Монгол Улсын 2021 оны төсвийг ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР хэлэлцэхээр боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдаж, хатуу хөл хорио тогтоогоод байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд гэрээсээ онлайнаар холбогдож, чуулганы хуралдаандаа оролцож байгаа юм. 

Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдрийн чуулганы хуралдаан их онцлогтой болж байна. Монгол Улсын парламент өмнө нь ингэж цахимаар хуралдаж байгаагүй. Нөхцөл байдал хүндэрч, улс орон даяар хөл хорио тогтоогоод байна. Цар тахал дотооддоо халдварлаад явчихлаа. Би АН болон өөрийнхөө байр суурийг давхар илэрхийлж байна. Монгол Улсын 2021 оны төсөвт АН байр сууриа тодорхой илэрхийлсэн. Цар тахлын үеийн төсвийн бид ярилцлах шаардлагатай болж байх шиг байна. Төсвөө хуулийн хугацаанд батлах ёстой. Одоо санал асуулга, үг хэлэх зүйлээ надаар таслачихвал яасан юм бэ. Үргэлжлүүлээд онцгой байдал, нөхцөл байдалтай уялдуулж ярилцаад явбал ямар вэ. Улс эх орныхоо эрх ашгийг бодсон зүйлээ яаралтай ярих хэрэгтэй байна" гэх горимын саналыг гаргалаа. 

Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Зөвхөн байнгын хорооны танилцуулгатай холбоотой л асуулт асууна шүү. Гэхдээ горимын саналыг хүлээн авч, Монгол Улсын 2021 оны төсвийг хялбаршуулсан журмаар шийдэж болно гэж заасан байдаг" гэв. УИХ-ын гишүүн Д.Ганбатын горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Монгол Улсын 2021 оны төсвийг хялбаршуулсан журмаар хэлэлцэн батлахаар боллоо. Хялбаршуулсан журмаар Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэхээр болсон тул УИХ-ын дарга Г.Занданшатар хяналт тавьж ажиллахаар болж, хуралдааныг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан удирдан явуулж байна. 

ШУУД ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.26.193) 2020 оны 11 сарын 13

төрийн албаны новшнууд шат шатандаа хулхидаж ард иргэдийг эрсдэлд орууллаа

0  |  0
Top