УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж, зарим асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжсэн байна. Мөн тус бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим нэр томьёог засч хуульд нийцүүлэх санал гаргасан байна. Мөн “Санал өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр спорт, урлагийн тоглолт бусад бооцоот сугалаат арга хэмжээ явуулахгүй. Сонгогчийн нэрсийн жагсаалт дахь мэдээллээ иргэн шалгаж, өөрийн оршин суугаа хаяг дээрх сонгуулийн насны гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг хянах боломжоор хангана” гэх заалтууд болон “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байгаа иргэнд энэ хуулийн 57.10 дахь хэсэгт заасан этгээдүүд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэдэг заалт нэмэх зэрэг санал оруулжээ.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцсэн байна. Ингээд тус бүлгийн гишүүд ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэдэг дээр нэгджээ.
Ерөнхийлөгчийн хувьд төсөвт хориг тавихдаа “Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах”, “Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр олгох”, “Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах”, “Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой” гэж үзсэн байдаг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
uu chiij giiguulsen ene zasgiin gazar !, choosroodol , mongogui tegeed ulam daramtlachaa zogsoo. Ter mongiig ard irgeddee taraaj ogoch estoi.Ter luivarchin Churelbaarar zailj uz!!