Б.Мөнхдэлгэр: Зайны сургалтын чанар хүүхдийн хувийн сахилга батаас хамаарч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

2020-2021 оны хичээлийн жил боловсролын салбарт нэгэн сорилтыг тулгаж байна. Өдгөө их, дээд сургуулиудын намрын улирлын хичээл 14 дэх долоо хоногтоо орж, Ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар улирлын амралт эхлэх ойртжээ. Оюутнууд онлайнаар цахим хичээл, сурагчид телевизээр теле хичээлээ үзэж байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын агуулга, чанар, хүртээмжийн асуудал мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа.

Яг ийм үед Монголын ерөнхий боловсролын салбарт цахим сургалтын шинэ хэлбэрийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа “All For Edu” байгууллагын захирал Б.Мөнхдэлгэртэй ярилцлаа. 2018 онд байгуулагдсан тэдний компани Монгол, Солонгос, АНУ-ын Хавайн сургуулиудын дунд нэгдсэн агуулгатай цахим хичээл, соёлын сургалт явуулдаг юм.


-Манай уншигчдад үйл ажиллагаагаа танилцуулахгүй юу?

-Бид Монгол, Солонгос, АНУ-ын Хавайн сургуулиудыг хооронд нь холбосон цахим хичээл явуулдаг. 2018 оны гуравдугаар сард Монгол Улсын “Тольт” бүрэн дунд сургууль, БНСУ-ын Бусан хотын “Сонхуа” охидын дунд сургуулийн сурагчид онлайнаар холбогдож анхны хичээлээ орсон. 2018-2019 оны хичээлийн шинэ жилээс өөр сургуулиудыг нэмж, сүлжээгээ тэлсэн. Одоогийн байдлаар Монголын “Тольт”, “Шинэ эрин”, Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” дунд сургууль зэрэг таван сургууль дээрх сүлжээнд ороод байна. Өөрөөр хэлбэл эдгээр сургуулийг хооронд нь сүлжээнд оруулж, онлайнаар холбогдох техникийн нөхцлийг нь бүрдүүлж өгч байгаа. Энэ сүлжээнд нэгдсэн монгол, солонгос, америк хүүхдүүд сургуулийн танхимаасаа шууд холбогдож “Эко боловсрол”, “Соёл”, “Англи хэл” хичээлүүдийг англи хэлээр үздэг. Зундаа монгол хүүхдүүдээ БНСУ руу, солонгос хүүхдүүдийг Монгол Улсад аялуулж, соёлын хөтөлбөрт хамруулдаг байлаа.

Яг одоогийн байдлаар бидний хийж байгаа ажил бол зайн сургалтыг явуулж, зайнаас амьд харилцаа үүсгэхэд хүүхдүүд яаж хүлээж авах нь вэ, ямар хичээлийг ямар агуулга, систем, хэлбэрээр одоогийн сургуулийн тогтолцоотой уялдуулаад явуулбал сургалтын чанар, хүртээмж нь сайжрах вэ, ямар агуулга, концепцийг гаргавал олон орны багш, сурагчдын хоорондох харилцаа бэхжих вэ гэдгийг туршиж, мэдээлэл солилцож байгаа процесс юм. Түүнээс бизнесээ тэлэх процесс руу ороогүй байгаа. Харамсалтай нь сая Ковид гарч ирснээр урьдчилж төлөвлөөгүй хүндрэл үүссэн. Гаднаас нь харахад Ковидын ачаар зайн сургалтын эрин үе эхэлж байгаа мэт боловч нөгөө талаар бидний бизнес зогслоо. Яагаад гэвэл бид сургуулийг сургуультай нь холбосон дэд бүтцийг бий болгоод хичээллэж байсан чинь танхимын сургалтыг зогсоочихонгуут ийм сургалт явах боломжгүй болсон. Тийм учраас цаашдаа концепцоо дахиад тодорхой хэмжээнд өөрчлөөд, “uncontacted” буюу заавал нэг анги танхимд цугларахгүйгээр сургалтыг явуулах гарц, шийдлийг хайж байна. “Гэрээсээ оролцъё”, “тогтмол цагт уулзана” гэхээсээ илүү “зорилтот бүлэг үүсгэе” гэдэг талаас нь бодож байгаа. Бидний гол зорилго ангийнхаа найзуудаас гадна гадаадад байгаа найзуудтай чөлөөтэй харилцаа үүсгэхэд чиглэж байгаа болохоор одоогийн нөхцөлд тохирсон техникийн боломж бүрдүүлэх талаар ажиллаж байгаа.

Хүүхдүүд фэйсбүүкийг бичлэг үзэх, дуу сонсох, мессенжер бичихэд ашиглахаасаа  илүү солонгос, америк ангийн хүүхдүүдтэйгээ нэг групп үүсгээд, тэндээ өнөөдөр болсон үйл явдлаа бичих юм уу, эсвэл уншихад сонирхолтой байсан агуулгыг шэйрлэх ч юм уу, коммент бичих, өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх... гэх мэт байдлаар заавал дүрсээр бие биеэ харж холбогдохоос илүү агуулгаар харилцаагаа үргэлжлүүлж болно. Эсвэл “AFE News” гэдэг дижитал сонин гаргая ч гэж ярьж байна. Тэндээ хуваарь гаргачихна, монгол, солонгос, америк хүүхдүүд долоо долоо хоногоор хариуцаад, тухайн сургууль, үе тэнгийнхэн, тухайн улс орондоо болж байгаа мэдээ, мэдээллийг товч байдлаар бэлдээд тавьдаг, түүнийг нь нөгөө орны хүүхдүүд нь уншаад асуулт тавьдаг, санал бодлоо бичдэг байж болох юм. Энэ хичээлийн жилээс эхлэн соёлын хичээлүүдээ Zoom-ээр орж байгаа. Мөн Padlet.com гэсэн платформ ашиглаж эхэлсэн. Энэ нь манай америк багшийн сонгосон гадаад мэдээн дээр монгол, солонгос хүүхдүүд англи хэлээр сэтгэгдлээ үлдээж, бичгийн болон харилцааны чадвараа хөгжүүлэх хөтөлбөр юм.

-Танай байгуулсан “AFE”-гийн сүлжээнд гадаадын хэдэн сургууль холбогдоод байна?

-2020 оны байдлаар БНСУ-аас 62, АНУ-аас таван сургууль ороод байна. Цагийн зөрүүг харгалзан, манайхтай арай ойр Хавайн сургуулиуд нэгдсэн. АНУ-ын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх хичээлийг Хавайн сургуулийнхан маань  явуулдаг. Энэ дашрамд, нэгэн сонирхолтой баримт хэлэхэд өнгөрсөн хичээлийн жилд манай “Тольт” сургуульд ажилладаг хятад багш нар солонгос хүүхдүүдэд цахимаар хятад хэл заасан.

-Соёлын хөтөлбөрөө арай дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Америк, австрали багш нар тусгайлан бэлдсэн сэдвээр англи хэл дээр сургалт явуулна. Хүүхдүүд маань сэдвийн дагуу саналаа солилцох, мэтгэлцээн хийх, өөрийгөө илэрхийлнэ. Хүсвэл хятад, япон хэлээр сургалтыг авна. Мэдээж соёлын хөтөлбөр болохоор тухайн орны соёл, ёс заншил, үе тэнгийнхэнтэйгээ танилцах аяллууд хийнэ. 

-Бусад орны хүүхдүүдтэй харьцахад монгол хүүхдүүд юугаараа давуу байна вэ?

-Миний хувьд хөтөлбөр эхлэхээс өмнө монгол хүүх­дүүдийнхээ англи хэлний чадварт их санаа зовж байсан. Гэтэл хөтөлбөр эхлэхэд манай хүүхдүүд аль ч орны хүүхдээс дутахгүй байсан. Монгол хүүхдүүд их идэвхтэй, уралдаж ярина, хэзээ ч цаас харж, бичсэнээ уншиж ярьдаггүй, яг л бодсон санаснаа шууд илэрхийлнэ. Гэтэл солонгос хүүхдүүд уншиж бичихдээ сайн, тухайн зүйлийг мэддэг мөртлөө заавал цаасан дээр бичээд, тэрийгээ уншдаг байсан. Энэ бол Солонгосын боловсролын нэг дутагдал юм даа. Тэр тал дээр манай хүүхдүүд илүү давуу ур чадвартай харагдаж байсан. Хөвсгөлийн хүүхдүүд маань солонгос хүүхдүүдтэй англи хэлээр харилцахдаа хотын хүүхдүүдээс илүү байсан. Тэрийг хараад “сурлагатай хүүхдүүдийн  хооронд хөдөө, хотын ялгаа огт байхгүй юм байна” гэж хувьдаа дүгнэсэн дээ. 

-Манай хүүхдүүдийн сул тал юу байв?

-Харьцуулахад, хичээл дээр үймүүлээд, их яриад, нэгийнхээ яриаг нөгөө нь тасалж ярих, ганцаараа удаан ярих гэх мэт хичээлийн явцад саад болж байгаа зүйлүүд ажиглагдсан л даа. Тэр нь миний бодлоор давуу тал, манай хүүхдүүд идэвхтэй байгаагийн шинж гэж үзэж байгаа. Солонгос хүүхдүүд маш эмх цэгцтэй байгаа нь давуу тал боловч нөгөө талаараа биеэ барьсан, хайрцаглагдсан байгаа нь ажиглагдсан л даа. Тэгэхээр ямар өнцгөөс яаж харахаасаа л хамаарна.  Солонгост болсон соёлын хөтөлбөр дээр өөр орны хүүхдүүдтэй зэрэгцүүлээд харахаар бас нэг зүйл шууд нүдэнд тусаж байна лээ. Яг үнэнийг хэлэхэд манай хүүхдүүд маш замбараагүй, их дураараа, юмыг өөрийнхөө шийдсэнээрээ, бодсоноороо л хийдэг, түүнээс “Би яг ямар орчинд байгаа билээ, бусад хүмүүс яах билээ” гэдгийг боддоггүй нь анзаарагдсан. Монгол хүүхдүүдийн хувьд өөрийнх нь тав тух, хиймээр байгаа зүйл л чухал.

Гэтэл Хавайн хүүхдүүд, америкийн боловсролын онцлог байх л даа, маш буурь суурьтай, судалгаатай, өөрийгөө бүрэн бэлдэж ирдэг юм билээ. Жишээ нь ирэхийн өмнө Солонгосын бүх юмыг судалчихсан байгаа юм. Хоол, ёс заншил, солонгос хүүхдүүдийн дунд эрэгтэй, эмэгтэйн ялгаа ихтэй гэдгийг хүртэл мэдчихсэн, хувцсаа хүртэл сонгож ирсэн байсан. Зуны 8-р сарын халуунд бүгд өмдтэй ирсэн.

Монгол хүүхдүүд бол эрээн мяраан янз бүрийн хувцас, охид бараг турсик шиг жижигхэн шорт өмсөж байсан. Оюутны байранд байрлаад тав хоноод гарахад солонгос багш нар намайг дуудаж харуулсан. Монгол хүүхдүүд ороо хураагаагүй, хогоо цэвэрлээгүй, өмссөн углаашаа  явахдаа тайлсан яг тэр газартаа шидчихсэн байсан. Гэтэл америк хүүхдүүд их эмх цэгцтэй, бүх хогоо цэвэрлээд, ороо хураагаад, анх ирэхэд ямар байсан яг тэр хэвээр үлдээсэн байлаа. Тэр үед солонгос багш нар надад “Монгол хүүхдүүд хэт чөлөөтэй, замбараагүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдээ өмөөрөөд “манайх их эрх чөлөөтэй орон. Тийм болохоор манай хүүхдүүд ийм өөрийнхөөрөө байгаа” гэж хэлсэн чинь “Америк бол Монголоос илүү чөлөөтэй орон уу гэхээс дутуу биш ээ.  Америк хүүхдүүд ийм цэгцтэй байна. Ямар ч шорт өмссөн хүүхэд алга. Хөвгүүдийн сургууль дээр очиход монгол охид шиг шорт өмсөөгүй” гэсэн. Энэ мэтийн хэлээд хэлээд богино хугацаанд засагдахгүй дутагдлуудыг солонгос багш нар анзаарсан байна лээ. Эргээд бодоход, энэ бол хүүхдүүдийн буруу биш. Манай эцэг эхчүүд, сургуулиуд ийм зүйлийг хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй юм байна. “Хаана очиж байгаагаасаа хамаараад хувцсаа сонгож бай, уулзаж байгаа хүмүүсээ судалж бай,  манайхаас өөр орны хүмүүсийн ёс заншил ямар байхыг мэдчихээд харьцаж бай” гэж заадаггүй юм байна.

Монгол хүүхдүүд нүүрэмгий, сэргэлэн юм уу гэхээр яг чухал юманд тулж оролцох болохоороо, санамсаргүй тохиолдлоор сонгоод оруулахаар нэлээн хэсэг нь ичимхий байх магадлалтай тал бас ажиглагдсан. Энэ бол нүүр тулж уулзах үед ажиглагдаж байгаа зүйл шүү. Харин онлайн сургалт дээр тэс өөр байдаг.

-Монгол хүүхдүүд ичимхий гэж үү?

-Ичимхий гэхээсээ халгаж бэрхшээдэг, эмээдэг гэх юм уу даа. Америк хүүхдүүд тийм чамбай, өөртөө итгэлтэй, солонгос хүүхдүүд тийм үндсэрхэг, өөрийн гэсэн бахархалтай байсантай харьцуулахад л ингэж харагдаж байгаа хэрэг. Би хувьдаа “хувь хүний зан чанар гэхээсээ  илүү жижиг гүрний иргэдийн нийтлэг зан төлөв харагдаж байна даа” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл манай хүүхдүүдэд үндэс угсаагаараа, соёл түүхээрээ бахархах бахархал алга байна, эцэг эхчүүд, сургуулиуд энэ тал дээр ажиллах шаардлагатай байна. 

-Та бүхэн цаашдаа үйл ажиллагаагаа хэрхэн төлөвлөж байна?

-Нэгэнт дэлхийн улс орнуудад бөөнөөр цугларахыг хязгаарлах нь түгээмэл байгаа болохоор тус тусдаа, гар утас, нөүтбүүкнээсээ харьцдаг агуулга, контентуудыг түлхүү өгөх бодолтой байна. Багш нартай уулзаад ярилцахад, ковидын үед ямар хүүхэд хамгийн сайн боловсорч байна, сурлага хичээлээ алдахгүй явж байна гэдэг нь тухайн хүүхдийн  өөрийнх нь сахилга батаас хамаарч байна гэдгийг сая анзаарлаа. Багш нарын ярьж байгаагаар, хувийн сахилга баттай хүүхдүүд хичээлээс огт хоцрохгүй байна. Харин хэлүүлдэг, чичлүүлдэг хүүхдүүд юу ч сурахгүй, орхигдож байгаа тал ажиглагдсан. Тэгэхээр Ковидын үеийн боловсролын чанарт сургалтын агуулгаас илүү хувь хүүхдийн өөрийнх нь сахилга бат нөлөөлж байна гэж  харж байна. Эцэг эхчүүд бидний зайлшгүй анхаарах ёстой зүйл тодроод ирж байгаа нь энэ л дээ.

Хүүхдийг яаж сахилга баттай болгох вэ, өөрийнхөө төлөвлөгөөг өөрөө яаж гаргадаг болох вэ, төлөвлөснөө хэрхэн төлөвлөснийхөө дагуу гүйцэтгэдэг болох вэ, гүйцэтгэлээ яг өөрөө юм уу гадны нөлөөгөөр яаж хянах вэ гэдэгт бид анхаарахгүй бол болохгүй нь. Ингэж чаддаг хүүхдүүд л Ковидын үед цахим, теле хичээлийн давуу талыг ашиглаад хичээлээс хоцорчихгүй  яваад байна. Зайн сургалт, цахим хичээлийн сул тал гээд яриад байгаа боловч яг амьдрал дээр бол хичээлийнх агуулга сул гэхээсээ илүү хүлээж авч байгаа хүүхдийнх нь сул тал байх магадлалтай байна.

-Сонирхолтой дүгнэлт байна шүү. Тэгэхээр бид энэ тал дээр л анхаарч ажиллах ёстой болох нь ээ...

-Тийм ээ. Цаашдаа Ковид шиг хязгаарлагдмал нөхцөл байдал үүсэх  магадлал өндөр болж байгаа тохиолдолд эцэг эхчүүд, сургуулиуд эртнээс хүүхдээ бэлтгэж, өөртэйгээ ажилладаг чадвар дээр нь түлхүү ажиллах юм бол тэр хүүхэд өөрөө цахим ертөнцөөс өөртөө хэрэгтэй юмыг өөрөө олж аваад, сураад, өөрөө өөрийгөө дүгнээд явчихна. Тэгэхээр бид цахим хичээлийн агуулгадаа гэхээсээ илүү хүүхдэдээ анхаарах нь илүү чухал байна. Яагаад гэвэл цахим хичээлийн агуулга нээлттэй эх сурвалж дээр хангалттай их байна. Нэгэнт багш хүүхэд бүртэй биечлэн тулж харьцаж чадахгүйгээс хойш хүүхдийн өөрийнх нь чадвар дээр өрсөлдөөн гараад ирлээ. Энэ нөхцөлд сургалтын чанар, агуулга цэвэр хүүхдээс өөрөөс нь хамаарч байна. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ зорилготой, сахилгатай, өөрийн гэсэн зарчимтай, суралцах хандлагатай болгох талаар ажиллах шаардлагатай болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top