Улсын Онцгой комисс, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2020.11.15) болж, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор буюу 2020.12.01-ний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ. Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт сэтгүүлчид дараах асуултыг тавьж, хариулт авсан юм.
-Эмч мэргэжилтнүүд халдвар авч эхэллээ. Эмч, ажилтнууд аюулгүй байдлаа хангаж чадаж байна уу?
-ХӨСҮТ дээр эмч, эмнэлгийн ажилтнууд тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан. Нийт долоон эмч, сувилагч халдвар авсан. Удаан хугацаанд бэлтгэл ажил хангасан. Бүх эмч нарт сургалт явуулсан. Хувцсаа хэрхэн өмсч тайлах, гараа хэрхэн ариутгах, цаашид эмчилгээг хэрхэн явуулах вэ гэдэг сургалт явуулсан. Хэдийгээр сургалт боловч халдвар хамгааллын дэглэм алдагдах тохиолдол гарлаа. Энэ нь гэхдээ олон талын шалтгаантай. Эмч, эмнэлгийн ажилтнууд удаан хугацаанд ажиллаж байна. Дархлаа сулрах, халдвар хамгааллын дэглэм алдах гэх мэт олон шалтгаан бий. Шалтгааны судалж тогтоож байгаа. Дэлхий нийтэд эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авч байгаа магадлал өндөр хувьтай байна. Манай улсын хувьд олон улсын дунджаас бага байгаа. Гэхдээ цаашдаа хяналт, сэрэмжээ улам сайжруулан ажиллаж байна.
-Тусгаарлах байрны хугацаа нь дууссан иргэдийг гаргахгүй байна гэсэн гомдол байна?
-Тусгаарлах байрууд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. ЭМЯ, МХЕГ гэх мэт байгууллагууд Тусгаарлах байруудад очиж дүгнэлт хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн горим алдагдаагүй байна гэж үзсэний дараа гаргах нь зөв гэж үзээд зарим хүмүүсийн гарах хугацаа нэг хоёр хоногоор сунаж байгаа.
Шинжилгээ өгөх 11 цэгийг долоогоор нэмэгдүүлж, 18 болгосон байгаа. Гэхдээ энэ 18 цэг дээр хоёрдогч хавьталд орсон хүмүүс шинжилгээ өгөх ёстой. Сайн дураараа хамрагдах гэж байгаа иргэд даваа гаригаас өрхийн эмнэлэг дээр цагаа аваад шинжилгээ өгөх боломжтой. Нэг цагт дөрвөн хүнээс шинжилгээ авна. Мөн 18 цэгт иргэдийн шинжилгээг авах учраас бөөгнөрөл үүсгэхгүй гэж төлөвлөж байгаа. Ерөнхийдөө бид голомтолсон халдварыг хумих боломж байна гэж харж байгаа. Ойрын хавьтал болох хүмүүсийн шинжилгээ сөрөг гараад явж байна. Гэхдээ тайвширч болохгүй. Онцгой анхааралтай байх өдрүүд одоо эхэлж байна.
-“Энх саран” сувиллаас 44 тохиолдол бүртгэгдсэн гэж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэж байна. Иргэн Д-гээс өөр халдвар аваад гэртээ гарчихсан хүн байгаа юм биш биз дээ?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Голомтолж гарч байгаа гурван газар байна. Улаанбаатарын голомтод есөн тохиолдол байгаа. Сэлэнгэ аймагт гурав. Гаднаас тээвэрлэгдэж орж ирсэн тохиолдол мөн байгаа.
“Энхсаран” сувиллаас өнгөрсөн хугацаанд 40 гаруй хүн халдвар авсан тохиолдол гарсан. Тусгаарлагдаж байсан болон үйлчилж байсан хүмүүс халдвар авсан нь тогтоогдсон. Энэ талаарх мэдээллийг өдөр бүхэн өгч байгаа.
Шадар сайд Я.Содбаатар:
-"Энхсаран" сувилал дээр янз бүрийн асуудал ярьж байгаа. Халдвар тэндээс тарсан уу гэж. Тусгаарлагдаж байгаа иргэд бие биетэйгээ уулзсан ийм зүйл илэрсэн. Гэхдээ халуун усны газраас болсон уу, халдвар тэндээс дамжсан уу, юунаас шалтгаалав гэх мэт асуудлыг нарийн тогтоохоор ажиллаж байна.
Сэлэнгийн тохиолдол дээр мөн шалгалт үргэлжилж, халдварын үүслийг тогтоохоор ажиллаж байна. Манай холбогдох байгууллагууд ойрын хавьтлыг маш сайн олж тогтоосон. Дам хавьтлыг тогтоох ажил тодорхой цаг хугацаа шаардаж байна.
Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. "Энхсаран" сувилалд илэрсэн 40 гаруй халдвар гэдэг бол өнгөрсөн хугацааны нийт тоо шүү. Тэднээс иргэн Д-ээс гадуур гарсан хойно нь халдвар илэрсэн. Яг иргэдийн дундаас гарсан 12 тохиолдол байгаа шүү. Жолоочоос бусад бүх тохиолдол тусгаарлалтын байранд байсан. Иргэдтэй харьцаагүй хүмүүс гэсэн үг. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан "Энхсаран" сувиллаас 10-наас өмнө гарсан бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулаад дуусаж байна.
“Энхсаран” сувиллаас халдвар гарсан тухайн өдөр нь тэнд тусгаарлагдаж байсан хүмүүсийг ХӨСҮТ-д хүргэж, шинжилгээ авсан. Шинжилгээ нь эерэг гарсан хүмүүсийг эмчлээд явж байгаа.