Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг ЛХАГВА ГАРАГААС гаргаж эхэлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо алдсан тул төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. 

Үүнээс болж хөдөө, орон нутгийн иргэд Улаанбаатар хотоос гарч чадахгүйд хүрч, нутаг буцах боломжгүй болсон. Тэгвэл ирэх лхагва /2020.11.18/ гарагаас эхэлж Улаанбаатар хотод гацсан хөдөө, орон нутгийн иргэдийг гаргахаар болжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. 

Тэрбээр "Орон нутгаас Улаанбаатарт ирж гацсан иргэдийн анхааралд‼ Монгол Улсын Засгийн газраас хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргасан. Нөхцөл байдал хүндрэхгүй бол дээрх иргэдийг 11-р сарын 18-наас эхлэн тусгай, нарийн дэглэмийн хүрээнд нэг_удаа гаргах ажлыг зохион байгуулахаар болж байна. Иймд иргэн бүр хаа хаанаа хүлээцтэй тайван байж, аюулт тахлыг даван_гарцгаая" гэсэн байна. 

Түүнчлэн Улаанбаатар хотод сурч, хөдөлмөрлөдөг хөдөө орон нутгийн оюутнуудыг үе шаттайгаар гэрт нь хариулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Top