Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зурагт нийт нутгийн 40 гаруй хувьд их (нэн их 6.0 хувь, их 30,4 хувь), 30 орчим хувьд нь (28.2 хувь) дунд зэрэг эрсдэлтэй байгааг мэдээлжээ.
Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их зэрэглэлтэй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр нутгаар өвөл, хавар цаг агаар хүндрэх нөхцөл бүрджээ.
Иймээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.12.02) Баянхонгор аймгийн сум, багийн удирдлагуудтай өвөлжилтийн нөхцөл байдлын талаар цахим уулзалт хийлээ. Уулзалтад Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан оролцож, мэдээлэл өгсөн юм.
Өнгөрсөн зун гантай байсан Баянхонгор аймгийн нутгаар өвс ургамлын гарц муу, га-гийн ургац бага, бэлчээрийн даац хэтэрсэн, малын тарга хүч муу, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ хомс, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг нэмж байгааг сумын удирдлагууд хэлж байна.
Энэ жил ихэнх сумдад зуншлага оройтсон, одоогоор нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, дунджаар 5-10 см, хонхор жалга газарт 20-60 см хүртэл зузаан цастай байгаа аж.
Нийт сумдад өвс, тэжээлийн хомсдол үүсжээ. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсөж, шуудай нь 22-23 мянган төгрөгт хүрснийг сумын удирдлагууд цахим уулзалтын үеэр хэлж байлаа.
Салбарын сайдын өгсөн мэдээллээр улсын нөөцөд байгаа өнжмөл өвсийг Баянхонгор аймгийн сумдад үнэ төлбөргүй олгох, харин нөөцийн өвсний үнийг 50 хувь хөнгөлөх асуудлыг ярилцаж байгаа аж. Өвс тэжээлийн үнийг тогтворжуулах, бууруулах үүднээс дотоодын болон импортын бүтээгдэхүүний гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай өвс, тэжээлийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг ярилцаж байна гэлээ.
Тус яамнаас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 6 аймагт 40 мянган тонн экспортын мах бэлтгэх тусгай эрхийг 14 аж ахуйн нэгжид олгосон байна. Одоогийн байдлаар 16.5 мянган тонныг бэлджээ. Салбарын яамнаас экспортод гаргах хугацааг сунгах талаар дэмжлэг үзүүлэх бөгөөд орон нутгийн удирдлагууд мах бэлтгэлийн ажилд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулсан юм.
Засгийн газраас отор нүүдлийн асуудлыг зохицуулж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөр отор нүүдлийг хаах шийдвэр гаргасан байна. Иймээс отроор очсон малчдад тухайн сумын удирдлагууд дэмжлэг үзүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхийг салбарын сайд хэллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ихэнх нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэл нэгэнт үүссэн, цар тахлын нөхцөл байдал, зудын эрсдэл иргэдэд давхар шок үүсгэж байгаад онцгой анхаарч, орон нутгийн удирдлагууд мах бэлтгэл, өвс тэжээлийн нөөцийг бэлтгэх, хуваарилах оновчтой зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн аймаг, сумдын удирдлагуудын хүсэлтийн дагуу өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, зайлшгүй шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлнэ гэдгээ хэллээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )