Сүн улсын Хүйтэн уулын бичиг | Арвантавдугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЯН ЖЫ ДУНЖИН ХОТНОО БЭЛЭГ ХҮРГЭЖ ЯВАВ

Ү ЮН СЯНШЭН АРГААР БЭЛГИЙН ЮМЫГ БУЛААВ

Өгүүлэх нь, Гүн Сунь Шэн, Чао Гай хоёр хараахан хэрэг хэлэлцэж байтал хажуугаас гэнэт нэгэн хүн гарч ирээд, та нар ямар аймшиггүй энэ зэрэг үг хэлэлцмүй хэмээн зандрахад Чао Гай эргэж харваас тэр нь Ү Юн сяншэн ажгуу. Үүнд Чао Гай нарийн учрыг нэгэнт хэлсэнд Ү Юн даруй урагш ирж, ёслон өгүүлрүүн: - их алдар хэдийнэ сонссон боловч ер зүс учраагүй билээ. Үүлийг нэвтлэгч Гүн Сунь Шэн хэмээгч хүн эрхэм та ажаам хэмээн адил ёслолцож барсны хойно Чао Гай бас өгүүлрүүн: - бид цөм сайн санаанаар зузаан ханилах нөхөд болой хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - үнэхээр тийм манай ах дүү нар цөм ч Бао Жэний гэрт уулзаж танилцах эртний хувь буй аж хэмээв. Чао Гай өгүүлрүүн: - үүнээс гадна дотоод гэт бас журамлан ханилах нөхөд буй хэмээн Гүн Сунь Шэнг дагуулан дотогш оров. Лю Тан, Руань овгийн ах дүү гурвуул лугаа учирч бүгдээр анх нүүр уулзсан манлай баяр хэмээн нэгэн зэрэг сул үгээр бие биеэ магтаж, Чао Гайг өргөмжлөн дээш суулгаж, бусад нь зэрэг дэсээр сууж, ширээ засаж найрлав. Ү Юн өгүүлрүүн: - Чао Гай ах тэр шөнө долоон од гэрийн нуруу дээр буув хэмээн зүүдэлсэн нь манай долуул нийлж хэрэг үүсгэхийг зүүдэлжээ. Саях зөвлөсөн бэлэг ашиг хүчин сүйтгэлгүй олмуй хэмээн маргааш өглөө Лю Танг явуулж мэдээ авахуулая хэмээв.

Гүн Сунь Шэн өгүүлрүүн: - үүнд хүн илгээж мэдээ авахуулах хэрэггүй, Хуан Ни Ган хэмээх замаар зайлалтгүй ирмүй хэмээхэд Чао Гай өгүүлрүүн: - Хуан Ни Гангийн зүүн этгээд Ань Лө Цүнь хэмээх газар буй. Тэнд сул суух нэгэн сайн эр буй. Овог Бай, нэр Шэн, цол Бай Ри Шү хэмээмүй. Би мөн танимуй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - долоон одны нэг нь цагаан суунаг буй. Энэ хүн мөн ман лугаа зохилдмуй хэмээв. Лю Тан өгүүлрүүн: - Хуан Ни Ган нэлээд хол, бид хаа оршмуй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - бид тэнд ойр Бай Шэнгийн гэрт очвоос Бай Шэн мөн манай талд ормуй хэмээсэнд Чао Гай өгүүлрүүн: - Ү Юн сяншэн бид энэ хэргийг зөөлнөөр хийх буюу хатуугаар хийх буюу хэмээсэнд Ү Юн инээн өгүүлрүүн: - над бодсон газар буй, тухайг үзэж болъё. Ямраар боловч арга буй хэмээмүй. Чао Гай сонсмогц ихэд баярлан дэвхцэн өгүүлрүүн: -сяншэнгийн бодсон нь үнэхээр хөнгөмөг сяншэн лүгээ адил хэмээж болмуй хэмээв. Ү Юн өгүүлрүүн: - энэ үгийг дахин олон хэлэлцэж болохгүй, үг задруузай хэмээв. Чао Гай өгүүлрүүн: - Руань овгийн гурван ах дүү эдүгээ буцъя, Ү Юн мөн буцаж болзсон өдрөөс хожимдолгүй иртүгэй. Гүн Сунь Шэн, Лю Тан нар мөн энд байтугай хэмээсэнд бүгдээр мөн хэмээв. Түүнээс нэгэн шөнө хонож, маргааш өглөө боссоны хойно, будаа идэж, Чао Гай гучин лан мөнгө гаргаж, Руань овогт ах дүү гуравт гучин лан мөнгө ирсний бэлэг хэмээн өгч, хотоос гаргаж үдэж буцаав. Чао бусад хоёр хүний хамт гэртээ эгэж ирснийг үл өгүүлмүй. Өгүүлэх нь, Бээжин Да Мин Фү хотын Лян Жүн Шү сайд хадам эцэг Цай тайшигийн төрсөн өдрийн баярт хүргэх бэлгийн юм төхөөрөн барж, хойд гэртээ орсонд хатан нь асууруун: - бэлгийг хэзээ хүргүүлмүй хэмээсэнд Лян Жүн Шү өгүүлрүүн: - нэгэнт бэлтгэсэн тул маргааш даруй явуулмуй. Гагцхүү нэгэн зүйл явдалд санаа баахан түвшингүй. Учир юун хэмээвээс тавтайяа сайн хүн үгүй тул зовнимуй хэмээсэнд Цай фүрэн өгүүлрүүн: - ноён та Ян Жыг юун мартав хэмээсэнд Лян Жүн Шү гэнэт санаж, даруй Ян Жыг дуудаж өгүүлрүүн: - би одоо чамайг Дунжин хотын газар бэлэг хүргүүлэе хэмээмүй. Энэ болбоос чиний чадлыг илрүүлж, дээш татах санаа болой хэмээсэнд Ян Жы мэхийн ёсолж өгүүлрүүн: - сайд энэ зүйлийн чухал хэргийг өчүүхэн хүн аймшиггүй хүлээн авч чадахгүй, ноднин жилийн бэлэгт хүргэсэн юмыг замд булаагджээ.

Энэ жил мөн хэцүү зам гулдас, үргэлж хэцүү дээрэмчин буй. Худалдааны хүний юмыг булаан авч амташсан хулгай нар олон, эдүй их өлтөг бүхий алт сувд, эрдэнийн зүйлийг амин тавин дээрэмдэх нь магад. Иймийн тул сайд өршөөж өөр хүнийг явуулах болов уу, нэгэн хэсэг дээрэм болбоос бас ч гайгүй Зи Жинь Шань, Эл Лун Шань, Тао Хуа Шань, Шань Гай Шань, Хуан Ни Ган, Бай Ша Ү, Еэ Юнь Дү, Чы Сун Лин энэ хэдэн газар нь цөм барс чоно адил маш догшин, аймшиг бэрх хулгай үүрлэсэн газар. Ер хүн хэрхэвч явж болох аргагүй хэмээсэнд Лян Жүн Шү өгүүлрүүн: - тэр цагт одоо лугаа адилгүй. Цаг төвшин болсон бөгөөд чи чадал хүчин буй тул эрхбиш явагтун хэмээсэнд Ян Жы хариу мэдүүлрүүн: - эдүгээ их хэргийг боол над тушааваас би бие зайлах санаа үгүй. Гагцхүү миний санаа дагаваас мөн болмуй хэмээсэнд Лян Жүн Шү өгүүлрүүн: - аливааг чамд тушаасан тул яахин явахыг чи мэдэгтүн хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: - тийм болбоос энэ зүйлийн бэлгийн юмыг замд авч явахад ачаа тэгнээ үл харшмуй. Цөм явган хүнээр дамнуулан энгийн хүний янзаар сэмхэн явуулж, би хойноос дагаж чимээгүй явбаас бүрэн бүтэн гарах магадгүй хэмээсэнд Лян Жүн Шү мөн хэмээн зөвлөж, даруй арван хүнийг томилж бас хөхүүлт эцэг Шие дугуанийг Юй, Хоу хоёр овгийн гурван хүний хамт илгээе хэмээсэнд Ян Жы мэдүүлрүүн: - гэрийн дарга Шие дугуань очиж өчүүхэн хүн очсон хэрэггүй, тэр хээр газар гарсны хойно өөрийн зоригоор дэмий л мэдэл булааж, ийн тийн хэмээн санаа гаргах аваас хэрэв түүний мэдлийг дагаж нэгэнтээ осолдов хэмээсэнд их хэрэг алдах болмуй хэмээсэнд энэ Лян Жүн Шү өгүүлрүүн: - энэ бас хэцүүгүй. Би Шие дугуань тэргүүлэн бүгд хүн нарт маш чангалан тушааж, чиний үгээр дагаж явуулъя хэмээсэнд Ян Жы мэдүүлрүүн: - сайдын тушаал гаргаваас өчүүхэн хүн биендээ хүлээн авч хэдэн түмэн лангийн бэлгийг осолдуулалгүй хүргэж тушаасугай. Хэрэв гэм гарваас ялыг биендээ хүлээмүй хэмээсэнд Лян Жүн Шү өгүүлрүүн: - Би чамайг хэдийнэ санаа эрс журамтай хэмээн таньсан билээ хэмээн даруй арван нэгэн боодол нарийн эрдэнэ зүйлийн дамнуурыг Ян Жыд тушаан өгч, Шие дугуань нарт чангалан захиж өгүүлрүүн: - та нар хээр гарч Ян Жыд гагцхүү хань болж явахаас бус дэмий мэдэрхэгт хэрэг үүсгэж, өөрийн дураар явж болохгүй хэмээн нүд чичиж тушаан Дунжин хотноо хүргэх бичиг бэлгийн юмыг бүрнээ Ян Жыд тушаан өгөв.

Түүнээс Ян Жы тэр шөнө хонож, маргааш өглөө эрт дагалт хүн нарыг цөс хөлсний хүний адил хувцас өмсгөж, эрдэнэ боодлыг дамнуулж, Ян Жы бүсэндээ сэлэм хавчуулан, Шие дугуань худалдааны хүний янзаар хувцаслаж, дамнуурыг дамнаж, Лян Жүн Шүд салах ёсоор ёсолж, гэрээс гарч их замд орж явав. Энэ үе чухам зуны дунд сар цаг хэдий сайн боловч тэнгэр халуун маш бэрх. Ян Жы мөн зургаан сарын арван тавны урьд Дунжин хотноо хүрэхийг бодож яаравчлан явмуй. Үүнд цаг халууны дээр зам бэрх, гарсаар арав шахам өдөр явж, өндөр уулын хажуу нарийн бэрх замаар явахад, явган дамнуурын цэрэг ихэд ядарч, үүнийг Ян Жы огт хэрэгсэхгүй хараан зандарч ер амсхийх арга чөлөөгүй. Өчүүхэн түдвээс тэр занчиж хурдан явуулмуй. Юй Хоу хоёр овгийн боол бага бага юм үүрч, замд их л ядарч, сүйлгэлзэн бүхийд Ян Жы уурлан өгүүлрүүн: - аливаа хүнд хэрэг миний толгойд дагаж явах тул та хоёр башир гаргаж, амьсгал давхцах мэт аашлах буюу. Хэрвээ удаан явбаас занчмуй хэмээн уурласанд, тэр хоёр хүн, бид ямар аймшиггүй баширламуй. Үнэхээр хүчин чармайж ядарсан болой хэмээв. Ян Жы өгүүлрүүн: - та нар мэдэхгүй, энэ болбоос чухам хортон эзэлсэн замд, шөнө бие зүдрэхийг бодолгүй хурдан явж өнгөрвөөс зохимуй хэмээн хэлж бага урагшилж явсны хойно Юй, Хоу хоёр хүн түр амарч, Шие дугуанийг хүлээн, түүнд ховлон өгүүлрүүн: - Энэ Ян Жы үнээр хатуу, ийм халуун цагт маныг огт бодохгүй, маш хавчин аашлах нь зүй бус. Эрхэм авгай түүнд ухуулан хэлбээс зохимуй хэмээсэнд Шие дугуань өгүүлрүүн: - Бид түр хүлцэж нэгэн хоёр өдөр түүний байрыг үзсүгэй хэмээв.

Үүнээс яван нэгэн буудалд хүрч тэдгээр хүн нар бууж өгүүлрүүн: - бид нар их үйл тохиолдсоноор цэрэг болж ийнхүү зүдэрмүй. Эдүгээ биеэс бороо орох мэт хөлс цуварч, үнэхээр ядрахын туйлыг хүлээмүй хэмээн хэлэлцэв. Үүнд Шие дугуань өгүүлрүүн: - та нар бүү гаслагтун. Дараа Дунжин хотноо хүрээд ихэд шагная хэмээн тэдний урмыг тэжээн суув. Түүнээс маргааш өглөө эрт сэрүүнд явъя хэмээсэнд Ян Жы босон харайж зандран өгүүлрүүн: - та нар юунд ийм эрт явмуй. Баахан наран гарсан хойно жич хөдөлсүгэй хэмээн хориглон зогсоов. Луу цагт сая хоол идэж, зам хөөж явав. Ю, Хоу хоёр овгийн хүн Шие дугуаньд ховлон өгүүлрүүн: - эрхэм авгай бид нар одоо Ян Жыгийн дураар явж болохгүй болов. Үнэхээр тэсэхгүй, энэ өдөр тэнгэр маш халуун, зам мөн хэцүү өөд явах, үнэхээр тэсэш ажээ. Бүгд дамнуурын хүн нар түр зуур амрая хэмээвч Ян Жы занчихаас айж, аргагүй алгуур явтал Ян Жы мөн гүйцэн хүрч ирж, хашхиран хөөж, хурдан явуулж өгүүлрүүн: - та нар хурдан явж энэ давааг давж, цаад талд хүрч амрагтун хэмээн хөөж явуулан, давааг давж нэгэн шугуйн захад хүрч, бага амарч байхын хэр Ян Жы бас өгүүлрүүн: - энэ нь ямар газар хэмээн та нар амармуй. Одоо түргэн явтугай хэмээн дамнуурын хүн нарыг занчиж байтал Юй, Хоу хоёр овгийн хүн нар сая гүйцэж ирээд, Шие дугуань өгүүлрүүн: - Ян Жы чи даанч хатуу, эдгээр цэргийн хүн нар цөм ядарчээ. Эднийг баахан асарваас зохимуй.

Үүнээс хойш бүү занчигтун хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: - чи олон үг бүү хэлтүгэй. Энэ газрын нэр нь Хуан Ни Ган хэмээмүй. Аюултай дээрэмчин оршсон чухам түгшүүртэй бэрх газар болой хэмээн хэлсэнд Юй, Хоу хоёр овгийн хүн өгүүлрүүн: - Ян Жы чи ямагт хулгай дээрэм хэмээн хүн айлгамуй хэмээсэнд Шие дугуань өгүүлрүүн: - энд баахан амрахгүй болбоос хэрхэвч явж болохгүй хэмээсэнд ихэд уурлан өгүүлрүүн: -учир мэдэхгүй хөгшин мал чи үхэхээс айхгүй буюу. Энэ нь эрлэгийн босго мэт газар. Амрахыг байтугай бага зогсов хэмээсэнд даруй их аюул ирмүй. Бид даруй явж долоо наймны газар өнгөрч сая бууваас хожим ер айх газаргүй болмуй хэмээсэнд Шие дугуань өгүүлрүүн: - тийм болбоос чи урьдаар явтугай. Би баахан амарч даруй явмуй хэмээсэнд Ян Жы ихэд уурлан өгүүлрүүн: - хэн хүн бага залхуурваас хорин мод занчмуй хэмээсэнд тэдгээр хүн нар зэргээр уурлан өгүүлрүүн: - чи маныг занчих байтугай алавч бага эс амарваас мөн явахгүй хэмээн ихэд бахиралдан өгүүлэхэд Шие дугуань мөн уурлан өгүүлрүүн: - чи болбоос нэгэн боорцогийн төдий өчүүхэн цэргийн түшмэл, Лян Жүн Шү ноён чамайг ихэд өршөөснөөр чи харин энэ туйлд хүрч, хүний дарлах үгүй чиний зэргийн өчүүхэн хүнийг олонтаа үзсэн. Чи биеэ ихэд бодвоос би мөн ч Лян Жүн Шүгийн хатны хөхүүлт эцэг болой. Аль зүйлийг бодовч чи миний үгийг сонсвоос зохимуй.

Чи юунд учиргүйгээр хүнийг занчмуй хэмээн муу үгээр ичээн хэлэхүйд Ян Жы өгүүлрүүн: - үхтэл хотод оршсон хөгшин боол чи бүү амны зоргоор өгүүл, чиний мэт хүн юуныг мэдмүй хэмээн аагилалцан байтал шугуй модны дотроос нэгэн хүн гарч ирэхүйд Ян Жы өгүүлрүүн: - за эс хэлэв үү, чи үзэгтүн, тэр гарч ирэгч хүн нь даруй дээрэмч болой хэмээн даруй сэлмээ барьж довтлон түүний дэргэд хүрч очвоос шугуйн дотор бас зургаан хүн баймуй. Ганц дугуйтай тэргэнд бага сага юм ачсан мөн долоон тэрэг буй. Ян Жы үзвээс тэд нар цөм нүцгэн, бүгдээр сайн хүн байдал үгүй. Ян Жы үүнд айн сэжиглэж асууруун: - та нар ямар ард буй хэмээсэнд тэд нар зэргээр сүрхий байдал гарган өгүүлрүүн: - чи юун хүн буй хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: - та нар сайн хүн буюу хэмээхэд тэд нар инээн өгүүлрүүн: - чи өөрөө муу хүн бөгөөд хүний сайн мууг асуумуй за. Бид нь бага сага наймаа хийх хүмүүс болой. Чамд өгөх зоос үгүй болой хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: - та нар бага наймаа хийдэг болбоос би нь их өртөгтэй наймаа хийдэг хүн хэмээсэнд тэд нар өгүүлрүүн: - бид нар ах дүү долоо, асар их худалдаа үгүй, гагцхүү улаан чавга худалдан аж төрмүй. Дунжин хотноо чавга худалдахаар явтал энэхүү Хуан Ни Ган хэмээгч газраар таарч ирвээс олон хүний хэлэлцэх нь хэцүү дээрэмч буй хэмээх тул энэхүү шугуй модны дотор бага амарч баймуй хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: - би энэ замын хэцүүг мөн мэдмүй. Харин та нарыг муу дээрэмч хэмээн санасан билээ.

Бид нар цөм нэгэн адил худалдааны хүн ажгуу хэмээсэнд тэд нар нэгэн хэдэн чавга авчирч өгсөнд Ян Жы би идсэнгүй хойш буцаж ирэхэд Шие дугуань өгүүлрүүн: - тэд нарыг дээрэмч хулгайч буюу хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: - тэд нар чавга худалдах хүн ажгуу хэмээсэнд Шие дугуань өгүүлрүүн: - чи үзмэгц даруй хулгай муу хүн хэмээсэн биш үү, эдүгээ манай олон хүн нар эдний гарт үхмүй зэ хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: - чи олон үг бүү өгүүл, хэрэг эс гарваас бид бүгдээр сайн болой, чи дуугүй суутугай. Цэрэг тэд нар багахан амарч бид мөн эртхэн явсугай хэмээн хэлэлцэн байтал нэгэн хүн хоёр хувинтай юм дамнаж даваа давж, дуу дуулсаар ирээд, дамнуураа тавьж шугуй дотор амарч суумуй. Олон цэрэг асууруун: - Таны дамнаж явах юун буй хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - энэ нь хар архи хотод худалдахаар явч явмуй хэмээсэнд олон цэрэг нар хоорондоо өгүүлэлдрүүн. Тэнгэр халуун, ам их умдаасах тул бид хувинаас зоос татварлан энэхи бэлхэн архинаас бага авч уусугай хэмээн хэлэлцэн байтал Ян Жы мэдээд өгүүлрүүн: - энэ архинаас ууж болохгүй хэмээсэнд цэрэг нар өгүүлрүүн: - бид хувины зоосоор авч уухад танд хамаагүй хэмээхэд хэдий тийм боловч хортой архи болбоос та нар үхэхээ мэдэх буюу хэмээхэд тэр архи худалдах хүн хүйтнээр тачигнатал инээн өгүүлрүүн: - айж сэжиглэвээс чи эс ууваас барав. Бусдын уухыг хориглож болох биш хэмээхүйд цаад шугуй модонд байсан долоон хүн гартаа мэс барьж хүрч ирээд асууруун: - та нар юун хэлэлцэх хэмээхэд дарс худалдагч хүн өгүүлрүүн: - би эдгээр гийчин нарт архи худалдах хэлж байтал энэ хүн мний архийг хортой хэмээн хориглон зогсоов хэмээсэнд тэдгээр долоон хүн өгүүлрүүн бид харин хортой архи эрж явмуй. Бид авч уусугай хэмээн даруй зоосыг өгч, нэгэн хувиныг нээж архи уусугай хэмээхэд хутгуур үгүй аж үүнд тэдгээр долоон хүний нэг нь хойш очиж нэгэн архины хутгуур авчирч, худалдан авсан архийг хуваан ууж дүүрсний хойно нэгэн хүн нь өгүүлрүүн: - чи манай хутгуурыг хэрэглэсэн тул хөлсийг мөн энэ хутгуураар нэгэн архи өгвөөс зохимуй. Тэр хүн зөв хэмээн тэр хутгуураар нэгэн дүүрэн архи өгч илгээсэнд тэд нар авч буцаад бас ирж өгүүлрүүн: - би нь архинд их дуртай хүн болой. Над нэгэн хутгуур нэмж өгмүй хэмээхүйд тэрхүү архи худалдагч хүн уурсах байдлаар хутгуурыг булаан авч нөгөө хувинтай архи дотор хийж амсар бөглөв.

Үүнийг Ян Жыгийн цэрэг үзээд Шие дугуаньд өгүүлрүүн: - Энэ архинд хаанаас хор баймуй. Ам цангаж тэсэхгүй тул эрхэм авгай Ян Жыд хэлж манд архи өгч уулгах болов уу хэмээн гуйхад Шие дугуань олны төлөө Ян Жыд өгүүлрүүн: - олон цэргийн ам ундаасаж тэсэхгүй болжээ. Эд нар бага архи юун үл болох учир буй хэмээсэнд Ян Жы дотроо бодов. Энэ архи үнэхээр хортой архи бус буй за. Хэрэв хортой болбоос тэднээр долоон хүн уухуйд яахин тэсэх ажээ хэмээн бодоод өгүүлрүүн: - Та нар бага ууваас мөн уутугай хэмээсэнд тэдгээр цэргийн хүн нар баясан даруй зоосоо өгч нэгэн хувин архийг авч урьдаар Шие дугуаньд барьжг өгсөнд Шие дугуань нэгэн аяга уув. Мөн Ян Жыд өгсөнд Ян Жы мөн сэжиглэн бүхийд цэргийн хүн нар өгүүлрүүн: - тэнгэр халуун ам ундаасч байх тул та бага амсах болов уу хэмээн дахин давтан гуйхад Ян Жы мөн дундуур аяга ууж, чавга худалдах хүн нар мөн зуу илүү чавга авчран өгч, Ян Жыгийн цэргүүд архийг хуваан ууж, чавгыг идсэний хойно архи худалдах хүн дамнуураа дамнаж дуулсаар уулнаас буув. Тэрхүү чавга худалдагч хүн нар зэргээр бархиралдан өгүүлрүүн: - унав унав хэмээн хашхирсанд Ян Жы нар бүгдээр толгой хүнд болж, нүд эрээлжсэн газар унав. Түүнээс тэрхүү долоон хүн ганц дугуйтай тэргээр түрж ирээд, алт мөнгө, эрдэнэ зүйлийг ачиж аваад тэргээ түлхэж уулнаас бууж явав. Ян Жы нүд саруул, дотор ухаан, доторх мэдэл эс самуурч, нүд үзсээр тэдний авч явахыг мэдэвч толгой дүүрч, хоёр хөл хөдөлгөж, босон явж чадахгүй ихэд тачьяадаж гомдовч арга буюу. Хүн аргад унаж, сая хортой архи ууж мэхлэгдсэнийг мэдэж, тэдгээр хүн нарыг нэгэнт явж өнгөрсний хойно Ян Жы бага сэхээрч босоод бусад хүн нарыг үзвээс арван дөрвөн хүн амнаас шүлс цувируулан, нүд гөлөрч үхсэн мэт хэвтмүй. Өчүүхэн ч сэхээ мэдрэл үгүй. Үүнд Ян Жы дотроо сэтгэрүүн: - би эдий их хэргийг ганц биендээ дааж, энд ирээд эдний мэхэд гэнэдэж, эдгээ зам байвч амьд явах аргагүй болов хэмээн бодож даруй боомчилж үхэхийг шуудав. Түүнээс нэгэн модны ёроолд очиж үхэе хэмээн бас эргэцүүлэн бодож ганцаар өгүүлрүүн: - би эдүгээ авч явсан юмыг хүнд булаагдаж, тэдний олон хүн нар лугаа хүчин үзэлцэе хэмээвч ганцаар дийлэх нь бэрх, мөн үхэвч хоосон. Харин бусад газар одож, нэгэн сайн нөхөд лүгээ хүчин хавсарч дахин эд лүгээ нэгэн тулж, нэгд алдсан юмыг олж авах ба хоёрт олныг хоролгогч дайсныг устгаж амар түвшин болговоос мөн сайн болой хэмээн санаад түр хүлцэж уулнаас бууж явав. Тэрхүү чавга худалдахаар явж Ян Жыгийн алт эрдэнэ сувд зэргийг булаан авагч хүн нар нь үүний урьд өгүүлсэн Чао Гай, Ү Юн сяншэн, Лю Тан, Руань овгийн ах дүү гурвуул, бас Гүн Сунь Шэнтэй бүгд долуул ажээ. Хорт архи хийж согтууруулсан нь Ү Юн сяншэнгийн ухаан болой. Явган архи дамнаж ирсэн нь Бай Ри Шү хэмээх хүн ажгуу. Үүнээс хойш ямар болохыг дараах бүлэгт үзэгтүн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top