В.С.Паушок гэгч даварсан луйварчин шүүх, прокурорыг бүхэлд нь худалдаад авчихсан юмуу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

 Дөрвөн жил гаруй Олон улсын арбитрын шүүхээр заргалдсан “Алтан Дорнод Монгол” компанийн эзэн В.С.Паушок ялагдал хүлээсэн тухай сайн мэдээ монголчуудыг баясгаж байсан өдөр саяхан. Монголын хамгийн үржил шимт газар болох Заамарын хөндийд тэр алт олборлож, 25 тонн алтны будлиан тариад, татвараас бултсан гэмтэн байлаа. Оросын нөлөө бүхий томоохон компаниудын ивээлд ажилладаг В.С.Паушок манай Дорнод аймгийн нутагт нефть олборлох талаар ч сонирхож, ил далд гэрээ хэлэлцээр байгуулах гээд гүйж явсан юм. Түүний ард Оросын төр, засгийн томчууд байгаа гэх мэдээлэл ч бий. Тэр үүндээ эрдэж, Олон улсын арбитрын шүүхийн өмнө тун бардам зогсож байсан юм. Гэвч булавч бултайна, даравч дардайна гэгчээр хамаг булхай нь ил болж, яалт ч үгүй ялагдахад хүрсэн. Ингээд түүнээс Монголын тал өрөө нэхэж авахаар болоод байлаа. Нийтдээ 16.2 тэрбум төгрөгийн өр яригдаж байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас энэхүү өрийн дөнгөж 513 саяыг нь шахаж шаардан байж аваад байсан гэнэ. Хэрвээ цаашдаа В.С.Паушок өрөө бүрэн төлөхгүй луу унжаад байвал битүүмжлэгдсэн хөрөнгийг зарж борлуулах эрх манай талд хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байв. Мөн нийт 127,7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, “Анод”, “Зоос” банкаар дамжуулан мөнгө угаасан, 400 гаруй монгол ажилчдын цалинг бүрэн өгөөгүй зэрэг олон хэрэг шийдлээ хүлээж байсан юм. Харамсалтай нь Ерөнхий прокурор Д.Дорлигжав гэнэтхэн В.С.Паушокын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож орхисон. Үүнийгээ тэр эрүүгийн хэрэг нь үндэслэлгүй, харин өр төлбөрийг барагдуулах боломж хэвээрээ үлдэж байгаа гэж тайлбарлаж байлаа.  Гэвч өр барагдуулах нь ч одоо будаа болов. Сүхбаатар дүүргийн шүүхээс В.С.Паушокын өрийг барагдуулах асуудлыг  цуцалсан байх юм. Энэ нь тун гайхалтай зүйл боллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд нэгэнт хийгдэж байсан өр барагдуулалтыг ийнхүү зогсоосон нь прокурор, шүүхийхэн цөмөөрөө В.С.Паушокоос хахууль авсан юм уу гэж асуухад хүргэж байна. Монголчууд маань ингэж хардах нь зүйн хэрэг юм.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top