Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.12.01) аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болон коронавируст цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Уг цахим уулзалтад орон нутгийн удирдлагуудаас гадна Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар оролцов.
Засгийн газар болон Улсын онцгой комиссоос Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу орон нутгийн удирдлагууд иргэдээ татан авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх түр журмуудыг батлан хэрэгжүүлж эхэлжээ.
Ихэнх аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн байна. Одоогийн байдлаар аймгуудад дунджаар 6-12 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд өвс, тэжээлийн нөөц, санхүүжилтийн асуудалд УИХ, Засгийн газрын зүгээс анхаарч, улсын нөөцөд байгаа өнжмөл өвс, тэжээлийг худалдаанд гаргах, отор нүүдэл хийж байгаа малчдыг дэмжих шаардлагатай. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсөж байгааг цахим уулзалтын үеэр хэлж байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар дэг журмыг чандлан баримталж, өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчдадаа аль аль талдаа анхаарал тавьж, хамтран ажиллахыг уриалав.
Мөн энэ удаагийн цахим уулзалтаар Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, ИТХ-ын дарга нарын саналыг сонссон юм. Улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлэх энэ хуулийн төслийг орон нутгийн удирдлагуудаар дахин хэлэлцүүлж, саналыг нь тусгаж ажиллана. Түүнчлэн аливаа хуулийн төслийг хэлэлцэхдээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан ард иргэдийн саналыг авч, хуульд тусгадаг болох шинэ жишгийг нэвтрүүлж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )