БНСУ-д халдварын ГУРАВ ДАХЬ ДАВЛАГАА эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

БНСУ-д энэ сарын 24-ний байдлаар коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор зарласан өндөржүүлсэн бэлэн байдал нь хоёрдугаар зэрэглэлтэй байсан билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө Өмнөд Солонгост коронавирусний халдварын тоо 583-аар нэмэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын 2.5 гэсэн зэрэгт шилжлээ.

Дээрх тоо нь БНСУ-ын хувьд аймшигтай тоо болж байна. Өмнөд Солонгос нэг болон хоёр дахь давлагааг туулсан байсан юм. Хоногт 583 тохиолдол бүртгэгдсэн энэ тоо нь өмнөх хоёр давлагааны үеэр илэрч байгаагүй өндөр тоо учир БНСУ түгшүүрийн байдалд ороод байна.

Бэлэн байдлын 2.5 гэсэн зэрэгт шилжсэн нь хамгийн дээд зэрэглэл болох гуравдугаар зэрэглэл рүү ойртож, иргэдийг түгшүүрт автуулаад байгаа юм. Бэлэн байдлын гуравдугаар зэрэглэл нь тэг зогсолт хийж, ямар ч хөдөлгөөн байхгүй болно.

Одоо зарлаад байгаа 2.5 дугаар зэргийн үед ямар ч үзвэр үйлчилгээ, олныг хамарсан сургалт байхгүй болж, солонгосчуудын дуртай гольф, фитнесс байхгүй болж, кофе шопууд хаагдаж, зөвхөн хаягаар хүргэлтийн үйлчилгээгээр хүргэдэг болж, бүх шатны сургууль онлайн горимд шилжсэн байна.

Хоногт бүртгэгдсэн 583 тохиолдол дотор Өмнөд Солонгосын Мапу дүүргийн шашны сүмээс илрэсэн тоо давамгайлж байгаа аж. БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр тус улсад коронавирусний халдварын нийт тоо 32318 болжээ. Шинээр илэрсэн 583 тохиолдлын 30 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөж орж ирсэн байна.

Өмнөд Солонгост 24 цагийн дотор 125 иргэн эдгэрч, нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 26950 болсон бол нас баралт хоногт хоёроор нэмэгдэж, 515 болжээ. Тус улсад одоогийн байдлаар нийт 2 988 046 хүнийг шинжилгээнд хамруулснаас 2 900 367 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тусгаарлалтад 4853 иргэн байгаа аж.

 

Top