Украинд эрсдэлт бүлгийнхнийг вакцинд үнэгүй хамруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 05

Украины Эрүүл мэндийн сайд Максим Степанов «Украина» сувагт ярихдаа эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа 20 сая иргэнийг COVID-19-ийн эсрэг вакцинд үнэгүй хамруулах ёстой гэжээ. 

"Эрсдэлт бүлгийнхэнд улсын төсвөөс мөнгө гаргаж вакцин хийнэ. Ойролцоогоор 20 сая хүн байгаа" гэжээ. Эрсдэлт бүлгийн хүмүүст 60-аас дээш насны, өвчтэй хүмүүс багтаж байгаа аж. Тэднийг улсын төсвөөс вакцинжуулах нь зөв шийдвэр болно гэж Украины Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. 

Украинд хоногт 15131 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт халдварын тоо 787891 болжээ. 

Тэгвэл ОХУ-д ирэх долоо хоногт вакцинжуулалт эхлүүлэхийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин даалгажээ. Хойд хөршид эхний ээлжинд эмч, багш нарыг вакцинд хамруулах аж. Вакцинжуулалт үнэ төлбөргүй бөгөөд сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. 

Орост ойрын хугацаанд хоёр сая гаруй тун вакцин үйлдвэрлэх талаар Путин мэдэгджээ. Тэрбээр “Дэлхийд хамгийн түрүүнд бүртгэгдсэн “Спутник V” вакцины хоёр сая тун манайд аль хэдийн үйлдвэрлэгдсэнийг мэдэж байгаа. Ойрын өдрүүдэд дахин ийм хэмжээний тунг үйлдвэрлэх болно” гэжээ.

 

Top