВӨГТЭЙ Л САНАГДАХ ЮМ. ХЭЛНИЙ ГЭХ ХЭДЭН НӨХДИЙН АМБИЦ Л БАЙГАА Л ДАА, ӨӨР ЮМ БАЙХГҮЙ. УРАГШИЛМААР Л БАЙХ ЮМ.

2  |  1
Top